Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Хамрын цацлага байнга хэрэглэх нь зовиураа даамжруулж байгаа хэрэг
Д.Сарантуяа: Хамрын цацлага байнга хэрэглэх нь зовиураа даамжруулж байгаа хэрэг

““Интермед” эмнэлгийн чих, хамар, хоолойн Тэргүүлэх зэргийн эмч, АУ-ны магистр Д.Сарантуяатай ярилцлаа.

-Хамар байнга битүү явах нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Хамар битүүрнэ гэдэг бүтэн амьсгалж чадахгүй байна л гэсэн үг шүү дээ. Жишээ нь шөнө хамар битүү хоновол хүчилтөрөгчийн хангамж муудна. Үүний нөлөөгөөр тухайн хүний толгой маргааш нь өвддөг. Түүнийгээ дагаад ажлын бүтээмж муудна, ядарч сульдана, цаашлаад нөгөө дайвар хөндийн үрэвслүүд үүсэх шалтгаан болох гээд олон урхагтай. Тиймээс л яг ямар шалтгаанаас хамар битүүрч байгааг эрт оношлуулах нь чухал.

-Хамар битүүрдгээс болж байнга цацлага хэрэглээд заншчихсан хүмүүс байдаг. Үүний үр дагавар, гаж нөлөө гэж бий юу?

-Манай орны уур амьсгал хуурай, эрс тэс, ширүүн учраас хамар хоолойн өвчлөл элбэг. Сүүлийн үед харшлын гаралтай хамар битүүрэлт ихсэх хандлагатай болчихлоо. Бага насны хүүхдүүдэд ч элбэг тохиолдож байна.

Зарим хүмүүс хамрын цацлагыг урт хугацаагаар байнга хэрэглэдэг. Гэтэл ингэж хэрэглэх нь тухайн үедээ шинж тэмдгээ дарах боловч эргээд хамрын салстыг улам цочромтгой болгож байна. Учир нь удаан хугацаагаар буруу хэрэглэж байгаа эмийнхээ гаралтай хамар битүүрэлт давхар үүсчихдэг юм.

Иймээс хамрын цацлагыг 10–аас дээш хоногоор хэрэглэх хэрэггүйг зөвлөе. Харин эмчид үзүүлж эхлээд зөв эмийн эмчилгээ хийлгэх ёстой. Хэрэв эмийн эмчилгээ үр дүнгүй бол төгс эмчлэх зорилгоор мэс ажилбар, мэс заслын арга руу шилждэг.

Мэс ажилбараар хэт хөөж томорсон самалдагийн салстыг түлэх, мэс заслын аргаар самалдагийг жижгэрүүлж тайрдаг. Үүнээс гадна хамрын таславчийн мурийлт тэгшлэх, хоргүй ба хортой хавдар урыг тайрч авах хагалгаануудыг хийдэг.

-Хамар байнга битүүрдэг хүмүүс байдаг. Ихэвчлэн ямар шалтгаантай байдаг вэ?

– Хааяа хэт халуун үед, ханиад шуухинаатай үед цөөн хоногоор хамар битүүрээд хэвийн болох нь эрүүл хүмүүст ч тохиолдох зүйл. Харин хамар удаан хугацаагаар битүүрэх нь хамрын өвчний нэг шинж тэмдэг.

Ерөнхийдөө хамрын эмгэг битүүрэлт нь дараах шалтгаануудтай.

1-рт: Хамрын салст бүрхэвчийн эмгэгүүдийн улмаас үүснэ.

Үүнд харшил ба харшлын бус шалтгаант хамрын хөндийн салстын үрэвсэл, хамрын дайвар хөндийнүүдийн салст бүрхэвчийн үрэвслүүд, хамрын полип, вегенерийн өвчин, өвөрмөц халдварууд тухайлбал ДОХ, тэмбүү, сүрьеэ гэх мэт өвчний үед тохиолдоно. Мөн зарим эмийн нөлөөгөөр хамрын салст үрэвсэж шархлан самалдгууд хавагнаж томорсноос ч шалтгаалах нь бий.

2-рт: Хамрын бүтцийн өөрчлөлтийн улмаас битүүрдэг.

Үүнд нармай битүү төрөх гэх мэт төрөлхийн гажгууд нөлөөлдөг. Мөн нармайн гүйлсны томролт, гадны биет хамарт орох, хамрын таславчийн мурийлт, хамрын үүдэвчийн эмгэгүүд, хоргүй ба хортой хавдар гэх мэт олон шалтгааны улмаас хамрын хөндийн амьсгалах зай багассанаас хамар битүүрнэ.

Тиймээс чухам ямар шалтгаанаар битүүрч байгааг нь мэргэжлийн эмчид үзүүлж зөв оношлуулах шаардлагатай. Эмчид үзүүлж нарийн мэргэжлийн үзлэг хийлгэн шалтгааныг нь шинжилгээнүүд өгөх ёстой. Жишээ нь цусны шинжилгээ, рентген зураг, компьютерт томографик гэх мэт нэмэлт шинжилгээг хийдэг. Ингэж зөв оношилгоо хийлгэж байж л зөв эмчлүүлнэ.

Гайгүй байх гээд хамрын дусаалга дусаагаад яваа хүн бол зовиураа даамжруулж байгаа хэрэг. Ингэж удаан явснаас хожим хүндэрдэг тохиолдол гардаг.

-Хамрын хөндийд ургацаг ургах нь ямар шалтгаантай вэ?

-Ихэвчлэн харшил ба архаг үрэвслийн шалтгаантай гэж үздэг. Гэхдээ шалтгаан нь одоогоор бүрэн батлагдаагүй. Ургацаг жижгэвтэр хэмжээтэй байвал эхний ээлжид үе шаттай эмийн эмчилгээ хийдэг. Хэрэв жижигрэхгүй эсвэл хэмжээ томтой бол хамрын дурангийн хагалгаа хийлгэх шаардлагатай. Зарим хүмүүст энэ төрлийн хагалгаа хийсэн ч ургацаг нь дахиад давтан ургадаг. Ер нь ургацаг өөрөө төвөгтэй асуудал.

-Сүүлийн үед гайморит нэлээн яригдах болсон. Гаймориттай гэдгээ яаж мэдэх вэ?

-Хамрын дайвар хөндийнүүдийн салст бүрхэвчийн үрэвсэл синуситыг манайхан гайморит гэж ярьдаг. Энэ өвчин дараах шинж тэмдгүүд илэрнэ.

Хамар битүүрэх, хамрын хөндийн шүүрэл буюу нус салсархаг биш өтгөн шар ногоон гарах, нүүрний ясаар чинэрэх, ам хамраас эвгүй үнэртэх, толгой өвдөх, шүд янгинах зэрэг шинж тэмдэг бий. Заримдаа халуурч, ханиалгах, чих дүүрэнгэ оргидог. Мөн архаг үрэвслийн үед амархан ядрамтгай болно. Синуситыг хугацаагаар нь хурц ба архаг гэж ангилдаг.

Хурц синусит буюу гайморит нь ихэвчлэн вирусийн гаралтай үүсгэгддэг. Хэрэв тухайн хүн дархлаа сайтай бол 7-10 хоногт хүчтэй эм тариа хэрэглэхгүйгээр шингэн сайн ууж, чанартай хоол унд хэрэглэхэд аяндаа эдгэнэ.

Дээр хэлсэн шинж тэмдэгүүдээс 2 буюу түүнээс дээш шинж тэмдэг илэрч, зовиур нь 7 ба түүнээс дээш хоногоор үргэлжлэвэл синусит буюу гайморит болсон байх магадлалтай учраас эмнэлэгт хандаарай.

Архаг синусит нь дээрх шинжүүд 12 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжлэхийг хэлдэг.

Ер нь 10-аас дээш хоног эдгэхгүй бол нэмж бактерийн халдвар авч архагших магадлалтай гэж үзээд эмчид хандах буруудахгүй шүү.

Харин дээрх шинжүүдээс байхаас гадна 38.9°C дээш халуурах, нүүр толгой маш хүчтэй өвдөх, гэнэт хараа өөрчлөгдөх, нүд орчмоор хавдаж улайх, хүзүү хөшингө оргих зэрэг нь өвчин хүндэрч байгаа ноцтой шинжүүд учраас маш яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.

-Энэ төрлийн өвчлөлөөс сэргийлэхийн тулд хүн хамраа хэрхэн угаах хэрэгтэй вэ?

-Хүний хамрын хөндийн салст бүрхэвч нь хүний биед тун хэрэгтэй эд. Гаднаас орж ирж байгаа хүйтэн агаарыг бүлээсгэх, цэвэрлэх, элдэв бактери вирусийг устгаж хамгаалах чухал тогтолцоо юм.

Иймээс хэвийн, ямар ч зовиургүй үед хамраа заавал угаах гэх мэтээр цэвэрлээд байх шаардлагагүй. Зүгээр л нийж цэвэрлэхэд хангалттай.

Харшилтай үед хамраа цэвэрлэх, хоолойгоо өвдөхөөс сэргийлэх сулхан давсны уусмалын жор:

Харшилтай эсвэл хамрын хөндийд үрэвсэлтэй үед угааж цэвэрлэх нь ач холбогдолтой. Сүүлийн үед хамар угаадаг зориулалтын сав, давсны хамт зарагдах болжээ. Энэ нь хэрэглэхэд хялбар байдаг. Мөн гэртээ өөрсдөө сулхан давсны уусмал бэлдээд угаасан ч болно. Бидний мэдэх жамц давсны уусмал тун тохиромжтой. Уусмалыг бэлдэхийн тулд 1 л буцалсан бүлээн усан дээр 1 цайны халбага жамц давс хийж найруулна.

Жамц давс байхгүй бол 1л усан дээр 1 цайны халбага хүнсний сода хийж найруулаад зориулалтын саванд хийгээд угаагаарай. Бас сулхан давстай усаар өглөө оройдоо хоолойгоо зайлах нь хоолой өвдүүлэхгүй байх хамгийн энгийн мөртлөө үр дүнтэй арга. Хүүхдүүддээ өвлийн улиралд оройдоо ийм аргаар хоолойг нь зайлуулаад сургаарай гэж эцэг эхчүүдэд зөвлөе.

-Чих хамар хоолой холбоотой эрхтэн гэгддэг учраас чихний талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Сүүлийн үед чихний ямар өвчлөл нэмэгдэж байна вэ?

-Мэдээж олон асуудал бий. Гэхдээ онцгойлон анхааруулахыг хүсэж байгаа зүйл бол чихэвчний асуудал. Сүүлийн үед хүүхэд залуучууд чихэвчийг буруу хэрэглэж аажимдаа дүлийрэл үүсэх аюулд ороод байна.

Чихэвчийг нэг удаад 30 минутаас хэтрүүлэхгүй, дууны чанга сулын хүчийг 50 хувиас хэтрүүлэхгүйгээр сонсохыг зөвлөдөг. Гэтэл гудамжинд зөрөөд өнгөрөхөд чихэвчний хөгжмийн дуу нь хажууд хүнд сонсогдтол чанга дээрээ сонсдог хүүхэд залуус цөөнгүй. Мөн рок тоглолт, диско клубуудын хэт чанга дуу чимээ ч үүнд хамаарагдана.

-Чихэвчээс хамааран сонсголгүй болох уу. Сонсгол муудаж байгаагаа анзаарах энгийн аргаас зөвлөхгүй юу?

-Чихэвчны дууны хүчийг хамгийн өндөр дээр сонсоход хүч нь 100-120 децибел байдаг. Зүйрлэвэл хүнд үйлдвэрийн эсвэл тийрэлтэт онгоц хөөрөх үеийн дуу чимээтэй тэнцэхүйц хүчтэй дууны долгион гэсэн үг шүү дээ. Тиймээс чихэвчийг байнга хэт чанга сонсох нь дотор чихний сонсголын мэдрэлийн эсүүдийг үхүүлж, алсдаа сонсгол буурч дүлийрэх том шалтгаан болдог.

Өнөөдөр шууд сонсголд огцом нөлөөлөхгүй. Гэвч аажим аажмаар дүлийрэл үүсэх аюултай учраас л залуустаа чихэвч сонсохдоо дээр хэлсэн зөвлөмжийг дагахыг хүслээ. Хүүхэд байхаас л хүн сайн сонсдог байж сэтгэхүй хөгжиж, нийгэмтэй харьцдаг учраас сонсголоо хайрлах ёстой.

Зурагтынхаа дууг өмнө нь сонсдогоосоо нэмээд л байвал сонсголоо нэг шалгуулах хэрэгтэй шүү.

-Хэдэн наснаас сонсгол буурдаг вэ?

-35 наснаас хүний сонсгол ерөнхийдөө аажмаар буурч эхэлдэг. Гэхдээ ямар нөхцөлд ажиллаж, амьдарч байсан, ямар өвчнөөр өвдөж, ямар эм тариа хэрэглэсэн эсэхээс хамаараад хүн болгонд сонсгол бууралт өөр л дөө. Урьдчилан сэргийлэх л чухал.

Санаандгүй гэмтлүүд, хамар битүүрэх, хоолой өвдөх ч чихний өвчний шалтгаан болдог. Ялангуяа хүүхдийн хамар хоолой эрүүл байх нь алсдаа сонсгол бууралтаас мөн л сэргийлж байна гэсэн үг. Тиймээс хүүхдийн чих хамар хоолойн өвчнийг ужигруулахгүйгээр эмнэлэгт хандаарай. Мөн жирэмсэн ээжүүдийн эрүүл мэнд, эрүүл ахуй ч ирээдүйд төрөх хүүхдийн сонсголын асуудалтай холбоотой.

-Нэгэнт сонсголоо алдвал буцаад сэргээх боломжтой юу?

-Дунд чихний хурц ба архаг үрэвслийн үед хэнгэрэг цоорч булаг гоожих нь сонсгол буурах нэг шалтгаан юм. Сонсгол нь дунд чихний үрэвслийн хамааралтай бол цаг алдалгүй хийх зөв эмчилгээ хийж хамгаалж болно.

Зөв эмчилгээ гэдэгт эмийн, мэс заслын эмчилгээний зөв тактик аль аль нь багтана.

Хэрэв хортой эм тарианаас шалтгаалж дотор чихний дунгийн хэсэг дэх сонсох мэдрэлийн эс гэмтэж сонсгол буурсан бол буцааж сэргээх боломжгүй.

Учир нь нэгэнт гэмтсэн дотор чихний сонсголын тэр хэсэг эсүүд эргэж сэргэдэггүй онцлогтой. Ийм тохиолдолд байгаа түвшний сонсголоо хамгаалж байх нь чухал. Шаардлагатай үед сонсголын аппарат тааруулж хэрэглэх хэрэгтэй.

-Хүмүүст сануулж хэлэх зүйл байна уу?

-Гудамж талбайд нус цэрээ ил задгай хаядаг хүмүүс цөөнгүй харагддаг. Өвчтэй үед тэр шүүрлүүдэд янз бүрийн өвчин үүсгэгч вирус, бактер,савханцар агуулагдаж орчинд шууд тархаж байгаа шүү дээ. Тийм учраас энэ асуудал дээр соёлтой хандаасай гэж хүсдэг.

Өвдсөн, ханиадтай үедээ амны хаалт зүүж, ам хамраа арчих арчууртай явж сурах нь энгийн боловч хамгийн зөв дадал юм шүү.

Улиралдаа тохируулж зөв хувцаслахад мөн анхаараарай. Нарны гэрэл, цэвэр агаар, хөдөлгөөн дасгал , зөв хооллолт, стрессгүй байх, гараа угаахаас эхлээд зөв хэвшүүлсэн эрүүл ахуйн зөв дадал хэвшлүүд бүгд бидний өвчинтэй тэмцэх дархлааны сайн найзууд шүү.

Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

 

Эх сурвалж: Peak.mn

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба

Яаралтай тусламж, Дүрс оношилгоо 24 цагаар ажиллаж байна
Шуурхай холбоос