.

Интермед–IUHW эмнэлэг дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээнд амжилттай хамрагдлаа
Нийтэлсэн огноо: 2026-05-28

Интермед–IUHW эмнэлэг нь Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан үнэлгээний багаас зохион байгуулсан Дархлаажуулалтын хөтөлбөрийн үндэсний хэрэгжилтийн үнэлгээнд амжилттай хамрагдлаа.

Дархлаажуулалтын хөтөлбөрийн үндэсний хэрэгжилтийн үнэлгээ нь улс орнуудад 3–5 жил тутамд тогтмол зохион байгуулагддаг бөгөөд дархлаажуулалтын үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хамралт, вакцины хадгалалт, ханган нийлүүлэлт, бүртгэл мэдээлэл, хүний нөөц, сургалт, тандалт болон эрсдэлийн харилцаа холбооны үйл ажиллагааг үнэлж, цаашдын сайжруулалтын чиглэлийг тодорхойлох зорилготой юм.

Интермед–IUHW эмнэлэг нь дархлаажуулалтын чиглэлээр олон жилийн туршлагатай. Манай эмнэлэгт төрсөн нярайн үндэсний товлолт 24 цагийн вакцин, улирлын томуугийн вакцин, галзуу өвчний эсрэг вакцин, татрангийн илдэс, хавар, намрын улиралд хийгддэг хачигт халдварын эсрэг вакцин зэрэг дархлаажуулалтын үйлчилгээг зохион байгуулж ирсэн. Мөн COVID-19 цар тахлын үед Sputnik V вакцины дархлаажуулалтыг хийж байсан туршлагатай.

Түүнчлэн Интермед эмнэлэг нь 2020 оноос ротавирусийн эсрэг вакциныг Монгол Улсад шинээр нэвтрүүлэн хийж эхэлсэн бөгөөд хүүхдийн урьдчилан сэргийлэх тусламж, дархлаажуулалтын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Дархлаажуулалт нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд, иргэн бүрийн эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах чухал арга хэмжээ билээ.

Интермед–IUHW эмнэлэг нь цаашид үндэсний дархлаажуулалтын бодлого, холбогдох стандарт, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу дархлаажуулалтын үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулан, иргэдэд аюулгүй, найдвартай тусламж үйлчилгээ үзүүлэхийн төлөө ажиллах болно.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights