Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Артерийн даралт (АД) гэж юу вэ?
Нийтэлсэн огноо: 2021-02-16

Интермед эмнэлгийн зүрх судасны эмч зөвлөж байна.

Артерийн даралт (АД) гэж юу вэ?

Артерийн даралт гэж артерийн хананы дотор хананд үүсч буй цусны даралтыг хэлдэг. Артерийн судаснууд нь цусыг зүрхнээс эд эрхтэн рүү зөөвөрлөдөг. Артерийн даралтыг систолын ба диастолын даралтаар тодорхойлдог. Систолын буюу агшилтын даралт (СД) нь зүрх агших үед, диастолын буюу сулралын даралт (ДД) нь зүрх суларч амрах үед артерийн судсанд үүсч буй даралтаар тодорхойлогддог.

Артерийн даралт ихсэлт буюу артерийн гипертензи (АГ) гэж юу вэ?

  • Артерийн гипертензи гэдэг нь артерийн даралт ихсэлтийн эмнэлгийн нэршил юм.
  • Хэвийн АД гэдэг нь даралт 120/80 буюу түүнээс бага байхыг хэлнэ.
  • Хэрэв АД 130/80 ммМУБ буюу түүнээс их байвал артерийн даралт ихсэлттэй гэж үздэг.

Даралт ихсэлттэй гэдгээ мэдэх нь яагаад чухал байдаг вэ?

Артерийн даралт хэт өндөр байх нь зүрх болон судсанд ачаалал өгч улмаар бай эрхтний (зүрх, тархи, бөөр, нүд, захын судас г.м) гэмтэлд хүргэдэг. Систолын даралт 20 ммМУБ-аар, диастолын даралт 10 ммМУБ-аар нэмэгдэхэд зүрхний өвчин, тархинд харвалт өвчнөөр нас барах эрсдэл 2 дахин ихэсдэг. Иймд, хэрэв АД ихсэлтээ эмчлэхгүй, хянахгүй байвал эцэстээ зүрхний шигдээс, тархины харвалт, зүрх болон бөөрний дутагдал болох эрсдэлд өртдөг байна.

Артерийн даралт ихсэхэд ямар шинж тэмдгүүд илрэх вэ?

АД ихсэлт нь ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг учир даралт ихсэлттэйгээ мэдэх хамгийн гол арга бол даралтаа хэмжиж үзэх явдал юм.

Зарим тохиолдолд толгой өвдөх, хүзүү чилэх, нүдний ухархайгаар өвдөх, нүд бүрэлзэх г.м шинжүүд илэрч болно. Хэрэв АД хэт ихсэх (180/120 мм МУБ-аас их болох), хөл гар сулрах, дотор муухайрч бөөлжих, ухаан балартах, хэл ээдрэх, цээжээр хүчтэй өвдөх г.м шинжүүд илэрвэл эдгээр нь АД хэт ихэссэнээс үүдэлтэй бай эрхтний гэмтэл үүссэний илэрхийлэл байж болзошгүй тул яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.

Артерийн даралтыг ихэсгэхэд хүргэж, зүрх судасны өвчний хүндрэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг тодорхой хүчин зүйлс бий. Тухайлбал:

  • Насжилт: нас ахих тусам амьдралын буруу хэв маягийн нөлөө нэмэгдсээр даралт ихэсдэг
  • Удамшил: хэрэв таны эцэг, эх АД-тэй бол танд ч мөн АД үүсэх эрсдэл нэмэгддэг.

Артерийн даралт ихсэлтийг гэрийн нөхцөлд хянах нь ямар ач холбогдолтой вэ?

Та, гэрийн нөхцөлд өөрөө АД-аа зөв бөгөөд тогтмол хэмжиж дадах нь даралт бууруулах эмчилгээний үр дүнг хянах, эмчилгээний дэглэм барилтыг сайжруулах чухал ач холбогдолтой. Зарим хүмүүс эмнэлгийн орчинд ирэхээр даралт нь өсдөг тул гэрийн нөхцөлд АД-ыг хэмжих нь цагаан халадны даралт гэж нэрлэгддэг хуурамч даралт ихсэлтээс сэргийлж, даралтын бодит хэмжээг тогтоох боломжийг олгодог. Даралтын зураглалыг зөв гаргаснаар даралт бууруулах эмийн тунг зөв тохируулж, шаардлагагүй эмийн хэрэглээнээс болон эмийн тунг хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлэх боломжтой болдог.

Хэрэв та Интермед эмнэлгийн зүрх судасны эмчээс нэмэлт зөвлөгөө авахыг хүсвэл ☎ 7701-1111 дугаараар холбогдоорой.

 

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+