Дэлхийн тамхигүй өдрийг ДЭМБ-ын гишүүн орнууд тамхины хор уршгийг олон нийтэд сурталчлах, тамхины хэрэглээг бууруулах зорилгоор жил бүрийн тавдугаар сарын 31-нд зохион байгуулдаг.
Тэгвэл тус өдөртэй холбогдуулан тамхинаас гарахыг дэмжих хөтөлбөртэй эмнэлэг болох Интермед эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн төвийн эмч,тамхинаас гарахыг дэмжих хөтөлбөрийн зохицуулагч Ч.Нүрмаамаамаатай хөтөлбөрийн талаар ярилцлаа.
– Танай эмнэлэг тамхинаас гарахыг дэмжих хөтөлбөртэй гэхээр сонирхол татаж байна.
– Бид эмнэлгээ тамхигүй орчин байлгах зорилготойгоор ажилчид эмчлүүлэгчдийнхээ дунд тамхинаас гарах хөтөлбөрийг анх 2016 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Энэ жил бид хөтөлбөрийнхөө хүрээнд “Уушгиа хайрлая” гэх уриалгыг олон нийтэд гаргаж Улаанбаатар марафонд хамт олноороо оролцох гэж байна.
2022 онд Интермед эмнэлгийн ажилчдын дунд явагдсан тамхины хэрэглээний судалгаагаар нийт судалгаанд оролцогчдын 73 хувь нь тамхи татдаггүй, 10 хувь нь татаж байгаад гарсан гэх хариу өгсөн бол тамхи татдаг оролцогчдын 85 хувь нь цааш тамхинаас гарах хүсэл сонирхолтой гэж хариулсан ба тамхигүй хамт олон болохоор зорьжээ.
– Эмчлүүлж байгаа хүмүүстээ бас тамхинаас гарах эмчилгээ хийдэг гэсэн үг үү?
– Бид хэвтэн эмчлүүлж байгаа тамхи татдаг эмчлүүлэгчдээ тамхи татсан хугацаа, никотиных нь хамаарлаас шалтгаалаад никотин орлуулах наалт болон эмийн эмчилгээг хийдэг. Мэс засалд ороод удаан хугацаанд хэвтэх хэрэгтэй болсон тамхи татдаг эмчлүүлэгчдээ никотин орлуулах эмчилгээ хийх зайлшгүй шаардлага тулгардаг.
– Ихэнх тамхи татдаг хүмүүс өглөө сэрэнгүүтээ өлөн дээрээ тамхи татдаг зуршилтай байдаг.
– Никотин хамаарлын судалгаагаар өлөн үедээ тамхи татдаг хүмүүс илүү өндөр никотины хамааралтай байдаг бөгөөд ходоодны шарх, хавдар, уушгины хавдар зэргээр өвчлөх эрсдэл илүү байдаг. Тамхинаас гарахын тулд хамгийн чухал нь өөрийн тамхинаас гарах хүсэл бөгөөд тамхи татах зуршил үүсгэдэг зүйлсээсээ хол байх, эсвэл өөрчлөхийг хичээх хэрэгтэй. Жишээ нь хоол идсэний дараа тамхи татдаг бол тэр үед өөр ямар нэг хийх зүйл олбол сайн.
Тамхины хэрэглээ нь уушгины архаг бөглөрөлт өвчний үндсэн шалтгаан болдог байна. Энэ нь уушгины жижиг бүтцэд эргэшгүй өөрчлөлт өгч байгаа эмгэг бөгөөд тамхи татдаг хүний амьсгалын дутагдал татдаггүй хүнийхээс илүү өндөр байдаг аж.
Түүнчлэн 30-аас дээш жил тамхи татсан тохиолдолд уушгины фиброзжих эмгэг үүсэж эхэлдэг. Энэ нь ихэвчлэн 70-аас дээш насанд тохиолддог бөгөөд энэ эмгэгийн үед уушги солихоос өөр аргагүйд хүрдэг байна. Уушги солих хагалгаа хийдэг орнууд дэлхийд маш цөөхөн байдаг. Манай улсад КОВИД-19-ийн дараа уушги фиброзжих тохиолдлууд их гарч байжээ.