Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Интермед эмнэлэг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв
Нийтэлсэн огноо: 2023-09-18

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) – аас жил бүрийн 9 сарын 17-нд “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Дэлхийн өдөр” – ийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Үйлчлүүлэгч, тэдний ар гэрийн гишүүдийн үүрэг, оролцоог дэмжих” сэдвийн хүрээнд “Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсъё!” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Интермед эмнэлэг нь энэхүү уриатай нэгдэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон арга хэмжээг зохион явуулав. Тухайлбал, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг сайжруулах, тэдний дуу хоолойг сонсох зорилгоор “Үйлчлүүлэгч, түүний асран хамгаалагч нарын асуумж судалгаа” болон эмнэлгийн бүх ажилтнуудаас “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын соёлын судалгаа”– г авч цаашид анхаарах, сайжруулах үйл ажиллагаагаа төлөвлөв. Мөн 9 дүгээр сарын турш “Cheerful Morning & Patient Safety” аяныг өрнүүлэн, өглөө бүрийг хамт олноороо үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын асуудлуудыг ярилцан гэгээлгээр эхлүүлж байна.

 

Интермед эмнэлэг 2016 оноос эхлэн “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Олон улсын зургаан зорилтууд”–ыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдгээр зорилтууд нь:

1. Үйлчлүүлэгчийг зөв таних;

2. Үр дүнтэй харилцааг бий болгох;

3. Өндөр эрсдэлтэй эмийн хэрэглээг сайжруулах;

4. Буруу талбай, буруу ажилбар, буруу мэс ажилбар хийхээс сэргийлэх;

5. Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын эрсдэлийг бууруулах;

6. Явганаас унахаас сэргийлэх.

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад үйлчлүүлэгч, түүний ар гэрийн гишүүд та бүхний үүрэг, оролцоонд юуг анхаарах вэ?

Үйлчлүүлэгчид өгөх ЗӨВЛӨМЖ:

· Та эрүүл мэндийн аюулгүй тусламж, үйлчилгээний талаар эрх үүрэг, хариуцлагаа мэддэг байх;

· Та эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо хүргэдэг байх;

· Та эрүүл мэндээ хамгаалахад хэнд хандаж эмчилгээ, тусламж үйлчилгээ, дэмжлэг авахаа мэддэг байх;

· Та өөрийн эрүүл мэндийн байдлыг ойлгох, шийдвэр гаргахын тулд лавлаж асуудаг байх;

· Та өөрийн өвчний түүх, хэрэглэсэн эм тарианы талаар тэмдэглэл хөтөлж, эрүүл мэндийн ажилтан, асран хамгаалагч нартайгаа зөвшилцөх;

· Та “Эмийн аюулгүй хэрэглээний таван зарчим”- ын талаар мэдэж, эмчийн заавар зөвлөмж, эмчилгээний төлөвлөгөөгөө дагаж мөрддөг байх;

· Эрүүл мэндийн ажилтны зөвлөсний дагуу эмийн бэлдмэлийг хэрэглэж, хэрэв сөрөг нөлөө гарвал мэдээлдэг байх;

· Та өөрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар үзэл бодлоо илэрхийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний аюул, эрсдэлийг бууруулахад өөрийн саналаа хэлж, аливаа сөрөг үйл явдлыг мэдээлдэг байх;

· Интернет, сошиал сувгаас олж мэдсэн эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөмжийн талаар эмч, эрүүл мэндийн ажилтнаасаа лавлаж асуудаг байх.

*Эх сурвалж: ДЭМБ. https://www.who.int/campaigns/world-patient-safety-day/2023/practical-advice-for-stakeholders

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст