Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Өсвөр насны охидын сарын тэмдгийн онцлог
Нийтэлсэн огноо: 2021-05-10

Өсвөр насны охидын сарын тэмдгийн онцлог

Охидод бэлгийн бойжилт 9-12 насанд, хөвгүүдэд 10-13 насанд эхэлнэ. Бэлгийн бойжилт эхэлснээс 2-2.5 жилийн дараа охидод анхны сарын тэмдэг ирэх бөгөөд үүнийг менархе гэж нэрлэдэг. Менархе гэдэг нь хэрэв бэлгийн харьцаанд орвол жирэмслэх боломжтой гэсэн үг юм. Охидод анхны сарын тэмдэг ихэнхдээ 11-14 насанд ирэх боловч цөөн тохиолдолд 9 наснаас өмнө эсвэл 15 наснаас хойш ирдэг. Хэрэв таны анхны сарын тэмдэг 15 нас хүрэхэд ирэхгүй бол эмчид хандах хэрэгтэй. Охидод анхны сарын тэмдэг ирсэн эхний 1 жилд 50 хувьд нь өндгөн эсийн гадагшлалтгүй мөчлөгтэй байдаг.

Сарын тэмдгийн мөчлөг гэж юу вэ?

Сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс дараагийн сарын тэмдэг ирэх эхний өдөр хүртэл хоногийг мөчлөг гэнэ. Өсвөр насны охидод анхны сарын тэмдэг ирсний дараа эхний 1-2 жилд мөчлөг тогтворгүй байж болно. Энэ үед охидод сарын тэмдгийн мөчлөг 21-45 хоног байх нь хэвийн бөгөөд 3-7 хоног үргэлжилнэ.

Xэзээ эмчид хандах вэ?

Дараах шинж тэмдэг илэрвэл эмчид хандана уу.

  • Сарын тэмдэг 8 хоногоос дээш үргэлжлэх
  • 1-2 цаг тутамд тампон болон ариун цэврийн хэрэгсэл нэвтрэх
  • Шөнө ариун цэврийн хэрэгсэл болон тампоныг цус их гарч байгаагаас солих
  • Цустай хамт гарч буй нөжний хэмжээ 2.5 см-ээс их хэмжээтэй байх
  • Сарын тэмдгийн мөчлөг хооронд цус гарах
  • Хэрэв та жирэмсэн эсвэл жирэмсэн байж магадгүй гэж бодож байгаа бол эмчид үзүүлээрэй.

Цус алдалт удаан үргэлжлэх нь төмөр дутагдлын цус багадалтанд хүргэнэ. Төмөр дутагдлын цус багадалтын үед дараах шинжүүд илэрнэ.

  • Бие сулрах, идэвхгүй байх
  • Амархан ядрах
  • Толгой өвдөх
  • Дасгал хийх болон ачааллын үед амьсгаадах
  • Зүрх дэлсэх гэх мэт шинж тэмдэг илэрнэ

Ямар үед яаралтай эмнэлэгт очих вэ?

Хэрэв 2 цагийн хугацаанд 4 түүнээс олон удаа ариун цэврийн хэрэгсэл эсвэл тампон соливол яаралтай эмнэлэгт очих хэрэгтэй.

Сарын тэмдэг өвдөлттэй ирэх нь хэвийн үү?

Өсвөр насны охидод сарын тэмдэг ирэхийн өмнөхөн эсвэл ирж байгаа үед хэвлийн доод хэсгээр базлах, ууц нуруу болон гуя руу чилж өвдөх шинж илэрч болно. Цөөн тохиолдолд энэ нь ямар 1 эмгэгтэй холбоотой байж болно.

Сарын тэмдэг өвдөлттэй ирэх үед яах вэ?

  • Бүлээн жин тавих
  • Бүлээн шүршүүрт орох
  • Үрэвслийн эсрэг өвчин намдаах эм болох ибупрофен эсвэл напроксеныг зааврын дагуу хэрэглэж болно. Өвчин намдаах эмийг сарын тэмдэг ирэх үед эхэлж 2-3 хоног хэрэглэнэ. Хэрэв 20 нас хүрээгүй бол аспириныг өвчин намдаах зорилгоор хэрэглэхгүй.
  • Сарын тэмдэг ирэхээс өмнө эсвэл дууссаны дараа өвдөлттэй байх, өвчин намдаах эмэнд намдахгүй байх, өвдөлт хүчтэй бол эмчид хандах хэрэгтэй.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст