Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Интермед эмнэлэг удахгүй SARS-COV-2 вирусийн “ДЕЛЬТА” хувилбарыг илрүүлэх шинжилгээ хийж эхэлнэ.
Нийтэлсэн огноо: 2021-08-20

“Интермед” эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр А.Дэлгэрмөрөнтэй ярилцлаа.

-Олон улсын стандартыг Монголд нэвтрүүлж буй “Интермед” эмнэлгийн лабораторийн тасгийн үйл ажиллагаа, онцлогийн талаар ярилцлагаа эхэлье?

Интермед эмнэлэг 2014 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2016 онд Монгол Улсад анх удаа эмнэлгийн тусламжийн чанар аюулгүй байдлын JCI магадлан итгэмжлэлийн шаардлагуудыг ханган итгэмжлэгдсэн. JCI итгэмжлэлийн 1000 орчим шалгуур үзүүлэлтээс 70 орчим нь зөвхөн лабораторийн үйл ажиллагааг үнэлдэг өвөрмөц үзүүлэлтүүд байдаг бөгөөд манай лаборатори эдгээрийг амжилттай биелүүлэн ажиллаж байна. Мөн лабораторийн тасаг 2019 онд эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаа, чанарын удирдлагын тогтолцооны дүрэм, шаардлагуудыг тусгасан “MNS ISO 15189:2015 ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАБОРАТОРИ-ЧАНАР БА ЧАДАВХИД ТАВИХ ШААРДЛАГА’’ стандартын шаардлагыг биелүүлэн итгэмжлэгдсэн байгаа. Лабораторийн тасаг нь гематологи, биохими, иммунологи, клиник хими, молекул биологи, микробиологи, эмгэг судлалын лабораторийг багтаадаг бөгөөд үйл ажиллагаандаа Японы “Sysmex”, “Sakura”, Швейцарын “Roche”, Германы “Leica”, Францын “Biomerieux” брэндийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна.

Жилийн 365 өдөр 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүний нөөцийн хувьд 6 эмч, 6 био-анагаахын мэргэжилтэн, 17 техникч ажилладаг.

Манай лаборатори нь БНСУ-ын Сөүлийн клиникийн лабораторитой хамтран ажилладаг бөгөөд Монголд хийгддэггүй 600 орчим нэр төрлийн шинжилгээг сорьц илгээн хийлгэдэг. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч нь зөвхөн лабораторийн шинжилгээ өгөх зорилгоор гадагшаа явах шаардлагагүй юм.

“Интермед” эмнэлгээс иргэд үргэлж шинэлэг үйлчилгээ хүлээдэг. Цар тахлын онцгой нөхцөлд тааруулан тодорхой үйл ажиллагаануудыг ч нэвтрүүлж байгаа. Тухайлбал, зөвхөн улсын эмнэлгүүдэд авч байсан коронавирусний шинжилгээг авч эхэлсэн, машинтайгаа шинжилгээ өгөх зэргийг хэлж болно?

Манай эмнэлэг нь хувийн эмнэлгийн лабораториудаас анх удаа КОВИД-19 халдварыг илрүүлэх ПГУ-ын (полимеразийн гинжин урвал) болон түргэвчилсэн шинжилгээ хийж эхэлсэн юм. KОВИД-19 халдварыг илрүүлэх үйл ажиллагааны хүрээнд бүртгэл, сорьц авах хэсэг, ПГУ болон түргэвчилсэн шинжилгээний мобайл (зөөврийн) лабораторийг эмнэлгийн гадна орчинд зохион байгуулан, машинаас буулгүй шинжилгээ өгөх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Ингэснээр үйлчлүүлэгч нь шинжилгээ өгөх зорилгоор эмнэлгийн орчинд нэвтрэхгүй, халдварын эрсдэл багатай үйлчилгээг авах боломжтой болсон, мөн эмнэлгийн ажилчдын дунд, эмнэлэг дотор халдвар тархах эрсдэлийг бууруулсан үр дүнтэй арга хэмжээ болсноор цар тахлын нөхцөл байдлын үед эмнэлгийн үйл ажиллагаа тасрахгүй үргэлжлэх чухал хүчин зүйл болсон.

Мөн КОВИД-19 халдварын үед илэрдэг коронавирусийн нуклеокапсидын эсрэг үүссэн эсрэгбие (Anti-SARS-CoV-2 N), сэртэнгийн уургийн эсрэг үүссэн эсрэгбие (Anti-SARS-CoV-2 S) гэсэн 2 төрлийн эсрэгбие илрүүлэх шинжилгээг хийж байна. Anti-SARS-CoV-2 N нь халдвар авсны дараа, эсвэл идэвхгүйжүүлсэн вирус болох хятад вакцин хийлгэсэн үед илэрдэг бол Anti-SARS-CoV-2 S нь халдвар авсны дараа мөн Астразенека, Пфайзер, Синофарм, Спутник-V, Модерна-ийн вакцин хийлгэсний дараа эсрэгбие үүссэн эсэхийг тодорхойлно.

Дархлаа хэр тогтсоныг тодорхойлох шинжилгээг хэлж байна уу?

Дархлаа тогтоц гэдэг нь их өргөн хүрээтэй ойлголт юм. Бидний тодорхойлж буй эсрэгбиеийн шинжилгээ нь зөвхөн шингэний дархлааны гол уураг болох эсрэгбиеийг илрүүлж байгаа бөгөөд ингэснээрээ дархлаа тогтоцын нэгээхэн хэсгийг л илэрхийлэх үзүүлэлтийг тодорхойлж байна гэсэн үг бөгөөд эсрэгбиеийн хариуг илэрхийлж буй тоон утга нь шууд дархлаа тогтоцыг бүрэн илэрхийлэхгүй, хангалттай тогтсон эсэхийг ч бүрэн илэрхийлэхгүй юм. Өөрөөр хэлбэл тухайн хүний цусанд эсрэгбие үүссэн ч гэсэн халдвар авах боломжтой, мөн тараах боломжтой юм. Харин халдвар авсан тохиолдолд хөнгөн хэлбэрээр өвдөж, хүндрэх, нас барах эрсдэлийг нь бууруулах ач холбогдолтой юм.

Ковид-19 халдвар илрүүлэх ПГУ болон түргэвчилсэн шинжилгээний ялгаа нь зөвхөн цаг хугацаа юу?

ПГУ шинжилгээний арга нь вирусийн нуклейн хүчлийн бай хэсгийг олшруулан илрүүлэх арга бөгөөд мэдрэг, өвөрмөц чанар өндөртэй лавлагаа арга юм. Молекул биологийн лабораторид, тусгай тоног төхөөрөмж ашиглан хийдэг, хэд хэдэн үе шаттай, тодорхой хэмжээгээр цаг хугацаа зарцуулж хийдэг шинжилгээ бөгөөд шинжилгээний хариу ихэвчлэн 24 цагийн дотор гарна.

Түргэвчилсэн буюу эсрэгтөрөгч илрүүлэх шинжилгээ нь вирусийн гадаргуугийн уургийг илрүүлэх шинжилгээ бөгөөд ПГУ аргатай харьцуулахад мэдрэг чанар багатай арга юм. Түргэвчилсэн шинжилгээний хариу 1-2 цагийн дотор гарна.

Яаралтай тусламж шаардлагатай үед Ковид-19 халдварыг ПГУ аргаар богино хугацаанд илрүүлэх боломжтой юу?

Яаралтай тохиолдолд 1 цагийн дотор хариу гаргах боломжтой шинжилгээг хийж байна. Энэ нь ПГУ дээр суурилсан BIOFIRE FILMARRAY SYSTEM аппарат хэрэглэн нэг сорьц авалтаар КОВИД-19 халдварын үүсгэгч болон бусад 19 төрлийн амьсгалын замын халдвар үүсгэгчийг хамтад нь илрүүлэх шинжилгээ юм.

Манайх гадаадын орнууд руу сорьц илгээж “дельта” илрүүлж байна гэж яриад байгаа. Гэтэл танай эмнэлэгт саяхан “дельта” хувилбар илрүүллээ гэсэн мэдээ гарсан. Танай лабораторид ийм шинжилгээ хийх боломжтой юу?

Бид ПГУ аргаар дельта хувилбарын илрүүлгийн шинжилгээг туршилтаар хийсэн. Ковид-19 халдварын ПГУ аргаар батлагдсан 50 сорьцонд шинжилгээ хийхэд 1 сорьцонд “дельта” хувилбар илэрсэн байгаа.

“Дельта” хувилбар нь халдварлах чадварын хувьд өмнөх хувилбаруудаас 2 дахин их бөгөөд вакцин хийлгээгүй хүмүүсийн хувьд хүндрэл, нас баралтын хувь өндөр байна.

“Дельта” хувилбарын илрүүлэг шинжилгээг хийснээр хяналт, тандалтыг эрчимжүүлэн, халдвар тархах эрсдэлийг бууруулах ба хүндрэлээс сэргийлэх боломжыг бүрдүүлж өгөх ач холбогдолтой юм гэж үзэж бид энэхүү шинжилгээг хийж эхлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+