Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Чихрийн шижин өвчний хүндрэл, шархлааг эмчлэх дэвшилтэт технологийн эмийг ашиглаж эхлээд байна.
Нийтэлсэн огноо: 2020-02-20

Чихрийн шижин өвчний хүндрэл, шархлааг эмчлэх дэвшилтэт технологийн эмийг Интермед эмнэлэг ашиглаж эхэлсэн

Доктор Энэйси Басулто нь Куба улсаас Интермед эмнэлэгт дотоод шүүрлийн эмчээр ажиллаж байна. Тэрбээр халдварт өвчин судлалын магистр зэрэгтэй, клиникийн сургагч багш юм. Мөн Латин Америк, Африкийн хэд хэдэн улсад дотоод шүүрлийн эмч, дотоод шүүрлийн тогтолцооны эмгэгийн цогц үйлчилгээний төслүүд дээр амжилттай ажиллаж, энэ салбарт 30 гаруй жилийн арвин туршлага хуримтлуулжээ. Бид чихрийн шижин өвчний талаар ярилцлаа..

-Чихрийн шижин ямар шалтгааны улмаас үүсдэг өвчин юм бол?

Чихрийн шижин гэдэг нь хүний бие махбодын энергийн эх үүсвэр болох глюкоз нь эд эсэд хангалттай орохгүйгээр харин цусанд ихсэхийг хэлдэг. Энэ үйл ажиллагааг нойр булчирхайгаас ялгардаг инсулин гэдэг даавар зохицуулдаг. Тэрхүү даавартай холбоотой гурван төрлийн алдагдал үүссэний улмаас чихрийн шижин өвчин үүсдэг. Xэрэв инсулин даавар байхгүй бол цусан дахь сахарын хэмжээ ихсэж, цаашид удаан үргэлжилбэл биеийн бусад эд эрхтэнд сөргөөр нөлөөлнө.

-Ямар шалтгааны улмаас хүмүүс чихрийн шижин өвчнөөр өвддөг вэ?

Энэхүү өвчин үүсэх олон шалтгаан, нөхцөлийг эрдэмтэд судлаад тогтоосон байдаг. Эрсдэлтэй хүчин зүйлүүд байдаг ба шалтгаанаар 4 хэлбэрт ангилна.

Нэгдүгээрт, удамшлын болон амьдралын буруу хэв маягтай холбоотой буюу гэр бүлийн түүх нөлөөлнө. Мөн хөдөлгөөний дутагдалд орж илүүдэл жинтэй болох нь өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна инсулины туйлын дутагдал буюу нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой үүснэ.

Жирэмсний чихрийн шижингийн хувьд жирэмсний 24-28 долоо хоногтойгоос илэрдэг. Харин төрсний дараа жингээ барихгүй, биеийн жингийн илүүдэлтэй хэвээр байх юм бол 5-10 жилийн дараа чихрийн шижин хэв шинж хоёрт шилждэг. Таргалалттай хүмүүст чихрийн шижин хэв шинж хоёрт шилжих өндөр магадлалтай.

-Өвчилсөн тохиолдолд ямар зовуурууд илрэх вэ?

Удамшлын болон амьдралын буруу дадал хэв маягаас шалтгаалсан бол ихэвчлэн ам цангах, шархны эдгэрэлт удаашрах, биеийн жин буурах, ядрах сульдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Зарим тохиолдолд эдгээр шинж тэмдэг илрэхгүй олон жил болох нь бий. Энэ үед үрэвсэлд өртөмтгий болж, хараа муудах, хөл гарын шөрмөс татах, хүзүү болон суга цавины нугалаасаар харлах өөрчлөлтүүд илэрнэ. Хэрэв энэ төрлийн шинж тэмдэг илэрсэн бол чихрийн шижин өвчин үүсэж буйн дохио юм. Энэ тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандаж, шинжилгээ, оношилгоо хийлгэх хэрэгтэй. Шинжилгээгээр цусан дахь сахарын хэмжээ их гарвал нэн даруй дотоод шүүрлийн эмчид хандан зохих дэглэмээ заалган, баримтлах нь хамгаас чухал.

-Чихрийн шижин өвчнийг эмчлэх боломжтой юу, хэрхэн урьдчилан сэргийлэх бэ?

Хамгийн түрүүнд амьдралын зөв хэв маягт суралцах, дадах нь чухал гэдгийг ойлгож ухамсарлах ёстой. Бас нэг ойлгох ёстой зүйл бол чихрийн шижин гэдэг нэг удаагийн эмчилгээгээр л эмчлэгдэх өвчин биш юм. Иймээс өдөр тутамдаа анхаарч, идэвхтэй амьдрах хэрэгтэй. Эмчийн байнгын хяналтад байж, хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, эмийн эмчилгээг хослуулах нь үүсэх хүндрэлээс сэргийлдэг. Гэсэн хэдий ч бүрэн эдгэрдэггүй архаг өвчин юм. Өвчин удаашрах тусам нойр булчирхайн инсулин ялгаруулах чадвар багасаж инсулин эмчилгээг хийх хэрэгтэй болдог. Харин тухайн хүн амьдралын эрүүл зөв дадалтай, дасгал хөдөлгөөн хийдэг, эрүүл хооллодог бол чихрийн шижин өвчнөөс сэргийлж чаддаг гэж үздэг. Чихрийн шижинг өнөөдөр оношиллоо гэхэд энэ нь таван жилийн өмнө байсан гэж тооцоолдог.

-Чихрийн шижингийн үед эмийн эмчилгээ хэр үр дүнтэй вэ? Зарим хүмүүс инсулин тариулахаас айдаг шүү дээ?

Сүүлийн жилүүдэд эмчилгээ нэлээд сайжирсан. Тухайлбал урьдчилан сэргийлэх стратеги, шинэ эмчилгээний талаар судалгаа хийгдсээр байна.

Эмчилгээ нь чихрийн шижингийн төрлөөс хамаардаг. Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн үед өвчний оношилгоо, үе шат, хувьслын байдлаас хамааран өөр байдаг.

Ерөнхийдөө эрүүл зөв зохистой хооллож биеийн жингээ хэвийн барихаас гадна тогтмол дасгал хөдөлгөөнийг эмийн эмчилгээтэй хавсрахыг зөвлөдөг. Хэрэв эхний эмчилгээ хангалтгүй бол нэмэлтээр эм эсвэл тарилгатай хавсарсан эмчилгээ хийнэ. Ингээд ч нэмэргүй үед инсулиныг хавсрах шаардлагатай.

Энд би нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Хэрэв танд инсулин эмчилгээг зөвлөсөн тохиолдолд битгий айж түгшээрэй. Учир нь энэхүү эмчилгээ чихрийн шижин өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлнэ гэдгийг онцолж хэлмээр байна.

-Чихрийн шижингээр өвдөхөд хөлийн хүндрэл үүсдэг. Шалтгаан нь юу юм бол?

Цусан дахь сахарын хэмжээ удаан хугацааны турш өндөр байсны улмаас судасны эмгэг үүсэж чихрийн шижингийн хөлийн шархлаа үүсдэг. Мэдрэлийн болон судасны эмгэгийн улмаас мэдрэхүй буурах, булчин нарийсах, хөлийн хурууны хэлбэр өөрчлөгдөх шинжүүд илэрдэг. Ингэж мэдрэхүй буурснаар хөл жижиг зүсэлт, гэмтэл, хэт их үрэлт, хүйтэн, халууны нөлөөнд илүү өртөж шархлаа үүсэх нөхцөл бүрддэг. Судасны үйл ажиллагаа алдагдсанаар нийт эрхтэнд нөлөөлөх аюултай тул эмчилгээний баг ажилласнаар өвчилсөн судсыг тогтоож, зохих эмчилгээг хийнэ.

-Чихрийн шижин өвчний үед үүсдэг хөлийн шархлаанаас урьдчилан сэргийлэх боломжтой юу?

Хөлийн хүндрэлээс сэргийлэхийн тулд өдөр бүр хөлөө шалгаж байгаарай. Бас хөлийн ариун цэврийг сайтар сахиж, бүлээн усаар угаан, хурууны завсрыг сайтар хатааж, элдэв бактери мөөгөнцрөөр халдварлахаас сэргийлэх нь чухал. Аль болох хөлд эвтэйхэн гутал, оймс зэргийг сонгож өмсөөрэй. Хөл нүцгэн алхахаас зайлсхийж, хөлөндөө ямар нэгэн шарх үүсэхээс сэргийлэх хэрэгтэй.

Хэрэв дараах шинж тэмдгүүд ажиглагдвал эмчид яаралтай хандахыг зөвлөж байна.

Хөл хавагнах, эрээн булчин өвдөх, өнгө өөрчлөгдөх, даарах, хөлийн арьс хуурайших, эвэр ургах, хумсны өнгө харлаж мөөгөнцрийн халдвар авах, хурууны хэлбэр алдагдах, арьс хагарах, үрэвсэх зэргийг тоохгүй өнгөрч болохгүй. Энэ байдлыг хожуу илрүүлбэл эмчилгээ, зөвлөгөө хяналт ихээхэн шаардлагатай болно.

-Хөлийн шархлаа яагаад аюултай вэ?

Чихрийн шижингийн хөлийн шархлааны шинж тэмдгүүд нь хувьсах шинж чанартай байдаг. Энэ нь ямар нэгэн шүүрэл эсвэл гэмтэлгүйгээр эхэлдэг ч цаашлаад эвгүй үнэр орох, үхжил үүсэх шинж тэмдгээр шархлаа эхэлдэг.

Иймээс энэ үед нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах шаардлагатай. Учир нь дээр дурдсан шинж тэмдгүүдийг тоохгүй удаан явбал үрэвсэл хүндэрч яс руугаа орж хөлөө тайруулахаас өөр аргагүйд хүрдэг. Бүр цаашлаад ноцтой тохиолдолд хөлийн халдвар нь цусаар бүх биед тархсанаас болж амь насаа ч алдах эрсдэлтэй.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+