3-р сарын 22-ны өдөр “Нүдний болрын цайралт” сэдвээр нүдний эмч Д.Жавзансүрэн эмнэлгийн нийт эмч, мэргэжилтнүүддээ цахим сургалт зохион байгууллаа. Мөн уг сэдвийн хүрээнд үйлчлүүлэгчиддээ эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл хүргэж байна.
Нүдний болор нь хүүхэн харааны ар хэсэгт байрладаг, гүдгэр гадаргуутай, тунгалаг орчныг бүрдүүлдэг бөгөөд хүний хол ойр харах үйл явцыг хангадаг. Харин болор цайх үед болорын химийн найрлагад өөрчлөлт орж, болор тунгалаг чанараа алдаж, болор бүдэгшин, хараа фокусгүй, сарнисан байдлаар харах, гэрлээс гялбах зовиур илэрдэг.
Болрын цайралт ихэвчлэн- насжилт (60-аас дээш нас), таргалалт, цусны даралт ихэсдэг байх, бусад төрлийн өвчин эмгэгийн нөлөө (Чихрийн шижин, торлог бүрхэвчийн эмгэг г.м), кортикостеройд болон диуретик эмийн нөлөө (удаан хугацаагаар хэрэглэх), хорт бодисын нөлөө (хэт ягаан туяа, цацраг идэвхт бодис г.м), нүдний гэмтэл, нүдний мэс засал, архи согтууруулах ундааг хэт их хэрэглэх, тамхи татах гэх мэт шалтгаанаас үүсдэг.
60-аас дээш насанд харах талбайд бүдэг толбо, эсвэл хэсэг газар нь манантаж харагдах, бүрсийж бүүдийж харагдах, өнгө өөрчлөгдөн харагдах, шөнө оройн цагаар машин барьж чадахгүй байх, юм уншихад гэрэл цацарч харагдах гм шинж илрэх нь болрын цайлт үүссэн байж болзошгүйг илэрхийлдэг.
Оношилгоо
Нүдний үзлэг болон тусгай багажаар болрын цайралтыг оношилж, нарийн мэргэжлийн нүдний эмчид үзүүлэх хэрэгтэй.
Эмчилгээ
Болрын цайлт нь таны өдөр тутмын амьдралд бэрхшээл үүсгэн хараанд нөлөөлөх хэмжээнд хүрсэн учраас мэс засал хийх зайлшгүй шаардлагатай. Мэс заслаар цайсан болрыг авч хиймэл болор суулгадаг.
Хэсэг хугацааны дараа зарим тохиолдолд хиймэл болор дээр өнгөр сууж хараа мууддаг. Энэ үед лазер эмчилгээгээр болрын өнгөр арилгаж, харааг сэргээдэг.