Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Мэдрэлийн эмч Г.Үүрцайх : “АХМАД НАСТНЫ”- эмнэлэгт хэвтэх үеийн менежмент
Нийтэлсэн огноо: 2023-08-21

Насанд хүрэгчдийг насны бүлгээр 20-39 залуу нас, 40-59 ид нас, 60 буюу түүнээс дээш нас ахмад нас гэж ангилдаг. Насны онцлог, хавсарсан эмгэг зэргээс үүдэлтэй ахмад настнуудад
эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авах хэрэгцээ их тулгардаг.  Ахмад настан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж оношилгоо эмчилгээний тусламж авахын зэрэгцээ, хувь хүний насжилт, хавсарсан эмгэг, олон нэр төрлийн эмийн хэрэглээ, эмнэлгийн орчин зэргээс үүдэлтэй бусад насны бүлэгтэй харьцуулахад нэмэлт хэрэгцээ, шаардлага тулгадаг үүнийг эмч, сувилагч эмнэлгийн ажилтан бүр өдөр тутмын ажил үүргийн явцдаа анхаарах зайлшгүй шаардлагатай байна. 2019 оны дэлхийн статистик мэдээгээр 1950 онтой харьцуулахад сүүлийн 10-20 жилд ≥65 насны бүлгийн хүн амын тоо дэлхийд төдийгүй Монгол улсад нэмэгдэж байгааг дурьдсан байна.

Hannah Ritchie and Max Roser (2019) – “Age Structure”. OurWorldInData.org.

 

Хурц өвчний шалтгаанаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй хүмүүсийг насны ангиллаар судалсан 2021 оны Канадын Торонтогийн их сургуулийн кохорт судалгаагаар залуу, ид
насны бүлэгтэй харьцуулахад ≥60 насны хүмүүс яаралтай тусламжийн тасгаар хандан үргэлжлүүлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, цаашлаад эрчимт эмчилгээний тусламж, зохиомол амьсгалын аппаратын хэрэгцээ шаардлага 2 дахин өндөр буйг доорх судалгааны үр дүн харуулж байна.

Tillmann
BW, Fu L, Hill AD, Scales DC,FowlerRA, Cuthbertson BH, et al. (2021) Acute health care resource utilizationby age:
A cohortstudy. PLoSONE 16(5):e0251877

 

≥60 насны хүмүүсийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нийтлэг оношны бүлэгт үрэвслийн шалтгаант эмгэгүүд, мөн халдварт бус эмгэгүүд болох тархи, зүрх судасны эмгэгүүд хамаардаг ба эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд насжилтаас шалтгаалан унах эрсдэл, ухаан санааны байдал түр зуур өөрчлөгдөх, олон эмийн харилцан үйлчлэлийн нөлөө, эмнэлгийн шалтгаант халдварт өртөх зэрэг нөхцөл байдлууд үүсдэг тул эмнэлэгт хэвтэх явцад гарах дээрх сөрөг үр дагаврыг бууруулахын тулд насны онцлогт тохирсон тусгай менежмент шаарддаг онцлогтой. Гэхдээ хүн бүр харилцан адилгүй тул ≥60 насны хүн эмнэлэгт хэвтэх бүрт дараах товч үнэлгээг хийж цаашдын тусламж үйлчилгээндээ бодолцох нь зүйтэй (Хүснэгт №1).

Хүснэгт №1: ≥60 насны хүн эмнэлэгт хэвтэх үеийн товч үнэлгээ

Ахмад настай хүмүүст дээр дурдсанчлан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд дараах нийтлэг асуудлууд тулгардаг. Үүнд:
1. Унах эрсдэл
2. Эмийн нөлөө, урвал
3. Халдварт өртөх
4. Ухаан санааны байдал түр зуур өөрчлөгдөх, хөөрлийн шинж тэмдэг илрэх зэрэг багтана.

Эдгээрээс Интермед эмнэлэг нь эмнэлгийн дотоод журам, удирдамжийн дагуу үйлчлүүлэгчийн унах эрсдэл, эмийн нөлөө урвал, эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх арга хэмжээг өдөр тутамдаа хэрэгжүүлж ажилладаг онцлог давуу талтай ч, энэ удаад миний бие та бүхэндээ эмнэлгийн нөхцөлд ахмад настай хүмүүст тулгардаг нийтлэг бэрхшээлийн нэг болох ухаан санааны байдал түр зуур өөрчлөгдөх, хөөрлийн шинж тэмдгийг эмч, эмнэлгийн ажилтан бүр (эмчлэгч эмч, жижүүр эмч) эрт таних, илрүүлэх урьдчилан сэргийлэх талаар танилцуулахаар бэлтгэв. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй ахмад настанд олон шалтгаанаар (үндсэн ба дагалдах онош ба бусад) ухаан санааны байдал гэнэт, богино хугацаанд дараах эмнэлзүйн шинжээр өөрчлөгдвөл дэмийрэл (delirium)-ийг сэжиглэж, илрүүлэг үнэлгээг богино хугацаанд гүйцэтгэж, тусламж үйлчилгээг зөв үзүүлэх нь чухал. АНУ-ын Сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэгээс дэмийрэл (delirium)-ийг илтгэх эмнэлзүйн шалгуур шинж тэмдгүүд:
1. Анхаарал төвлөрөлт буурах, алдагдах
2. Гэнэт, богино хугацаанд эмнэлзүйн шинж илрэх (цагаас өдөр)
3. Танин мэдэхүйн алдагдал (ой санамжийн бууралт, орон зайн баримжаа алдагдах,
хэл яриа эсвэл гүйцэтгэх үйлийн алдагдал)
4. Өвчний түүх, эмнэлзүйн үзлэг эсвэл лаборатори шинжилгээгээр тодорхой нэг эмнэлзүйн өөрчлөлт тухайлбал хордлого эсвэл эмийн урвал илрэх
Хэт хөөрлийн байдалд орох шинжүүд илэрвэл дэмийрлийг сэжиглэж болно.
Олон хүчин зүйлээс шалтгаалан аль ч тасаг (дотрын тасгууд, эрчимт эмчилгээний тасаг, мэс заслын өмнө эсвэл дараа ба хими хөнгөвчлөх)-ийн үйлчлүүлэгчдэд дэмийрлийн шинж илэрч болно. Шалтгаан хүчин зүйлсийг доорх зургаас харж болно.

Эмнэлзүйн шинжээр дэмийрлийг сэжиглэсэн тохиолдолд дараах алгоритмыг баримталж илрүүлэг, оношилгоо хийнэ.

Wilson, J.E., Mart, M.F., Cunningham, C. et al. Delirium. Nat Rev Dis Primers 6, 90 (2020).

 

Эмнэлгийн нөхцөлд үйлчлүүлэгчдийг илүүтэй ахмад настнуудыг дэмийрлээс урьдчилан сэргийлэхийн тул эмнэлзүйн багын хамтын үйл ажиллагаа ихээхэн чухал ач холбогдолтой. ≥60 насны үйлчлүүлэгч бүрт эмчилгээ, оношилгооны зэрэгцээ өдөр тутмын тусламж үйлчилгээнд дараах зөвлөмжийг бодолцож байх нь эмнэлгийн орчин дах дэмийрэл, хөөрлийн байдлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
1. Эмнэлгийн, өрөө тасалгааны чиг баримжаа (orientation protocols): Өрөө тасагт ханын цаг, календариар хангах, өрөө тасалгааны цонхны гэрэлтүүлэг, хөшигт анхаарах
2. Танин мэдэхүйн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сэдээх (cognitive stimulation): Танин мэдэхүйн бууралттай үйлчлүүлэгчдэд илүүтэй гэр бүлийнхэн, найз нөхөдтэй уулзаж, ярилцах боломжоор хангах
3. Физиологийн нойрыг дэмжих: Хэрвээ боломжтой бол, эмчлүүлэгчийн унтах цагаар эмчилгээ, сувилгааны үйлдэл (цусны даралт үзэх, сахар хянах, эм уулгах монитор холбох г.м)-ийг хийхгүй байх, шөнийн цагаар дуу чимээ, гэрэлтүүлгийн багасгах
4. Хараа эсвэл сонсголын бэрхшээлтэй бол туслах хэрэгслээр хангах, өдөр тутам ашиглахад туслах
5. Дэмийрэл хөөрөл үүсгэх нөлөөтэй эмийн хэрэглээтэй бол эмийн тунг хянах, эсвэл боломжтой бол эмчилгээнээс хасах

Эцэст нь, ахмад настай үйлчлүүлэгчийг эмнэлгээс гаргах төлөвлөгөө гаргах үедээ дараах товчхон шалгуурыг эмч бүр бодолдож, өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлснээр эмч, эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгч, түүний гэр бүлийнхний хоорондын харилцаа, эргэх холбоонд эерэг нөлөөтэй.

Тайлбар: * хэрэгжүүлсэн, баримтжуулсан тэмдэглэгээ

Мэдээлэл бэлтгэсэн: Мэдрэлийн эмч, АУ-ын магистр Г.Үүрцайх

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст