Чихрийн шижингийн тархалт Монголд төдийгүй Дэлхийд тасралтгүй өсөн нэмэгдсээр байна. Тухайлбал 2021 оны тоо баримтаас авч үзэхэд насанд хүрсэн 10 хүн тутмын 1 нь буюу 537 сая хүн чихрийн шижинтэй ба үүний 4 хүн тутмын 3 нь бага, дунд орлоготой хөгжиж буй оронд амьдарч байна. Монгол улсын хувьд мөн 1999 оны байдлаар Ж.Сувд багшийн судалгаагаар чихрийн шижин хэв шинж 2-ын тархалт 3.1% байсан нь 2023 онд олон улсад хэвлэгдсэн Д.Ангармөрөн нарын судалгаагаар 10.8% болж өссөн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Олон улсын чихрийн шижингийн холбоо хамтран 11 сарын 14 өдрийг чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон жил бүр тодорхой уриан дор чихрийн шижин өвчний оношилгоо эмчилгээг сайжруулах, хүндрэлээс сэргийлэхэд ард иргэдийн болон олон нийтийн анхаарлыг хандуулах, түүнчлэн энэ өвчний тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Энэхүү 11 сарын 14-ний өдөр нь анх инсулин эмчилгээг нээсэн эрдэмтэн болох Фредрик Бантингийн төрсөн өдөр ба энэ жилийн хувьд “Эрсдэлээ бууруулж чихрийн шижингээс сэргийлье” гэх уриан дор энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Олон улсын чихрийн шижингийн холбооноос шинэчлэн гаргадаг атласын сүүлийн хэвлэлд тусгагдсан бусад тоо баримтаас харахад Чихрийн шижин хэв шинж 1(ЧШХШ-1)-тэй 0-19 насны 1.2 сая хүүхэд, өсвөр насныхан байна мөн 6 амьд төрөлтийн 1-д жирэмсний чихрийн шижин тохиолдож байгаа талаар ба Чихрийн шижингийн улмаас 2021 онд 6.7 сая хүн нас барсан байна. 2021 онд Чихрийн шижингийн оношилгоо, эмчилгээнд 966 тэрбум ам.доллар зарцуулсан ба Дэлхийн эрүүл мэндийн нийт зардлын 9%-ийг эзэлж байна.
Тиймээс хүн бүр чихрийн шижинд хүргэдэг эрсдэл болох биеийн жингийн илүүдэл, зохисгүй буруу хооллолт, дасгал хөдөлгөөний дутагдал, хорт зуршил гэх зэрэг хүчин зүйлсийн талаар мэддэг байх хэрэгтэй ба энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал юм. Хэрвээ өндөр эрсдэлтэй болон ам цангах, их шээх, нүд бүрэлзэх, турах, амархан ядрах гэх зэрэг шинж тэмдэг илэрвэл нарийн мэргэжлийн эмчид хандаж эрт оношлох болон эрт эмчлэх арга хэмжээ авах нь чихрийн шижингийн шалтгаант цочмог болон архаг хүндрэлүүдээс сэргийлэх ач холбогдолтой юм.