Ачаалалтай зүрхний цахилгаан бичлэг буюу тредмил /стресс/ тест
Ачаалалтай Зүрхний Бичлэгийг таны зүрх судасны тогтолцооны ачаалал даах чадварыг үнэлж, зүрхний титмийн өвчинг оношлох, зүрхний хэм алдагдлыг илрүүлэх зорилгоор хийдэг. Таныг наалтуурын тусламжтайгаар зүрхний цахилгаан бичлэгтэй холбож, даралтын аппарат зүүлгээд гүйлтийн зам дээр алхуулж таны зовуур шинж тэмдэг, зүрхний цохилт ба артерийн даралт, зүрхний бичлэгийг дэлгэц дээр хянах болно. Таныг гүйлтийн зам дээр алхуулахдаа 2-3 минут тутам хурдыг ихэсгэж замыг өгсүүр болгож өнцгийг дээшлүүлэн зүрхэнд ачаалал өгдөг. Та дунджаар 7-12 минут орчим гүйлтийн зам дээр алхаж, гүйх болно.
Ачааллыг аль болох дээд хэмжээгээр авснаар таны оношилгоонд далд эмгэгүүд илрэх тул уг шинжилгээнд сайн бэлтгэлтэй орох хэрэгтэй байдаг. Гүйлтийн зам дээр алхах үед танд цээжээр өвдөх, амьсгаадаж бачуурах, бие сулрах, ядрах шинжүүд илэрвэл шинжилгээг зогсооно. Хэрэв танд эвгүй мэдрэмж төрөх эсвэл дээр дурдсан шинж тэмдгүүд илэрвэл шинжилгээг хийж буй эмчид даруй мэдэгдэнэ.
Таны зүрхний цохилтын тоо, даралт, зүрхний бичлэг дээрх өөрчлөлтийг ачааллын үеэр ба ачаалал зогсоосноос хойш 7-10 минут орчим хянана.
Ачаалалтай зүрхний бичлэгт хэрхэн бэлдэх вэ?
- Шинжилгээний өмнөх өдөр сайн унтаж амарсан байх
- Ачаалал авахад бэлдэж хүч тамир өгөх хоол ундыг (махан хоол унд, өндөг зэрэг) шинжилгээнээс 3 цагийн өмнө идэж уусан байх шаардлагатай. Ходоод хэт дүүрэн бол та ачааллаа дээд хэмжээгээр авахгүй, амархан ядрах тул 3 цаг дотроо юм битгий идээрэй.
- Шинжилгээ хийлгэхээс 12 цагийн өмнөөс кофеин агуулсан зүйл, тухайлбал кола, кофе, ногоон ба байхуу цай, энергийн ундаа зэргийг уухгүй байх, кофе агуулсан хүнс идэхгүй байх хэрэгтэй. Үүнийг зөрчвөл ачаалалд өгөх таны даралт, зүрхний цохилтын хариу урвал ба ачаалал авах хугацаанд нөлөөлөх болно гэдгийг анхаарна уу.
- Шинжилгээнээс өмнө 24 цагийн дотор архи, тамхи хорино.
- Хэрэв тогтмол уудаг эм байвал өглөө эрт уусан байх (тухайлбал даралтны эм)
- Прилын ба сартаны бүлгийн даралтын эмүүдийг бол шинжилгээнээс өмнө уухыг хорихгүй
- Харин В хориглогч (атенолол, бисопролол, карведилол зэрэг), кальцийн сувгийн хориглогч (амлодипин, верапамил) ба нитратууд (изосорбид ди- мононитрат, нитроглицерин) зэрэг эмүүд тестийн хариунд нөлөөлөл үзүүлэх боломжтой тул шинжилгээний өмнө уух эсэхийг эмчээс асууна. Онош тодорхой, байнгын эмийн хэрэгцээтэй үед уух