“Интермед” эмнэлгийн Гэмтэл, согогийн мэс заслын эмч Ч.Төмөр-Очиртой өвдөгний үений гэмтэл, дурангийн мэс заслын талаар ярилцлаа.
-Өвдөгний үений өвчин настай хүмүүст ихэвчлэн тохиолддог. Гэтэл сүүлийн үед залуучуудад элбэг тохиолдож байгаа нь юутай холбоотой байна вэ?
-Сүүлийн үед залуучууд экстрим спортоор, мөн энгийн спортоор ч өдөр тутамдаа их хичээллэдэг болсон. Тэгэхээр тодорхой эмгэг, гэмтлүүд бас үүсдэг. Үүн дотор өвдөгний үений гэмтлүүд их түгээмэл тохиолдож байна.
Өвдөгний үе бол дунд чөмөгний доод булуу болон шилбэний дээд булуу гэсэн үндсэн хоёр том яс болон туслах 2 яс буюу тойгны яс, тахилзуурын дээд толгой гэсэн 4 үндсэн яснаас бүрддэг. Өвдөгний үе тодорхой хэмжээгээр нугалах, тэнийлгэх, гадагш болон дотогш эргүүлэх гэсэн үндсэн хөдөлгөөн хийнэ. Энэ хөдөлгөөнүүд хэт ачаалсны улмаас, хэт тэнийх, эргэлттэй гадагш, дотогш хөшиглөх эсвэл ямар нэгэн спортын төрлөөр хичээллэх үед хүнтэй шүргэлцэх, барилдаж байгаад унах тохиолдолд үений холбоос мөн жийргэвч мөгөөрс гэмтдэг.
-Үений холбоос гэдгээ тодруулаач?
-Үений үндсэн дөрвөн холбоос байдаг. Дотор, гадна, урд чагтан болон арын чагтан холбоос гэж байдаг. Эдгээр холбоосууд гэмтсэнээр өвдөгний үеэр тогтворгүй болдог. Мөн жийргэвч мөгөөрс урагдах тохиолдол ч гардаг. Өвдөгний үеийг зөөллөж жийрэглэж байгаа эрхтэн нь хагас саран хэлбэрийн хоёр жийргэвчин мөгөөрс юм. Дотор талын болон гадна талын саран жийргэвч гэж бий. Үений хэвийн бүтэц өөрчлөгдөхөөр хөдөлгөөний үйл ажиллагаа алдагдах, өвдөх, өвдөгний үеэр хавдах зэрэг зовуур, шинж тэмдэг илэрдэг. Ийм үед эмнэлгийн тусламж шаардлагатай болно.
-Тэгвэл ахимаг насны хүмүүсийнх юутай холбоотойгоор өвддөг вэ. Нас явахын хэрээр элэгдэнэ гэж байх уу?
-45-аас дээш насанд насжилттай холбоотойгоор өвдөгний үений бүтцийн өөрчлөлтүүд гардаг. Өндөр настай хүмүүсийн дийлэнхэд нь өвдөгний үений өвдөлт амьдралын чанарт нь нөлөөлдөг. Залуудаа ямар нэгэн байдлаар гэмтэл аваад, түүнийгээ тухайн үед эмчлүүлээгүйгээс болоод хожим хор уршиг нь илэрдэг. Үений мөгөөрсөн давхарга гэмтсэнээс бүтцийн өөрчлөлтөд ордог. Өвдөгний үенд яс ургах гэж яриад байдаг даа. Яс хэлбэрээ алдаад, нэмэлт жижиг яснууд үүсэж, үүнээс болоод өвдөгний үений уутыг нухах юм уу, хоёр яс хоорондоо хавиралдах байдлаар эмгэг үүсдэг, мөн жийргэвч мөгөөрс нь 50, 60 жилийн туршид элэгдэж явсаар байгаад нимгэрээд үений зайнаас гарчихдаг. Тэгэхээр өвдөгний үе өвдөж эхэлдэг гэсэн үг.
-Эмчилгээний тухайд наснаас шалтгаалж ялгаа байх уу?
-Залуучууд, эсвэл 50-аас дээш насны хүмүүст ямар эмгэг үүссэн байна гэдгээсээ хамаараад эмчилгээний үе шатууд бас өөр. Эн тэргүүнд оношилгоо хийлгэх хэрэгтэй. Эмч үзлэг хийгээд, шаардлагатай бол цусны болон дүрс оношилгооны шинжилгээ хийлгэнэ. Үенүүдийн анатомийн хэлбэр зөв байна уу, бүтэц нь ямар байгааг харахын тулд ихэвчлэн өвдөгний рентген юм уу, MRI зураг хамгийн чухал. ЭХО оношилгоо мөн тодорхой мэдээллийг өгнө. Энэ бүхний дараа эмч оношоо батлаад, эмчилгээндээ орно. Эмчилгээний тухайд хөдөлгөөн хязгаарлах дэглэм, эмийн, тарианы, мэс заслын эмчилгээ мөн хөдөлгөөн засал физик эмчилгээ чухал. Яг ямар дэглэм барих вэ гэдэг нь тодорхой байх ёстой.
Эмчилгээ тухайн эмгэгт тохирсон үе шаттайгаар хийгдэх ёстой. Эмийн болон физик, дэглэмийн эмчилгээ үр дүнгүй байгаа тохиолдолд мэс заслын эмчилгээ хийгдэнэ. Өвдөгний үений холбоос болон жийргэвчийн гэмтэлтэй 55-иас доош насны хүмүүст дурангийн мэс засал илүү тохиромжтой бол 55-иас дээш насныханд харин насжилттай холбоотой гарсан өвдөгний үений өөрчлөлт байгаа бол үеийг хагас, бүтэн солих гээд аргууд бий.
-Дурангийн мэс заслыг ямар тохиолдолд хийнэ гэсэн үг вэ?
-Дурангийн мэс засал нь оношилгооны өндөр үр дүнтэй арга бөгөөд шууд эмчилгээгээ хийх боломжтой ба ихэвчлэн 55-иас доош насныханд спортын юм уу, санаандгүй байдлаас үүдсэн гэмтлийн үед хийдэг. Өвдөгний үений холбоос, хагас саран жийргэвчин мөгөөрсний урагдал зэргийг нийлүүлж оёх уу, эсвэл өөлж авах уу гэдгийг дурангийн мэс заслаар шийдэж болно. Өвдөгний үений үрэвсэлт өвчний үед үе угаах арга байна. Дурангийн тусламжтайгаар жийргэвч мөгөөрс нийлүүлж оёх, эсвэл өөлж хэлбэржүүлэх мөн тасарсан сул биет ямар нэгэн байдлаар үенд саад үүсгээд байвал авах мэс засал хийдэг. Дурангийн мэс засал хүнд зовуур бага үүсгэдэг. Эргээд нөхөн сэргэх буюу эдгэрэлт нь хурдан байдаг. Ихэвчлэн өвдөгний урд талаас нь 0,5-1 см орчим зүслэг хийгээд дурангийн багажаа оруулаад, дурангаараа харж байгаад ажилбараа хийчихнэ гэсэн үг. Нэмэлтээр жижиг жижиг зүсэлтүүд гарахыг үгүйсгэхгүй. Дурангийн мэс засалд ороход 3-5 хоног эмнэлэгт хэвтээд гарчихдаг. Дараа нь ямар гэмтэлтэй гэдгээсээ хамаараад хөдөлгөөнийг нь хязгаарлаж, тодорхой хугацаанд хяналтдаа ороод дэглэм бариад явбал үр дүнгүүд нь 95-98 хувь байх боломжтой байдаг. Гэхдээ мэдээж гэмтлийн зэргээс хамаарна.
-Өвдөгний үений шингэн дууссан гэж ярьдаг даа. Тариа хийлгээд зүгээр болдог ч тодорхой хугацааны дараа дахин өвддөг гэдэг. Энэ талаар?
-55-иас дээш насныханд анатомийн хэлбэр алдагдах буюу мөгөөрсөн давхарга гэмтсэнээс болоод өвдөгний үе өвдөх шалтгаан болдог. Өвдөгний үений шингэн дуусна гэдэг бол дам яриа. Хүний бие мах бодь амьд, хөдөлж байгаа цагт хэчнээн өндөр настай, 80-90 хүрсэн байсан ч тодорхой хэмжээний шингэн байж л байдаг. Харин яагаад дуугараад, өвдөөд байгаа вэ гэхээр тодорхой шалтгаантай. Бүх үе тодорхой хэмжээний бүрхүүл буюу мөгөөрсөн давхаргатай байдаг. Тэр мөгөөрсөн давхарга ямар нэгэн байдлаар гэмтээд, элэгдээд, нимгэрээд, бүтцийн өөрчлөлтөд орж, жийрэглэх үйл ажиллагаа нь алдагдаад ирэхээр хоёр үе хоорондоо хавиралдаад, гэмтэл үүсээд байгаа юм. Ингээд дуугарах, хавиралдах байдлаар өвдөж эхэлдэг.
-Энэ үед ямар эмчилгээ хийх боломжтой вэ. Заавал мэс засал, эсвэл тариа хийж байж зүгээр болох уу?
-Өвдөгний үений бүтцийн өөрчлөлтийг дөрвөн зэрэг болгож ангилдаг. Нэгдүгээр зэргийн үед хүн амьдралынхаа дэглэмийг өөрчлөх юм уу, биеийн жингээ бууруулах, эсвэл хоол ундандаа анхаарах, өөрчлөх байдлаар шийдэж болдог. Хоёрдугаар зэргийн үед, эм уух, физик эмчилгээнд явах байдлаар шийдэх боломжтой. Гуравдугаар үе шатанд тарилга тарих, дурангийн мэс засалд орох эсэхээ шийднэ. Харин дөрөвдүгээр үе шатанд ерөөсөө л өвдөгний үеийг солих мэс засал хийхийг санал болгодог. Түүнээс хүндэрсэн үед эм уулаа, тарилга эмчилгээ хийлгэлээ гээд нэг их удаан үр дүн өгөхгүй. Тодорхой хугацааны дараа, 3 сар, 6 сар яваад, магадгүй нэг хоноод ч өвдөхийг үгүйсгэхгүй. Үе шатанд л тохирсон эмчилгээ хийх нь чухал.
Үений тарианы тухайд олон улсад ч гэсэн зөвлөдөг. Үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах тариануудыг ашигладаг. Ихэвчлэн хоёр, гуравдугаар үе шатанд тарилга хийхийг зөвлөдөг. Тариа хийсний дараа хэсэг хугацаанд бол маш аятайхан байдаг ч төгс, насан туршийн эмчилгээ бол биш. Хэрэв эмчид үзүүлж, оношлуулахад гуравдугаар үе шатанд байна, тариа хийлгэ гэсэн бол тэр нь дунджаар 12 сар хүртэл үйлчилгээ үзүүлэх юм байна гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс цааш бол тухайн хүний биеийн жин, амьдралын онцлог, ажил төрлийн онцлогоос хамаараад наана ч өвдөж болно.
-Өвдөгний үе солих мэс заслын эмчилгээг сүүлийн үед их хийх болжээ. Энэ эмчилгээнд баримтлах зарчим нь юу юм бол?
-Олон улсын зөвлөмжөөр бол, өвдөгний үе солих мэс заслын эмчилгээг 60-аас дээш насныханд зөвлөдөг. Гэтэл Монгол Улсад 50-аас дээш насныханд өвдөгний үе солих мэс засал хийж байна. Яагаад гэхээр, нэгдүгээрт, монголчуудад сүүлийн үед биеийн жин ихсэх нь түгээмэл болсон. Биеийн жин ихсээд, дөрөвдүгээр үе шатанд орсон бол өвдөөд байдаг. Гэтэл олон улсын зөвлөмжийг дагах гэхээр, нас нь 50, 55-тай, нас нь хүрээгүй байдаг. Тухайн хүн өвдөлтөөсөө болоод хөдөлмөрийн чадвар, эсвэл хэвийн амьдралын дэглэм алдагдаад байгаа нөхцөлд мэс засал хийж, үе солихоос аргагүй. Мөн 40 хүртэлх насанд спортын гэмтэл авах үед зөв арга хэмжээ авч чадаагүй бол насжилттай холбоотойгоор өвчлөлийн хугацаа наашлах магадлал бий. Харин тухайн үед нь эмчилгээ хийлгэчихвэл хожуу 70, 80 хүрээд өвдөж болно.
-Биеийн жингийн асуудлыг нэлээд хөндөж ярилаа. Энэ их чухал уу?
-Өвдөгний үенд биеийн жин маш чухал. Залуу, хөгшин ч бай, биеийн жин ихтэй хүмүүст өвдөгний үе өвдөх магадлал өндөр. Дээрээс нь эмчилгээний үргэлжлэх хугацаа богино болдог. Эмийн эмчилгээ хийлгээд хэсэг хугацаанд яваад байгаа ч биеийн жин ихтэй учраас эргээд өвдөөд байдаг. Тэгэхээр үе шат нь хурдан явцтай болж, дараагийн үе шат руугаа шилжээд байдаг. Тиймээс жингээ хасах тактик барих нь хамгийн зөв арга. Биеийн жингээ тохируулж чадвал өвдөгний ачаалал харьцангуй буурдаг.
-Шинээр нэвтрүүлж байгаа эмчилгээ бий юу?
–Олон улсад 2, 3-р үе шатанд үүдэл эс хийж байна. Монгол Улсад үүдэл эсийн эмчилгээ хийгээд эхэлсэн. Энэ нь Дэлхийд ч гэсэн энэ нь шинэ технологи. Манай эмнэлэг хувьд үүдэл эсийн клиниктэй хамтраад үенд үүдэл эс тарих эмчилгээний бэлтгэл ажлыг хангаад явж байгаа. Үенд өөхөн эдээс ялгаж авсан үүдэл эсийг түлхүү ашигладаг. Хамгийн гол нь үүдэл эсийн эмчилгээг дурангийн мэс засалтай хослуулан аюулгүй үр дүнтэй хийх нь чухал байна.
-Өвдөгний үений эмчилгээ хийлгэж байгаа хүнд дэглэм тодорхой байх ёстой гэж түрүүнд ярьсан. Энэ талаар?
-Эхний 14 хоног нугалахгүй байх гэдэг ч юм уу, аппаратад хэд хоног явах, хэдэн сарын дараа спортоор хичээллэх вэ гээд дэглэм маш тодорхой байх ёстой. Өвдөгний үений эмгэгтэй, эмийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс тодорхой хэмжээнд хөдөлгөөн хийж болно, физик эмчилгээ хийлгэх шаардлагатай бол хийлгэнэ. Эмийн эмчилгээ бол харьцангуй хөнгөн үе шатандаа явж байгаа гэсэн үг. Тодорхой хэмжээнд биеийн жингээ хасах хэрэгтэй бол хэдэн кг хасвал болохыг тооцох ёстой. Өдөрт тодорхой хэмжээгээр, 1-2 км алхаж байх ёстой. Эмээ тогтмол цагаар, зөв ууна. Тэгэхгүй, санахаараа уугаад үр дүн өгөхгүй. Тарилгын эмчилгээ хийлгэсэн хүн жишээ нь шарлагын эмчилгээ хийлгэхгүй, шавар, халуун жин тавьж болохгүй. Манайхан тариагаа ч хийлгээд, шавраа ч тавиулаад, шарлагаа ч хийлгэчихье гэсэн байдлаар хандаад байдаг. Өвдгөнд шарлага хийж, эсвэл шавар тавьж гаднаас нь халаавал тарилгаар хийсэн эмийн найрлага өөрчлөгдөнө, эсвэл бүтцэд өөрчлөлт орно. Эмчилгээнийхээ үр дүнг тууштай явж үзэх хэрэгтэй. Түүнээс сайн гэсэн бүхнийг хийлгээд байж болохгүй. Хэрэв үр дүн гарахгүй бол дараагийн шатны эмчилгээ хийлгэсэн нь дээр.
Манай эмнэлэг аль болох бүх дэглэмийг тодорхой болгохыг зорьдог. Мэс засалд орохдоо юу бүрдүүлж ирэх юм. Гараад хэд хоног хөдөлмөрийн чадвараа алдах вэ гэдгийг тодорхой болгоно. Хэрэв 45 хоногийн хугацаанд суга таягтай явах шаардлагатай болбол тухайн хүн ажлаа зохицуулах хэрэгтэй болно. 45 хоногийн дэглэмийн дараа 14 хоног физик эмчилгээнд шаардлага гарч магадгүй, бүх дэглэмийг зөвлөөд гаргадаг. Нэг үгээр өвдөгний үений өвчтэй хүн үүдээр орж ирснээс авахуулаад л хэрэгтэй оношилгоо шинжилгээг хийгээд, эмчилгээ дуустал л цогц байдлаар хүргэхийг зорьдог.
-Танай эмнэлгийн давуу тал?
-Манай эмнэлгийн хувьд бусдаас давуу тал гэвэл, хагалгааны өрөө маань европ стандартынх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Манай эмнэлэг АНУ-ын үений дурангийн мэс заслын АРТРЕКС дурангийн багцыг ашигладаг. Өвдөгний үений нээлттэй болон дурангийн мэс заслыг аль алийг нь хийж байгаа.
Манайх Нэгдсэн эмнэлэг учраас гэмтэл, согогийн тусламж үйлчилгээ, эмчилгээг зөвхөн гэмтэл согогийн эмч нар үзүүлэхээс гадна архаг хууч өвчтэй хүн гэмтээд манай эмнэлгийг сонгосон тохиолдолд бусад нарийн мэргэжлийн эмч нар, жишээлбэл, зүрх судасны эмч, уушгины, мэдрэлийн, дотрын, эх барих, эмэгтэйчүүдийн, хүүхдийн, эрчимт эмчилгээ сэхээн амьдруулахын, яаралтай тусламжийн … гэх мэт эмч нар хамтран үзлэг, оношилгоо болон эмчилгээ хийдэг. Тэгэхээр манайхаар ирсэн үйлчлүүлэгч хавсарсан өвчнөө эмчлүүлэх гэж бусад эмнэлэг рүү явж цаг алдахгүй. Эсвэл мэс засалд орлоо гэхэд бусад эрхтний зүгээс гарах хүндрэлд цаг алдалгүй арга хэмжээ авах боломжтой нь ихээхэн давуу тал.
Дээрээс нь хэрэглэж байгаа мэс заслын хэрэгслүүд бүгд нэг удаагийнх байдаг болохоор эмчлүүлэгчид халдвар авах эрсдэл маш бага.