Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Интермед эмнэлэг олон улсын JCI магадлан итгэмжлэлийг 3 дахь удаагаа амжилттай авлаа
Нийтэлсэн огноо: 2022-12-16

Интермед эмнэлэг олон улсын Joint Commission International (JCI) магадлан итгэмжлэлийг гурав дахь удаагаа амжилттай авлаа.

Тус эмнэлэг 2016 болон 2019 онд олон улсын JCI магадлан итгэмжлэл авч байсан удаатай.

Эмнэлгийн хувьд үйл ажиллагаа эхэлсэн цагаасаа хойш ард иргэдэд эмнэлгийн чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхийг зорьж, өндөр түвшний стандартын дагуу үйл ажиллагаагаа жил бүр сайжруулсны үндсэнд ийнхүү 2022 онд гурав дахь удаагаа магадлан итгэмжлэгдэж байгаа юм.

Joint Commission International (JCI)  нь эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжилдэг дэлхийн тэргүүлэгч олон улсын байгууллага юм.

АНУ-ын Чикаго хотод төвтэй JCI байгууллагын гол зорилго нь эмнэлэгт хандсан үйлчлүүлэгч бүрийн аюулгүй байдлыг дээд зэргээр ханган, өндөр чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд оршдог. Үүний тулд тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах зорилго бүхий бүлэг стандартуудыг гурван жил тутам шинэчлэн эмнэлгүүдээр биечлэн ирж, стандартын мөрдөлтийг хатуу хянаж, шалгадаг байна.

JCI байгууллага нь 1,200 орчим стандарт шалгуурыг ханган ажиллахыг шаарддаг бөгөөд эмнэлгийн байгууллага 250 гаруй заавар, журам, 400 орчим стандарт аргачлал, 240 гаруй маягт, 200 гаруй зөвшөөрлийн хуудас, 100 орчим эрүүл мэндийн боловсрол олгох гарын авлага зэргийг өдөр тутмын үйл ажиллагаандаа чанд баримтлан ажиллах ёстой байдаг.

Энэхүү 1,200 орчим стандарт шалгуурын 15-20 хувь нь гурван жил тутамд шинэчлэгдэн чангардаг тогтолцоотой аж.

“ИНТЕРМЕД ЭМНЭЛГИЙН ХАМТ ОЛОН ГУРАВ ДАХЬ УДААГАА ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛЭЭ ХАМГААЛЖ ЧАДСАНДАА БАЯРТАЙ БАЙНА”

Интермед эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал А.Саранбаатар “Интермед эмнэлгийн хамт олон гурав дахь удаагаа олон улсын магадлан итгэмжлэлээ хамгаалж чадсандаа баяртай байна. JCI байгууллага дэлхийн шилдэг 1,000 гаруй эмнэлгийг магадлан итгэмжилсэн, ашгийн бус байгууллага гэдгээрээ онцлогтой.

Манай эмнэлэг нээгдсэн цагаасаа хойш Монгол Улсдаа, үйлчлүүлэгчдэдээ олон улсын чанар стандартыг ойртуулахын төлөө ажилладаг. Тасралтгүй суралцагч байгууллагын хувьд олон улсын стандартыг харуулж, түүнийг хангахын төлөө өдөр бүр хичээн ажиллаж байна.

Эмнэлгийн хамт олны тэрхүү хичээл зүтгэлээр Интермед эмнэлгийн өвчтөн, үйлчлүүлэгчдэдээ үзүүлж буй тусламж, үйлчилгээ олон улсын чанар стандартад нийцэж байна гэсэн үнэлгээг өнөөдөр JCI байгууллагаас авлаа. Бид ийнхүү магадлан итгэмжлэл авахын зэрэгцээ олон улсад ямар түвшинд яваагаа мэдэж, цаашид юу хийх ёстойгоо тодотгосон зөвлөмжийг ч мөн авлаа.

Сайн зөв зүйлийг дадал зуршил болгож, өдөр бүрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах нь JCI байгууллагын хамгийн үнэт зүйл байдаг. Тэр утгаараа энэхүү чанарын соёлыг хөгжүүлж явах нь манай эмнэлгийн байнгын зорилго байх болно. Бидний өнөөдөр гурав дахь удаагаа магадлан итгэмжлэлд орж, амжилттай хамгаалсан явдал нь улсынхаа эрүүл мэндийн салбарт илүү сайн туршлагуудыг тасралтгүй авч ирэх аяллын маань нэг хэсэг хэмээн ойлгож болно” гэв.

“JCI БАЙГУУЛЛАГЫН СТАНДАРТЫГ БИЕЛҮҮЛНЭ ГЭДЭГ ДЭЛХИЙН ӨНДӨР ТҮВШНИЙ ЭМНЭЛГҮҮДИЙН ХЭМЖЭЭНД АЮУЛГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙГААГ БАТАЛГААЖУУЛЖ БУЙ ХЭРЭГ”

Интермед эмнэлгийн Чанар, аюулгүй байдал эрхэлсэн захирал И.Бат-Эрдэнэ “Манай эмнэлэг гурван жилд нэг удаа олон улсын JCI магадлан итгэмжлэлийн шалгалтыг давдаг. Өнгөрсөн долоо хоногт манай эмнэлэгт олон улсын JCI магадлан итгэмжлэлийн байгууллагаас гурван шинжээч тав хоногийн хугацаатай ирж ажиллан 300 бүлэг, 1,240 орчим стандартаар үнэлгээ хийсэн. Эмнэлгийн удирдлага, эмч, сувилагч, дэмжих багууд, харуул хамгаалалт хүртэлх бүх шатны үйл ажиллагаатай танилцаж, баримт бичгийг шалгасан. Мөн дээрээс нь манай үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг авч хянасан.

Энэ удаа бид долдугаар стандартаар хэмжүүлээд шаардлагыг бүрэн хангасан. Олон улсын JCI магадлан итгэмжлэл нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, аюулгүй байдлын чанарт дэлхийн хэмжээнд хамгийн тэргүүлэх, хамгийн чанга хатуу хөндлөнгийн үнэлгээ өгдөг. Тэр утгаараа энэ байгууллагын стандартыг биелүүлнэ гэдэг дэлхийн өндөр түвшний эмнэлгүүдийн хэмжээнд аюулгүй үйлчилгээ үзүүлж байгааг баталгаажуулж буй хэрэг” гэв.

Интермед эмнэлэг гурав дахь удаагаа амжилттай магадлан итгэмжлэгдсэн нь зөвхөн тус эмнэлгийн бус Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст