“Интермед” эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн тасгийн их эмч Ц.Цэдэндашаас эмэгтэйчүүдийн хагалгаа тэр дундаа хярзан, үтрээг нөхөн сэргээх мэс заслын талаар тодрууллаа.
-Эмэгтэйчүүд голдуу ямар шалтгаанаар мэс засал хийлгэхээр ханддаг вэ?
-Эмэгтэйчүүдийн амбулаторид үзүүлж буй өвчтөнүүдийн дийлэнх нь үрэвсэл болон мэс заслын шалтгаантай байдаг. Сүүлийн үед мэс заслын шалтгаанаар үзүүлэх хүмүүсийн тоо ихсэх хандлагатай байгаа. Мэс заслын шалтгаан дотор 3-4 шалтгаан зонхилж байна.
Тухайлбал өндгөвчний үүсгэвэр, умайн хоргүй хавдрын зангилаа шулж авах болон умайн гаднах жирэмсэн зэрэг шалтгаантай байна. Мөн сүүлийн үед эмэгтэйчүүдийн далд /үтрээний/ гоо сайхны хагалгаа манай улсад болон дэлхийн ихэнх улс оронд ихээр хийгдэх болсон. Энэ төрлийн мэс заслыг 45-аас дээш насныхан түлхүү сонирхож хийлгэдэг.
Далд гоо сайхны мэс засал гэдэг нь үтрээний хярзангийн булчин сойх, гадна бэлэг эрхтний хэлбэр сэргээн засах мэс заслын арга юм. Мөн зарим тохиолдолд төрөлтөөс үүдэлтэй хярзангийн урагдал оёогдоогүй болон анатомийн хэвийн байдлыг алдагдуулж оёсон тохиолдлыг засах хагалгаа хийж байна.
-Энэ төрлийн хагалгааг дурангаар хийдэг үү?
-Манай эмнэлэг эмэгтэйчүүдийн мэс заслын ихэнх хагалгааг сүүлийн үеийн дэвшилтэт шинэ технологи ашиглан дурангийн аргаар хийж байна. Тэр дундаа өндгөвчний шалтгаантай бүх төрлийн үүсгэвэр, умайн гаднах жирэмслэлт, умайн хоргүй хавдар, умайг бүхэлд нь авах хагалгааг хийж байна. Дурангийн хагалгаа нь зүсэлтийн талбай жижигтэй, эмнэлэгт хэвтэх хугацаа буй ор хоног цөөн, өвчтөндөө зовуур багатай байдгаараа давуу талтай.
Үтрээний гоо сайхны мэс засалд ороход тодорхой заалт шаарддаг уу?
-Үтрээний булчин болон давсаг сойх мэс засалд ороход тодорхой заалт байдаг. Харин хярзангийн булчин нөхөн сэргээх болон гадна бэлэг эрхтний анатомийн байдлыг сэргээх мэс засал нь тухайн хүний өөрийн хүсэлтээр хийгдэж болно. Энэ нь хувь хүний далд гоо сайхан болон бэлгийн сэтгэл ханамжийг дээшлүүлдэг. Тиймээс хувь хүний өөрийн хүсэлтээр хийгддэг.
-Энэ төрлийн хагалгаа хэр үр дүнтэй байдаг вэ?
-Мэс заслын хувьд өндөр үр дүнтэй. Цөөн тохиолдолд тодорхой шалтгааны улмаас үр дүн багатай байж болно. Ямар ч төрлийн мэс заслын үед гарч болох хүндрэл эрсдэл гэж байна. Маш цөөн ховор тохиолдолд хэн хаана яаж мэс засал хийснээс үл хамааран гарч болох эрсдэл хүндрэл байж болно. Үр дүнгийн хувьд харин ямар техник ашиглаж мэс засал хийж байгаа нь их чухал. Тиймээс хүн болгон адил биш өөрт тохирсон мэс заслын аргыг эмчтэйгээ зөвшилцөж сонгох хэрэгтэй. Үүнийг бид зөв хагалгааг зөв сонгож зөв хийлгэх гэдэг.
Манай эмнэлгээр үйлчлүүлсэн эмэгтэйчүүд мэс заслын үр дүндээ сэтгэл хангалуун байдаг. Сүүлийн үед дэлхийн ихэнх улс орнууд ТОТ (давсаг сойх мэс засал) мэс заслын аргыг зөвлөхөөс татгалзаж эхэлж байгаа. Учир нь мэс заслын үр дүнгийн байдлаас шалтгаалж ТОТ сэтийг буцаж авах нь өвчтөндөө илүү хүндрэлтэй байдал үзүүлдэг.
-Зарим эмэгтэйчүүд үсэрч харайхад шээс алддаг ч эмнэлэгт хандахгүй явсаар хүндрүүлдэг гэдэг. Иймэрхүү зовууртай яваа эмэгтэйчүүдэд та юу гэж зөвлөмөөр байна вэ?
-Энэ тал дээр санаа зоволтгүй, иймэрхүү шинж тэмдэг илэрсэн л бол эмнэлэгт хандаарай гэж зөвлөх байна. Нарийн мэргэжлийн эмчид хандаж асуудлаа илэн далангүй ярьж үзүүлснээр та эмчилгээний зөв шийдлээ олж чадна. Бүсгүйчүүддээ зөвлөхөд ямар ч өвчний үед нотолгоотой, судалгаатай эмчилгээ болон мэс заслыг сонгож хийлгэж байгаарай. Би энэ үгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр зарим эмэгтэйчүүд дам сонссон яриа болон мэргэжлийн бус хүний үгэнд итгэж өөрсдөө дур мэдэн эмчлэх гэж оролдон өвчнөө улам хүндрүүлдэг. Иймээс эхлээд эмнэлэгт хандаж үзлэг, оношилгоо хийлгэх нь чухал.
-Хагалгаанд орвол хэд хоногийн дотор бүрэн эдгэх вэ?
– Хувь хүний онцлогоос хамаараад 10-14 хоногийн дотор эрхтний эдгэрлийн шинж тэмдэг илэрдэг. Мөн өвчтөн өөрөөс шалтгаалах дэглэмийг сайтар баримтлах ёстой.