2023 оны 06 дугаар сарын 30-нд хүн амын дунд “НАРИЙНТАХ ӨВЧИН” гэж нэрлэгддэг Ходоодны хорт хавдрын ОЛОН-ТАЛТ эмчилгээний талаарх 4 дэх удаагийн хурал амжилттай болж өндөрлөлөө.
Тус хуралд Олон Улсын Ходоодны Хорт Хавдрын Нийгэмлэгийн Нарийн бичгийн дарга, нэрт мэс засалч, профессор Хан-Кван Янг хүрэлцэн ирж “Хамтын ажиллагааны хүч: Ходоодны хорт хавдрын эсрэг Монгол Солонгос хэрхэн хамтран ажиллаж болох вэ?” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлэн өөрийн туршлагаасаа хуваалцлаа.
Монголын талаас ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн удирдагч, Монголын Ходоодны Хавдрын Нийгэмлэгийн ерөнхийлөгч, анагаах ухааны доктор, профессор Я.Эрдэнэ-Очир, Интермед эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, Монголын Ходоодны Хавдрын Нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Ц.Энх-Амгалан нар болон бусад эмч нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.
“Ирээдүйг хамтран цогцлооё” уриан доор болж өнгөрсөн тус хурлын гол онцлог нь Монголын Гастро-энтерологийн Холбооны ээлжит DDW-2023 хуралтай хамт зохион байгуулсан явдал бөгөөд энэ нь манай улсын хоёр өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмч нарын холбоод хамтран зохион байгуулагчаар оролцсон анхны тохиолдол болсон юм.