UpToDate – Нотолгоонд суурилсан анагаах ухаан
UpToDate бол дэлхий дахинд эмч мэргэжилтнүүдийн өргөнөөр ашигладаг хамгийн найдвартай нотолгоонд суурилсан эмнэлзүйн шийдвэр гаргахад туслагч мэдээллийн эх сурвалж юм. Интермед эмнэлэг 2012 оноос эхлэн АНУ-ын Wolters Kluwer компанийн харьяа энэхүү компанитай хамтын ажиллагааны гэрээг байгуулан ажиллаж, өдөр тутмын оношилгоо эмчилгээндээ тогтмол хэрэглэсээр ирлээ. Тус компанид 7400 гаруй шилдэг эмч, судлаачдын баг ажиллан, анагаах ухааны 420 орчим сэтгүүлд хэвлэгдэж буй хамгийн сүүлийн үеийн судалгааны ажлууд, эмнэлзүйн удирдамж зэргийг хянаж нэгтгэн, 11000 орчим эмнэлзүйн сэдвүүдийг тогтмол шинэчлэн баяжуулж эмч мэргэжилтнийг хамгийн сүүлийн үеийн мэдээллээр ханган ажилладаг. Мөн энэхүү сайтнаас эмнэлзүйн шийдвэр гаргахад туслах зорилгоор 37000 зураг, видео, график, эмийн харилцан үйлчлэлийг тооцох, үйлчлүүлэгчид эрүүл мэндийн боловсрол олгох гэсэн эмнэлгийн мэргэжилтнүүдэд зайлшгүй хэрэгцээтэй олон төрлийн мэдээллийг олж авах бололцоотой юм.
Эмнэлзүйн судалгаа шинжилгээ, технологийн асар хурдацтай хөгжлийн явцад өвчний оношилгоо эмчилгээний удирдамжууд байнга өөрчлөгдөж байдаг бөгөөд энэхүү цахим хэрэгслийн тусламжтайгаар бид дэлхийн эрүүл мэндийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байна.
UpToDate компаний харилцагчийн үйлчилгээний ажилтан Ginger Chang өнөөдөр тус эмнэлэг дээр ирж мэдээллийн эх сурвалжид нэмэгдсэн шинэ контентууд, хэрэглээнд анхаарах зүйлс, мөн тус эмнэлгийн сүүлийн 1 жилийн хэрэглээнд хийсэн дүн шинжилгээ зэргийг танилцууллаа.