Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Х.Батмягмар: Монголд хийгддэггүй ачаалалтай зүрхний хэт авиан шинжилгээг нэвтрүүлээд байна
Нийтэлсэн огноо: 2022-06-16

Монголд төдийгүй дэлхий дахинд зүрх судасны өвчлөл, тэр дундаа титэм судасны хатуурал, түүнээс үүдсэн нас баралт хамгийн өндөр хувийг эзэлсээр байна. Тэгвэл Монгол Улсын эрүүл мэндийн салбарт томоохонд тооцогддог “Интермед” эмнэлэг 2021 оноос зүрх судасны өвчлөлийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлж эхэлжээ. Тус эмнэлэг зүрхний бүтэц болон үйл ажиллагааны чиглэлээр хэд, хэдэн төрлийн оношлогооны шинэ аргыг нэвтрүүлсэн нь Монголдоо анхдагч болоод байна.

Энэ тухай “Интермед” эмнэлгийн Зүрх судасны төвийн эрхлэгч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Х.Батмягмар, тус эмнэлгийн үйлчлүүлэгч Монгол Улсын гавьяат багш Д.Октябрь нартай ярилцлаа.

-Зүрхний судасны өвчлөл Монгол төдийгүй дэлхий хүн амын дундах аюулт өвчний тоонд зүй ёсоор байсаар байна. Мэдээж энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх явдал оношлогоо, эмчилгээ. Танай эмнэлгийн хувьд зүрх судасны төв шинээр байгуулагдаж, оношлогооны сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлсэн мэдээлэл олзуурхууштай байна. Энэ талаар дэлгэрүүлж ярьж өгөхгүй юу?

-Манай улсад зүрхний өвчлөл гуравдугаар байр, энэ өвчнөөс үүдэлтэй нас баралт нэгдүгээр байранд эрэмбэлэгддэг. Нас баралтыг задлаад үзэхээр даралт ихсэх шалтгаантай нас баралт нэгдүгээрт, хоёрт титэм судасны өвчний шалтгаант нас баралт эзэлж байдаг.  Дэлхийд ч энэ тоо баримт яг адил. Титэм судасны өвчнөөр дэлхийд жилд 9.2 сая хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Харамсалтай нь энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Тэр бүү хэл 2040 он хүртэл тогтвортой нэмэгдэнэ гэж ДЭМБ-аас зарлаж байгаа.

Зүрхний судас хатуурах өвчин насжилт дагаж нэмэгддэг онцлогтой. Дэлхийн хүн амын насжилт нэмэгдэх зүй тогтол руугаа аль хэдийнэ орсон. Тэгэхээр титэм судасны өвчин маш том нээлттэй сэдэв болж байгаа.

Тиймээс манай эмнэлгийн хувьд 2021 оноос зүрх судасны тасгийг шинээр байгуулсан. Манай тасгийн зүгээс зүрх судасны цогц тусламж үйлчилгээг үзүүлэх зорилготой, Монголд хийгддэггүй шинжилгээний аргуудыг нэвтрүүлэн ажиллаж байна.

-Цогц тусламж үйлчилгээ, тэр дундаа Монголд хийгдэггүй оношлогоог тодруулахгүй юу?

Үндсэндээ нарийвчилсан буюу энгийн гэсэн хоёр чиглэлтэй зүрхний хэт авиан шинжилгээний хоёр бүлэг болгож, нарийвчилсан дөрвөн төрлийн оношлогооны аргыг нэвтрүүлсэн гэсэн үг. Титэм судас дотуурх оношлогоо, эмчилгээ буюу зүрхний ангио гэж манайхан ярьдаг. Энэ оношлогоог энэ оноос нэвтрүүлээд явж байна. Мөн титэм судасны өвчлөлийн оношлогооны чиглэлд хатгалттай болон хатгалтгүй арга гэж бий. Хатгалтгүй гэдэг нь хүний биеийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр оношлодог. Хатгалттай нь ангио буюу биеийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж хийдэг оношлогооны арга. Эдгээрийг цогцоор нь нэвтрүүлэн оношлогоо эмчилгээг хийж байгаа.

Түүнээс гадна манай улсад хийгддэггүй, тухайлбал, зүрхний ачаалалтай эхо буюу эмийн сэдээлттэй зүрхний хэт авиан шинжилгээ хийж эхэлсэн. Тодруулж хэлбэл, энэ нь хэт авиан аргаар зүрхэнд ачаалал өгч, стресст оруулан зүрхний булчингийн эсүүдийг цочроосноор түүний хариу үйлдэл нь хэрхэн илэрч байгаагаар зүрхний үйл ажиллагааг үнэлдэг шинэ арга юм. Энэ маань өөрөө зүрхний эсүүдийн үйл ажиллагаа тал дээр нь илүү их үнэлгээ өгдөг арга.

-Монголд хийгддэггүй оношлогоог нэвтрүүлнэ гэдэг эрүүл мэндийн салбарт оруулж байгаа том хувь нэмэр юм. Мэдээж зүрх судасны бусад оношлогоо, эмчилгээ хийгдэж байгаа болов уу?

-Зүрхний ангио болон ачаалалттай эхо хийнэ гэдэг бидний хувьд дэлхийн түвшинд ойртож байгаагийн илрэл.

Нөгөө талаар зүрхний ангио бол мэдээж том салбар. Энэ салбартаа дэмжлэг болох үүднээс бид оношлогооны чиглэл дээр эхоны шинэ аргуудыг нэвтрүүлэхийг зорьж байгаа явдал юм. Түүнээс гадна улаан хоолойгоос зүрхийг шинжилдэг эхог ч хийж байна. Мөн зүрхний булчингийн ерөнхий суналт буюу зүрхний булчингийн эсүүдийн ширхэгийнх нь дагуу зүрхний булчингийн суналт, суналтын хурдыг хэмждэг үнэлгээний арга гэж бий. Энэ нь ихэвчлэн хавдартай өвчтөний зүрхний эрсдэлийг тодорхойлоход түлхүү хэрэглэгдэж байна. Энэ арга бусад эмнэлгүүдэд төдийлэн нэвтрээгүй байгаа.

Дөрөвт нь зүрхний төрөлхийн гажигийн үед хэрэглэдэг оношлогооны аргууд ч нэвтэрсэн.

Энгийн стандарт эхог бид өдөр тутамд 20-30 өвчтөнд хийж байна. Мөн зүрхний ачаалалтай бичлэг, 24, 48 цагийн холтерын шинжилгээ бий. Ерөөсөө зүрхийг цогцоор нь буюу бүтэц болон үйл ажиллагаа гэсэн хоёр чиглэлд хувааж шинжлэх бүрэн боломжтой болсон. Дээрээс нь бид эмчилгэний аль арга зөв байх вэ гэдгийг эмнэл зүйн удирдамжийн дагуу оношилгоо, эмчилгээ хийгээд явж байна.

-Зүрхний титэм судасны өвчний талаар товч тайлбарлаж өгөхгүй юу. Энэ төрлийн өвчтэй хүмүүст юуг та зөвлөх вэ?

-Титэм судасны өвчин цочмог, архаг гэсэн хоёр хэлбэртэй. Цочмог нь бидний сайн мэдэх зүрхний шигдээс. Эмнэл зүйн хувьд хурцаар цээжний өвдөлт, хэм алдалтаар илэрдэг. Энэ нь нас баралтаар төгсөх гээд байдаг тавилан муутай өвчин. Архаг хэлбэр бол оношлогоодогүй, нэг бол оношлогдсон ч эмчлэгдэх боломжгүй хэлбэрүүд байдаг.

Дээр хэлснээр титэм судасны өвчлөл насаа дагаж үүсдэг зүй тогтолтой. Эмнэлгийн зүгээс богино хугацаанд тусламж үйлчилгээг үзүүлж чадах юм бол гэнэтийн нас баралтыг бууруулах боломжтой. Архаг үед ч тэр, эмнэлгийн тусламж үзүүлж, судсан доторх мэс заслыг амжилттай хийгээд эмнэлэг, өвчтөн хоёр харилцан үр дүнтэй явж чадвал насжилт нэмэгдэх зүй тогтол руугаа ордог. Өөрөөр хэлбэл эмнэлгийн тусламж үйлчилгээ 10 хувь, үлдсэн 90 хувь нь өвчтөнөөс л хамаардаг. Амьдралын буруу зуршлаа хаяж, хөдөлгөөн сайтай, хоолны дэглэмээ бариад, тогтмол цагтаа эмчийн хяналтандаа үзүүлээд явахад насжилт тэр хэмжээгээр нэмэгддэг нь дэлхийд аль хэдийнэ нотлогдсон зүйл. Үүн дээр л анхаарах ёстой.

-Таны үйлчлүүлэгч Д.Октябрь багш одоогоос 10 жилийн өмнө зүрхний шигдээс болж байсан юм байна. Өнөөдөр хэвийн амьдралдаа шилжээд эрүүл сайхан явж байна. Анх ямар байдалтай ирж байв, өнгөрсөн хугацаанд ямар эмчилгээг хийв?

-Үйлчлүүлэгч маань анх титэм судас хатуурах эмгэг давамгайлсан, ерөнхийдөө титэм судасны олон байрлалтай эмгэгтэй байсан. 10 жилийн хугацаанд хяналтанд явж, таван удаа ангиод орж зургаан стент /тэлэгч/ тавиулсан. Бараг бүх судсандаа стенттэй. Хамгийн сүүлд манай эмнэлэг дээр хүнд хагалгаанд орж, хоёр стент тавиулсан.

Өнөөдөр бол хэвийн амьдралдаа шилжсэн. Өдөрт 10-20 км дугуйгаар явахад ямар нэгэн зовиур байхгүй, дэглэмээ сайн сахиж, эрүүл идэвхтэй хөдөлгөөний хэв маягийг хадгалаад явж байгаа хүн. Зүрх судасных нь талаас өөрчлөлтгүй болсон учраас хэвийн амьдралдаа орсон гэсэн үг. Хөдөлгөөн бол судас хатуурах үйл явцын хурдыг сааруулдаг гэв.

Үйлчлүүлэгч, гавьяат багш Д.Октябарь: Эмнэлгийг хүсвэл эмч нараа л шүтээрэй

-Анх танд өвчний зовиур хэрхэн илэрч байв?

-Хүн чинь өөрийгөө мэддэггүй юм билээ. Харахад л эрүүл саруул, гүйж харайгаад л, ажил төрлөө хийгээд д явдаг. Дотор эрхтэн юу болж байгааг мэддэггүй. Би боловсролын байгууллагад ажилладаг хүн байлаа. Нэг өдөр зааланд тоглож байгаад, нэг суугаад бостол гэнэт амьсгаа бөглөрөөд л хөдөлж чадахаа байчихсан. Шууд л хоолой боочихдолг юм билээ.

Яаралтай эмнэлэгт хүргэгдэж, ачтай буянтай эмч нарынхаа гараар дамжсаар Х.Батмягмар эмчтэйгээ танилцаж, өнөөдрийг хүртэл эрүүл саруул явж байна.

Би чухам яагаад зүрхний ийм өвчтэй болсноо мэддэггүй юм. Миний эргэн тойронд хэд хэдэн багш зүрхний судсандаа стент тавиулсан. Би бодохдоо багш хүн хүүхдүүдтэйгээ инээж хөөрсөн, довтолсон сэтгэлтэй байдаг болохоор шалтагладаг юм болов уу гэж боддог.

-Эрүүл мэндийн байгууллага дэлхийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг нэвтрүүлээд хүссэн үйлчилгээгээ авч чадаж байна гэдэг том боломж юм, тийм үү?

-Их зохиолч Д.Нацагдроржийн хэлснээр “Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс, эрүүлийг хүсвэл эмнэлгийг хүс” гэдэг. Би түүн дээр нь “Эмнэлгийг хүсвэл эмч нараа шүт” гэж нэмж хэлмээр санагддаг. Манай улсад хувийн хэвшлийн эмнэлгүүд дэлхийн анагаахын хөгжилтэй зэрэгцээд маш сайхан хөгжиж байна. Ялангуяа “Интермед” эмнэлгийн тоног төхөөрөмж бүхий л зүйл нь сүүлийн үеийнх, номын сангаас хүссэн номоо авч байгаа юм шиг үйлчилгээг олон нийтэд үзүүлж байгаад талархаж байна. Манай бусад эмнэлгүүд ингэж хөгжөөсэй. Эмчилгээ, үйлчилгээ авч байгаа хүн бүр баярлаж байхаар орчин нөхцлийг шийдвэрлэж бүрдүүлж өгөөсэй гэж хүсч байна.

-Ер нь энэ төрлийн өвчтэй хүмүүс амьдралын зөв хэв маяг их чухал бололтой. Та бол хөдөлгөөнийг их чухалчилдаг хүн юм байна?

-Анх эмнэлэгт хүргэгдэж ирээд тийчлээд хэвтэж байхдаа “За ингээд дуусдаг юм байна” гэж бодож байсан шүү. Харин н ачтай буянтай эмч нарынхаа гар дээр амиалаад босч ирээд “Би чинь ямар азтай хувь тавилантай нөхөр вэ. 50 битгий 80, 90 нас хүрнэ дээ” гэдэг тэмүүлэлтэй болдог юм билээ. Түүнээс биш “Би л өвчтэй хүн” гэж нурмайгаад байх юм бол удаан наслахгүй.

Миний гол зарчим бол хөдөлгөөнтэй байх. Дээр нь жингээ хаяж, эмчийн зөвлөгөөг нарийвчлан дагах явдал. Хүн гэдэг амьтан ажил төрөл, нийгмийн харилцаанд орохоороо  аяга цайгаа ч аятахан ууж чаддаггүй. Босч суугаад л, өнөө, маргааш тийм юм хийнэ гэж довтолж байгаад л эрүүл мэнддээ анхаардаггүй. Харин одоо бол би гавьяаны амралтандаа гарчихсан учраас арай тайвнаар “Би чинь иймэрхүү бие эрхтэнтэй амьтан шүү дээ. Хоол цайгаа тогвтортой уйж хэрэглэж, зөв зүйлийг нь идье. Агаар салхинд гэр бүл, найз нөхөдтэйгээ алхаж байя. Жингээ хасъя” гэх мэтээр суурьтайхан бодож хөдөлж эхэлдэг юм байна.

2021 онд Интермед эмнэлэгт хоёр стент тавиулснаас хойш бие маань бүр ч сайхан хөнгөрч, байнгын хөдөлгөөнтэй байх болсон. Өдөрт 10-20 км дугуйгаар явж байна. Алхана, аялана. Анх өвдөхөд 108 кг-тай байсан, хөдөлгөөн сайтай байснаар 10 кг хассан байна.

-Дээр нь танд сэтгэл зүй гэдэг их хүч болж байна уу даа?

-Тэгэлгүй яахав. Хүн сэтгэлийн амьтан болохоор үүнд маш их анхаардаг. Гэр бүлийнхэн маань ч их дэмжинэ. Хүүхдүүд маань “Аав та сайхнаараа бай, зоригтой зорилготой бай. Эмч нар таны амийг аварсан. Та одоо санаа зовох зүйлгүй” гээд л. Би анхны стентээ тавиулчихаад Японд очсон юм. Гэтэл тэнд надаас хавь илүү настай хүн найман стент тавиулчихсан, хээв нэг ногооны талбайдаа ажиллаж байсан. Түүнээс чинь маш их сэтгэлийн тэнхээ авч байгаа юм.

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+