“Интермед” эмнэлгийн цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, эмч А.Болдтой ярилцлаа.
-Сүүлийн үед хүмүүс нээлттэй хагалгаа гэхээсээ илүү дурангийн мэс заслыг сонгодог болсон байх шиг байна?
Үнэндээ манайд дурангийн хагалгааны талаарх ойлголт одоо л жигдэрч байна шүү дээ. Цээжний хөндийн дурангийн мэс засал гэхээр манайхан дотор талаас нь дурандана гэж ойлгоод байдаг юм. Оношилгооны журмаар цээжний хөндийг, амьсгалын замыг дотор талаас нь дурандах, нөгөө нь дурангийн аргаар мэс засал хийх гээд хоёр янз шүү дээ. Цээжний хөндийн Дурангийн мэс заслыг /VATS video assisted thoracic surgery / дэлхийд анх 1980-аад оны эхээр хийж эхэлсэн байдаг. Манайд бол хожуу нэвтэрсэн, одоо ч харьцуулаад харахад хөгжсөн улсуудаас арав орчим жилээр хоцрогдоод байгаа юм.
Дэлхийн практикт мухар олгойн хурц үрэвслийн үед олгойг 7-8 см зүслэг хийж авдаг орон цөөрсөн. Гоо сайхан талаасаа ч тэр, хүний эдгэрэх хугацааны хувьд ч тэр. Солонгос, Хятадад өнөөдөр мухар олгойн үрэвслийн үед мэс заслын эмчилгээг зөвхөн дурангаар л хийдэг болжээ. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд бүх эмнэлгүүдэд дурангийн хагалгаа хийх боломж хараахан бүрдээгүй ч нөгөө талаас дэлхийтэй хөл нийлүүлсэн шинэ дэвшилтэт эмчилгээ, арга туршлага нэвтрүүлж, элэг, бөөр шилжүүлэн суулгаж байна. Гэтэл зарим эмнэлгүүдэд наад захын дурангийн мэс заслыг нэвтрүүлэхээр дөнгөж эхэлж байх жишээний харилцан адилгүй.
-Дурангийн мэс засал нээлттэй хагалгаанаас олон давуу талтай байдгийг эмч нар л сайн тайлбарлаж өгөх байх?
Бид хагалгаанд орох хүмүүстэйгээ уулзаж нээлттэй болон дурангаар хийх аргуудын талаарх бүрэн мэдээллийг өгч сонголт хийх хамтын шийдвэр гаргадаг. Ихэнх нь л дуранд үл итгэсэн маягтай ханддаг юм. Уламжлалт аргаар нээлттэй хийх, дурангаар мэс засал хийх хооронд асар их зөрүү бий. Цээжний хөндийн нээлттэй хагалгааны үед хүний биед 25-26 см урт зүслэг хийж, багаж хэрэгсэл оруулан ил аргаар хагалгаа хийдэг, эрхтэнд хүрдэг байсан бол цээжний дурангийн мэс заслын үед 4 см хэртэй зүслэг хийж түүгээрээ тухайн эрхтний болон эмгэгтэй хэсэгт мэс засал хийж тайрсан эд, хэсгийг авч гаргадаг. Дурангийн мэс заслын багажууд маань улам л жижиг, улам л нарийн боловсронгуй болж байна шүү дээ. Одоо хүмүүс аль болох богино хугацаагаар эмнэлэгт хэвтэж, хурдан эдгэрч, ажилдаа яаравчлан орохыг чухалчилдаг болсон. Тийм ч учраас би энэ эмнэлэгт яг хэд хонох вэ гэж асуудаг. Жишээ нь: Мухар олгой дурангаар авах хагалгаа, хүний биед 6-7 см сорви үлдэнэ, дээр нь тэр хүн 7-10 хоног эмнэлэгт хэвтэж, шархаа боолгоно. Хэрэв дурангаар хийлгэвэл тэр хүн хоёр, хамгийн ихдээ 3 хоноод л эмнэлгээс гарч, ажлаа хийх боломжтой.
Саяхан нэг залуу хагалгаа хийлгэхдээ асууж байгаа юм. Би энд яг хэд хонох вэ, хэрэв би та нарын хэлснээр яг тав хоноод гараад ажлаа хийх боломжтой бол эндээ хийлгэе, мөнгө бол асуудал биш, 5 сая төгрөг бол 2000 доллар л юм байна. Хэрэв би эмнэлэгт олон хонох бол гадаад явсан нь дээр гэж бодож байна гэж байсан. Тэр залуу хагалгааны дараа тав хоноод л гарсан, сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн. Энэ чинь л бидний ажлын үр дүн шүү дээ.
Бид дурангийн аргаар улаан хоолойн хагалгаа, ходоод, уушги, уушгины дэлбэн, голтын эрхтний хавдрын болон хавдрын бус эмгэгүүдийн үеийн мэс заслын эмчилгээг хийж байна. Өөр нэг жишээ хэлье л дээ. Уушги баруун талдаа гурав, зүүн талдаа хоёр дэлбэнтэй. Энэ дэлбэнгүүдийг арван сегмент буюу хэсэгт хуваадаг. Хэрэв хавдрыг эрт оношлоод дурангийн мэс заслаар авах бол том дэлбэнгээр нь биш, сегментээр нь тайрна. Эрт үед нь оношилж, хавдар нь 1 см-ээс бага байвал 1-2 дэлбэнцэр тайрах жишээтэй. Харин хавдар нь 5-10 см болсон хүнд бол дурангийн хагалгаа хийгээд гарах үр дүн нь ямар байх билээ. Зарим тохиолдолд, асар их хэмжээний шингэнтэй, цус алдсан, хавдар нь задарсан, эсвэл хэт том хавдартай байх зэрэг үнэхээр аргагүй тохиолдолд нээлттэй хагалгаа руу шилждэг.
Анагаахын хөгжлийн чиг хандлага нь нэн тэргүүнд өвчтөний аюулгүй байдал, хүний бие, эд эрхтэнд хамгийн бага хүрэлцэх гэмтэл багатай байж амьдралын чанарыг бууруулахгүй богино хугацаанд хэвийн байдалд оруулахад чиглэж байна. Жишээ нь: Солонгост хөхний хорт хавдрыг жижиг зүслэгээр робот хагалгаа хийж , хөхний толгой, арьсыг нь хадгалах аргыг илүү хэрэглэх хандлагатай байна. Бид хөгжлөө дагахаас аргагүй иймд хөхний хоргүй хавдрын үед дурангийн аргаар мэс засал хийж хөхний арьс болон товчийг хадгалах, хөхийг нөхөн сэргээх мэс заслын бэлтгэл хангасны үндсэн дээр бид шинэлэг аргачлалыг нэвтрүүлэн хийж байна.
-Уучлаарай, дурангийн хагалгаагаар дутуу авчээ, биед нь юм үлджээ, дахин нээлттэй хагалгаанд орсон гэж ярих хүнтэй цөөнгүй тааралдаж байлаа. Ялангуяа цөсний хагалгааны хувьд ийм шалтгаан их сонсогдох юм билээ?
Дурангийн хагалгаагаар хийхэд юм үлддэг, нээлттэй хийхээр бүгдийг авдаг гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг нь нууц биш. Энэ бол эмчийн хэлдэг үг биш, хүмүүсийн дунд яригддаг явуулын үг. Нэг ёсондоо бид уламжлалт аргаасаа салж чадахгүй байгаагийн нэг хэлбэр байгаа юм.
Энгийн нэг жишээ авъя л даа. Цээжний хөндийд голтын хавдар байна гэж бодъё. Энэ нь яг өвчүүний ард байрладаг. Уламжлалт нээлттэй хагалгааны аргаар авна гэвэл цээжний аль нэг талд 20 см хүртэлх зүсэж нээдэг. Энэ арга нь өвчтөнд амьсгалах бүрд өвдөлт, зовууртай байдаг муу талтай. Шалтгаан нь булчин эдийн гэмтэл, хавирга хоорондын мэдрэл гэмтсэнээс болдог. Харин дурангийн хагалгааны үед цээжний баруун,зүүн талаас нь дурангаа оруулаад 4 см-ийн зүслэг хийгээд цээжний хөндий дотор нь мэс засал хийж хавдартай болон эмгэгтэй хэсгийг нь тайраад авчихдаг. Дурангийн онцлог нь, цээжний хөндийд дурангаа байрлуулснаар камерын тусламжтайгаар тэр хэсгийг том дэлгэцэн дээр хүний нүднээс 4-5 дахин томруулж харж чадаж байгаа юм. 3D дэлгэцээр харж байгаа юм шиг, тодорхой харж хийдэг. Хоёрт гэвэл, цаг хугацаа их ордог. Нээлттэй хагалгаа 2 цаг 30 минут ордог бол дурангийн хагалгаа 3-4 цаг, 5 цаг болох жишээтэй. Яагаад гэвэл,дурангийн хагалгаа нь улам чимхлүүр болж байгаа хавдрын хагалгааны үед хавдар тайрахаас гадна булчирхайнуудыг заасан удирдамжийн дагуу заавал авах ёстой. Том дэлгэцээр бол маш сайн харагдана. Энэ мэтчилэн дурангийн хагалгаа улам л сайжирч чимхлүүр болоод байгаа юм.
-Манайд бүх эмнэлэгт нэвтрүүлж чадахгүй байгаа нь манай улсын эрүүл мэндийн салбарын төсөв мөнгө хүрэлцэхгүйгээс аппарат тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хүртээмжгүй нь нөлөөлдөг байх л даа?
Гол нь эдийн засгийн хөшүүрэг чухал, харьцангуй үнэтэй тоног төхөөрөмжүүд хэрэгтэй. Энэ тоног төхөөрөмж, багаж, камерын системүүд нь жил болгон өөрчлөгдөж шинэчлэгдэж, боловсронгуй болж байна. Одоо манайд улсын клиникийн нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, Хавдар судлалын төв Цэргийн госпитальд дурангийн орон нутгийн нэгдсэн эмнэлэгт хагалгаа хийж байгаа. Гэхдээ хэвшээгүй, өдөр тутмын болоогүй байгаа нь багаж аппаратаасаа гадна даатгалын систем, хүмүүсийн ойлголт цэгцрээгүй байгаатай холбоотой болов уу. Багаар хэлэхэд нээлттэй аргаар олгой, цөсний хүүдий авах зэрэг мэс заслын сорвитой явбал Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил хаана яваад байгаа юм бэ гэж энгийн хүмүүс хараад дүгнэж болохоор, хэлэхээр болжээ. Өнөөдөр бүх төрлийн хагалгааг дурангаар хийхийг зорьдог болсон байна.
-“Интермед” эмнэлгийн хувьд хагалгааны ихэнхийг дурангаар хийж байна уу. Та жишээ нь цээжний хөндийн дурангийн мэс заслыг хэдэн оноос хийж байна вэ?
“Интермед” эмнэлгийн хувьд бид хэвлийн хөндий, цээжний хөндий гээд нийт хагалгааны бараг 75-80 хувийг дурангаар хийж байгаа. Миний хувьд цээжний хөндийн мэс засал, уушги, улаан хоолой, голтын хортой болон хоргүй хавдрууд, хөхний гээд эгэмнээс доош өрцнөөс дээш энэ хоорондох эрхтнүүдэд мэс засал хийдэг.
Анх 2003 онд Австрали улсын эмчийн бэлэг болгож өгсөн хуучин дурангийн аппаратыг тэр үеийн эмэгтэйчүүдийн мэс илүү ашигладаг байсан юм. Тэр үеэс дурангийн мэс заслыг сонирхон суралцах туйлын хүсэлтэйгээр ЭНЭШТ-д эмэгтэйчүүдийн Батсүх эмчийн удирдлага дор дурангийн зургаан сарын курст хүртэл сууж байлаа. 2004-2005 онд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байх үедээ мэс заслын шинэлэг арга техник тэр тусмаа дурангийн мэс засалд суралцахаар шийдэж, хичээсээр өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж, суралцаж байна. 2010 оноос Хавдар судлалын үндэсний төвийн эмч, багш нар болон багийнхаа хамт дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч Япон, Тайвань, Солонгосын эмнэлгүүдэд туршлага судлах, суралцах боломж нэмэгдэн олон удаагийн сургалтад хамрагдаж, БНХАУ-д АУ-ы докторын зэрэг хамгаалах хүртэл боломжтой болсон юм. Тэр үед тэдгээр орнуудад дурангийн мэс ажилбар өдөр тутмын хагалгаа болсон байсныг хараад ердийн нээлттэй хагалгаанд түрүүлж сурах ёстой юм уу, дурангийн хагалгаа сурах ёстой юм уу гэж бодогдсон шүү.
2011 оноос хойш ХСҮТ-д байхад цээжний хөндийн дурангийн мэс заслыг нэвтрүүлэхэд нэлээн анхаарсан боловч тухайн үед улсын эмнэлгүүдэд тохиолддог нөгөө л төсөв мөнгө, багаж, тоног төхөөрөмжийн боломжоос шалтгаалан санасандаа хүрч чадаагүй л дээ. Харин 2014 онд бууриа сэлгэж, “Интермед” эмнэлэгт ажилд ороод, энэ ажлаа эхлүүлсэн. Энд дурангийн нэгдсэн багажууд бүрэн байсан, дээрээс нь цээжний хөндийн оношлогооны багажуудыг бид захиалж аваад, 2014 оны есдүгээр сарын 20 гэхэд цээжний хөндийн эхний дурангийн мэс заслаа хийж байлаа. Түүнээс хойш олон улсын жишигт нийцүүлэн бүх л хагалгааг хийж байна.
“Интермед” эмнэлгийн хувьд Хорт хавдрын үндсэн 4 эмчилгээ болох туяанаас бусад бүх төрлийн эмчилгээг хийж байна.Энд бүх л төрлийн оношилгоо, шинжилгээ, эмчилгээний өндөх хүчин чадалтай аппарат, тоног төхөөрөмжүүд нь байна. Хагалгаа хийх бололцоо, нөхцөл, боловсон хүчин нь байна. Өвчтөний тав тухыг хангасан орчин нь байна гэж боддог. Манай эмнэлгийн хувьд Европын стандартаар баригдсан, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг нэвтрүүлсэн эмнэлэг. Гадаадын аль ч улс орон Солонгос, Сингапур, Тайланд , Тайван, Хятад хаана ч очсон дутахааргүй эмчилгээ, үйлчилгээ, арга аргачлалыг нэвтрүүлэх гэдэг дээр бид чармайн ажиллаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээгээ эх орондоо авбал цаг хугацаа, мөнгө хэмнэхээс гадна хамгийн гол нь мэс заслын болон бусад эмчилгээний дараах хяналт, зөвлөгөөгөөг цаг алдалгүй төрөлх хэлээрээ аваад явах боломжтой.
-Танай эмнэлгийн эмч нар, ажилтнууд дэлхийн хамгийн сүүлийн үеийн шинэ технологи, , эмчилгээний тухай цаг тухайд нь нийтэлж байдаг олон улсын томоохон сайтаас мэдээллээ авч, байнга л өөрсдийгөө боловсруулж байдаг давуу талтай юм билээ. Тэр бүгдийг Монголдоо нутагшуулах нь та бүхний зорилго байх?
Эмч хүн байнга л боловсорч байх ёстой. Эмч, ажилтнуудаа дэлхий дахины шинэ мэдээллээр байнга хангана, сургана гэдэг манай эмнэлгийн хувьд хамгийн том хөрөнгө оруулалт. Жишээ нь UpToDate, Sanford, NEJM гэх мэт олон улсад хэрэглэдэг эмнэлгийн мэргэжлийн баталгаат эх сурвалжуудыг өдөр бүр, бүх ажилтнууд хэрэглэх, суралцах боломжоор хангагдсан байдаг.
“Интермед” эмнэлгийн хувьд хэвлий, цээж, урологи болон бусад дурангийн мэс заслын чиглэлийг Монголдоо түлхүү нутагшуулахаар ажиллаж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, манай эмнэлгийн гэмтлийн эмч нар маань үений хөндийн дурангийн мэс засал хийх бэлтгэл хангагдаад байна.
Ер нь манай эмнэлэгт нэлээд олон шинэ эмчилгээ, технологи нэвтрүүлээд байна. Жил бүр тодорхой эрхтний багцын үзлэг явуулж эхэлсэн. Хоёр жилийн өмнө хөхний хавдар илрүүлэх багцын үзлэгээр 4 мянган гаруй хүн үзүүлж шинжилгээг орсон байна үүнээс Жишээ авахад 2018/06/24 – – 2019/05/24 нийт 1051 хүн шинжилгээг / 110 хүнээс эдийн шинжилгээг авсан . /байран өмөн 6 хүн, цоргын хорт хавдар 14хүн оношлогдсон. Paget хавдар 1 тус тус оношлогдсон/ энэ мэдээлэл манай эмнэлэгт хийсэн судалгаа тоо цаашид улам нарийсгаж хийж байгаа болно.
Энэ бол өндөр тоо. 2019 оны сүүлээс уушгины багц гаргасан. Уушгины эрт үеийн хортой болон хоргүй хавдрууд цөөнгүй илэрч байна. Хавдраас гадна үрэвсэл, идээт буглаа гээд бусад өвчнүүд ч оношлогдсон. Уушги унана гэж бид ярьдаг / Пневмоторакс / уушги шалчийх эмгэг манайд их тохиолддог.
Өвчнөө эрт илрүүлнэ гэдэг хамгийн чухал шүү дээ. Манайхан ер нь их залхуу. Урьдчилан сэргийлж үзүүлнэ гэж бараг л ирдэггүй. Өөрийнхөө биеийг гаргуунд нь хаячихдаг, өвчнөө хүндрүүлж байж эмнэлэгт, эмчид ханддаг. Харин багцын шинжилгээнд идэвхтэй ханддаг санагдсан. Боломжийн үнээр шинжилгээгээ ч хийлгээд, рентген, компьютертээ ч харуулаад, эмчдээ ч үзүүлээд, зөвлөгөөгөө ч авчихна. Нэг дор цогц үйлчилгээгээ авч байгаа юм.
Манай эмнэлэгт үйлчлүүлсэн хүмүүсийн тухай анх үзүүлснээс нь хойших бүх мэдээллийг дотоод сүлжээгээр татаад үзэх боломжтой. Тэгээд улирал, улиралд авахуулсан зургийг нь харьцуулчихна. Энэ бүх мэдээлэл 50 дээр нэмэх жил хадгалагдана. Өөр эмнэлгүүдэд авахуулсан СD-г хүртэл өөрийн системдээ оруулж хадгалах боломжтой байдаг. Хяналтын явцад байхад бүх шинжилгээ, зургийг харж, тухай бүрд нь анхааруулаад байна гэсэн үг.
Өвчтөн хавдартай байлаа гэхэд үүсгүүрийг нь харахын тулд дотоод сүлжээндээ байгаа зургийг бид татаж илүү сайн томруулж харах боломжтой. Гэтэл бусад эмнэлэг дээр маммографийн зураг авахуулсан бол тэрийгээ хаячих магадлал өндөр. Зураг авахуулж л байсан, гэхдээ хаячихсан гэдэг. Нотолгоо байхгүй болохоор үнэн чанартаа харьцуулж үзэх юмгүй болдог. Хортой хавдар гэдэг бол унтаж босоход үүсчихдэг өвчин биш гэдгийг хэлсэн. Жижигхэн юм хэдэн жилийн хугацаанд өссөөр томорсоор ирдэг. Эцсийн шатандаа эмгэг эсийн ургалт болоод хортой хавдар болчихоод байгаа юм.
Хүмүүс хавдар гэдэг үгийг сонсоод сэтгэлээр маш ихээр унадаг. Тэгээд л яаруу түргэн гадагшаа явъя гэдэг. Манайхан гадагшаа явах урсгал төдий л буурахгүй байгаа санагддаг. Хөх хотоос авахуулаад, Бээжин, Солонгос, Тайвань, Японыг зорих нь ч бий. Ингэхдээ хавдрыг мэс заслаар авахуулж болно, харин хагалгааны дараах горим, дэглэм, хяналтын талаар маш сайн мэдээлэлтэй, эргэх хяналттай байх ёстойг мэддэггүйгээс нэлээд хүнд байдалд ордог. Гадаадад очоод хагалгаа хийлгэлээ гэхэд эргээд хяналт байдаггүй. Ямар ажилбар хийгдсэн, цаашид эмчилгээ, хяналтын ямар төлөвлөгөөтэй байгаа нь тодорхойгүй, үзүүлэх баримт, нотолгоо нь ч хангалтгүй байдаг. Буцаж ирээд хэдийгээр энд хяналтад ордог ч хариуцсан эмчгүй, эмчилгээний төлөвлөгөө нь тодорхойгүй учраас ойлгомжгүй мөн эрсдэлтэй нөхцөл байдал үүсдэг.
Энэ бүхний эцэст хэлэхэд, хавдрын өвчнийг хэчнээн эрт оношилно, төдийчинээ тавилан сайтай. Эхэн үед нь оношилбол 90 хувийн эдгэрэх магадлалтай. Тэгэхээр өвчлөхгүйн тулд өөртөө анхаарал тавих нь л хамгийн сайн арга юм даа.