Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Дотоод шүүрлийн эмч Э.Билгүүн: Таргалалт ба таргалалтын үеийн эмчилгээ
Нийтэлсэн огноо: 2023-11-13

Дэлхий даяар таргалалтын тархалт 1975 оноос хойш 3 дахин нэмэгдсэн ба 2016 оны статистикаас харахад 18-аас дээш насны хүн амын дунд 39% буюу 1.9 тэрбум хүн биеийн жингийн илүүдэлтэй ба 13% буюу 650 гаруй сая хүн таргалалттай гэсэн тоо баримт байна. Тэгвэл Монгол улсын хувьд 2019 оны статистикаас харахад мөн л насанд хүрэгчдийн дунд биеийн жингийн илүүдэл болон таргалалттай хүн ам 1992 онд 17.2% байсан нь 49.4% болж өсөн нэмэгдсэн байна.

Таргалалт өвчин нь цагаас эрт нас баралтад хүргэдэг тэргүүлэх шалтгаануудын нэг төдийгүй чихрийн шижин, нурууны суулт, зүрх судасны өвчин гэх мэт маш олон архаг өвчнүүдийн эрсдэлт хүчин зүйл болдог юм. Тиймээс дэлхий нийтээр таргалалтын эмчилгээнд онцгойлон анхаарал хандуулах болсон ба амьдралын хэв маягийн өөрчлөлтөөс гадна тохирсон эмийн эмчилгээ, мэс заслын эмчилгээний шинэ арга технологиудыг нэвтрүүлсээр байна. Эмчилгээний хувьд таргалалттай хүнд нарийвчлан үзлэг хийж, хавсарсан өвчин, хүндрэл зэргийг оношлосны үндсэн дээр дотоод шүүрлийн эмч, хоол зүйч, хөдөлгөөн засалч, сэтгэл зүйч, мэс заслын эмч, шаардлагатай тохиолдолд бусад нарийн мэргэжлийн эмч нарын багаар хамтран тусламж үйлчилгээг үзүүлэх нь чухал юм.

Америкийн Дотоод Шүүрлийн холбооноос гаргасан удирдамжид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 7 төрлийн эмийг таргалалтын үеийн эмчилгээнд хэрэглэхийг зөвлөмж болгосон ба эмийн үр нөлөө, аюулгүй байдлын талаар судалгааны үр дүнгүүд хэвлэгдсээр байгаа юм. Тухайлбал 2023 онд “Lancet” сэтгүүлд чихрийн шижингийн үед хэрэглэж буй шинэ эмүүд нь таргалалттай тэмцэх арга барилд шинээр хувьсгал хийж байгаа ба биеийн жинг бууруулах замаар таргалалтын үеийн хүндрэлүүдээс сэргийлж байгаа талаар үр дүн нийтэлсэн байна. Мөн 2023 онд “Cardiovascular diabetology” сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэлд ГТП-1 агонист эмийг эрчимтэй дасгал хөдөлгөөнтэй хавсруулан хэрэглэх нь зүрх судас, бодисын солилцооны хүндрэл үүсэхээс сэргийлэх статистикийн ач холбогдол бүхий үр дүн үзүүлсэн байна. Тиймээс бид таргалалттай тэмцэх, урьдчилан сэргийлэх, цаашлаад эмчилгээний зөв сонголтыг хувь хүн бүрт тохируулан хийх нь чухал ач холбогдолтой юм.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст