Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Цэвэршилтийн шинж тэмдэг хугацаанаас эрт эсвэл эмгэгээр илэрвэл эмчид хандах шаардлагатай
Нийтэлсэн огноо: 2023-11-28

Нас ахих тутам өндгөвчнөөс ялгарах дааврын түвшин багасах ба  энэхүү үе шатыг цэвэршилт гэдэг. Нэг жил, түүнээс дээш хугацаанд биеийн юм үзэгдэхгүй бол цэвэршилт эхэлсэн гэж үзэх ба үүний өмнөх 3-5 жилийг цэвэршилтэд шилжих үе гэдэг. Цэвэршилт илрэх дундаж нас 45-55 байдаг бөгөөд 45 наснаас өмнө сарын тэмдэг зогсохыг эрт цэвэршилт гэнэ.

Цэвэршилтэд шилжих үе болон цэвэршилтийн үед нүүр цээж халуу оргих, шөнө хөлрөх, үтрээ хуурайших, шээс задгайрах, зүрх дэлсэх, артерийн даралт хэлбэлзэх зэрэг шинж тэмдгүүд нийтлэг илрэхээс гадна сэтгэл зүй хямрах шинжүүд илэрч болно. Ихэнхдээ шинж тэмдэггүй эсвэл цөөн шинж тэмдэг хөнгөн байдлаар илрэх ба энэ үед эмчилгээ шаардлагагүй. Харин эдгээр шинж тэмдгүүд эмгэг байдлаар илрэх нь амьдралын чанарт нөлөөлдөг ба зайлшгүй эмийн эмчилгээ шаардлагатай байдаг.

  • 3 эмэгтэй тутмын 1-д нь ургал мэдрэлийн зохицуулга алдагдлын шинж буюу сэтгэл гутрал, түгших зэрэг сэтгэц хямралын хам шинж илэрдэг бол
  • 4 эмэгтэй тутмын 1-д бэлгийн харьцааны үеийн хүндрэл үүсдэг

Нийт эмэгтэйчүүдийн 70%д нүүр цээж халуу оргих ,хөлрөх шинж илэрдэг ч тэдгээрийн 20% орчим нь эмчид ханддаг байна. Эдгээр шинж тэмдгүүд эмгэг байдлаар илрэх нь амьдралын чанарт нөлөөлдөг ба зайлшгүй эмийн эмчилгээ шаардлагатай байдаг.

Цэвэршилт 45 наснаас өмнө явагдах үед зүрх судасны эмгэг ,ясны сийрэгжилт, сэтгэц хямралын эмгэг үүсэх эрсдэл нэмэгддэг тул эмчийн заавраар даавар эмчилгээ хийх хэрэгтэй. Сүүлийн үеийн судалгаагаар цэвэршилтийн үед орлуулах даавар эмчилгээ хийх нь эстроген дааврын дутагдлаас шалтгаалсан эмгэг үүсэхээс сэргийлж цэвэршилтийн хам шинжийн илрэлийг үр дүнтэй бууруулж байна гэж үзсэн. Гэсэн ч цэвэршилт нь аяндаа үүсэх физиологийн үйл явц учир ихэнхдээ шинж тэмдэггүй эсвэл цөөн шинж тэмдэг хөнгөн илрэх ба энэ үед эмчилгээ шаардлагагүй байдаг. Харин цэвэршилтийн шинж тэмдэг хугацаанаас эрт эсвэл эмгэгээр илэрвэл эмчид хандах шаардлагатай.

Цэвэршилтийн үеийн өөрчлөлтийг хэрхэн зөв даван туулах вэ?

  • Цэвэршилт нь физиологийн хэвийн явц ба эмэгтэй хүний амьдралын тодорхой үе шат юм Иймээс сэтгэлзүйн хувьд өөрчлөлтийг эергээр хүлээн авах хэрэгтэй
  • Хугацаанаас эрт цэвэршилтийн шинж илрэх эсвэл шинж тэмдгүүд хавсарч эмгэг байдлаар илэрвэл мэргэжлийн эмчид хандах
  • Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлж, оношилгоо хийлгэх эмчийн зөвлөгөө авах
  • Эрүүл зөв хооллох.хоол хүнсэндээ бүхэл үрийн бүтээгдэхүүн, навчит хүнсний ногоо, самар түлхүү хэрэглэвэл биеийн ерөнхий эрүүл мэндийг дэмжиж, халуу оргих хам шинжийг хөнгөлөхөд тустай.
  • Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх нь ясны сийрэгжилтээс сэргийлэхээс гадна цэвэршилтийн шинж тэмдгийг бууруулдаг
  • Илүүдэл жинтэй эмэгтэйчүүд жингээ хассанаар эмгэг шинж тэмдгийг багасгаж чадна
  • Умайн хүзүүний хорт хавдар, хөхний хавдрын эрт илрүүлэг шинжилгээнд товлох хугацаанд хамрагдах
  • Сэтгэл зүйн тулгамдсан асуудал илэрвэл мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах, бусадтай ярилцах хэрэгтэй.

Интермед эмнэлэг Эх барих эмэгтэйчүүдийн эмч- А.Мөнхтулга

Эх сурвалж-www.uptodate.com/ https://www.nice.org.uk/ /www.medscape.org/

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст