2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Интермед” эмнэлгийн Сонгинохайрхан клиникт Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн дэргэдэх “Нархан” асрамжийн төвийн хүүхдүүдэд зориулсан үнэ төлбөргүй нүдний үзлэг, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээ нь “Интермед” эмнэлгийн нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд хэрэгжиж буй сайн дурын ажлын нэг хэсэг бөгөөд зорилтот бүлгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш хүртээмжийг хангах, нүдний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд чиглэгдсэн юм.
Үзлэгийн үеэр нийт 61 хүүхдэд нүдний нарийн мэргэжлийн үзлэг хийж, онош тогтоон, зөвлөгөө өгсөн.
Эмчийн дүгнэлтээр 33 хүүхдийн нүд, хараа хэвийн байсан бол үлдсэн хүүхдүүдэд астигматизм, миопия, гиперметропия зэрэг харааны гажиг, мөн зовхины буруу ургалт, булчингийн чангарал, нүдний даралтын сэжиг зэрэг асуудлууд илэрсэн байна.
Энэхүү үнэ төлбөргүй үзлэг нь хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулсан бөгөөд цаашид ч “Интермед” эмнэлэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд чиглэсэн сайн дурын ажлуудыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.