Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Интермед эмнэлгийн “Сэргээн засах төв” нээлтээ хийлээ
Нийтэлсэн огноо: 2023-06-12

Олон улсын стандартын дагуу орчин үеийн сэргээн засах тусламж үйлчилгээг амбулаторийн чиглэлээр үзүүлэх Интермед эмнэлгийн “Сэргээн засах төв”-ийн нээлт /2023.06.13/ боллоо.

Тус төвд сэргээн засах эмчийн үзлэг, оношилгоо хийн зөвлөгөө өгч, сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийгдсэн аппарат, тоног төхөөрөмжүүд ашиглан хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал болон физик эмчилгээ хийлгэх боломжтой аж.

Түүнчлэн өндөр хөгжилтэй орнуудад эрчимтэй хэрэглэгдэж байгаа шинэ технологийн аппарат, хэрэгслийг дэлхийн шилдэг үйлдвэрлэгч “BTL” компаниас албан ёсны эрхтэйгээр нийлүүлж хэрэглэж буйгаараа онцлог байсан юм. Үүнд:

  • “Emsella” төхөөрөмж буюу өндөр эрчимт төвлөрсөн цахилгаан соронзон долгионы үйлчлэлээр аарцаг ёроолын булчингийн үйл ажиллагааг сайжруулах, сэргээх, шээс задгайрлын шинэлэг эмчилгээний аппарат
  • “Emsculpt” төхөөрөмж эрчимтэй төвлөрсөн цахилгаан соронзон долгионы үйлчлэлээр булчингийн массыг нэмэгдүүлж өөхийг шатааж биеийг галбиржуулах үйлчилгээтэй инвазив бус эмчилгээний аппарат

“SIS буюу Super inductive system” төхөөрөмж нь мэдрэл булчингийн хурц болон архаг өвдөлт намдаах, булчин суллах, булчин чангалах, ясны бороожилт, эд эсийн нөхөн төлжилт сайжруулах, цусан хангамж нэмэгдүүлэх, үений мобилизаци хийх үйлчилгээтэй аж.

Интермед “Сэргээн засах төв” нь тухайн хүний хэрэгцээ, онцлогт тохируулсан сэтгэл засал, хоол зүй, хөдөлгөөн засал, физик эмчилгээний аргыг хослуулсан цогц үйлчилгээг үзүүлдгээрээ давуу талтай юм.

“ӨВДСӨН ЦАГААС ЭХЛЭН СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭ ШААРДЛАГАТАЙ БАЙДАГ”

 

Сэргээн засах эмчилгээний эмч М.Цэрэндолгор “Сэргээн засах тусламж үйлчилгээ шаардлагагүй өвчин гэж байхгүй. Өвдсөн цаг мөчөөс эхлэн өвчтөний юу хүсэж байгааг хүртэл хийгддэг. Сэргээн засах эмчилгээ нь биеийн үйл ажиллагааны чадвар, түвшинг үнэлж, чадвар алдагдлыг оношилж эмчилж урьдчилан сэргийлдэг онцлогтой анагаах ухааны биеэ даасан салбар юм.

Манай төв нь хүн бүрийг өвдөхөөс өмнө эрүүлжүүлэн дэмжих, өвдсөний дараа чадвар алдалтыг арилгах, боломжийн дээд түвшинд хүргэх, амьдралын чанарыг дээшлүүлэх, танин мэдэхүй, нийгмийн оролцоог сайжруулах, сэтгэл зүй хоолзүйн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг сэргээн засах тусламж үйлчилгээг багаараа үзүүлэхээрээ онцлог.

Сэргээн засах эмчилгээний гол суурь болох хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал, сэтгэлзүй, хоолзүйн зөвлөгөө, физик эмчилгээ, туслах хэрэгсэл хэрхэн хэрэглэх гээд бүгд нэг дор байж цогц эмчилгээ болно. Мөн орчин үеийн дэвшилтэт технологиор бүтээгдсэн тоног төхөөрөмжүүдийг эмчилгээндээ ашиглаж байна.

  • Хөдөлгөөн засал нь биеийн далайц ихтэй хөдөлгөөнүүд болон алхах, босох, суух
  • Хөдөлмөр засал нь далайц багатай гарын нарийн нийлмэл хөдөлгөөн, өдөр тутмын үйл ажиллагааг
  • Хэл засал нь харилцааны болон залгих үйл ажиллагааны чадварыг сайжруулдаг.

Манай улс өвлийн улиралд агаарын бохирдол ихтэй байдгаас амьсгалын замын өвчлөл ихэсдэг. Тиймээс ханиад хүрэхээс сэргийлэн уушгиа хамгаалах, хэрхэн зөв амьсгалах талаар, мөн өвдсөн үед яаж зөв амьсгалах дасгалын техникүүдийг зааж бусад тохирох эмчилгээнүүдтэй хавсран хийх зэрэг нарийн мэргэжлийн эмч нартайгаа хамтран зөвлөгөө өгөх болно.

Бид өдөр тутамдаа ихэвчлэн буруу суух мөн буруу алхаж байж болно. Хэрвээ гутлын тань өсгийн аль нэг нь илүү элэгдээд байгаа бол алхалтад аа анхаарах, үзүүлэх хэрэгтэй. Мөн биеийн аль нэг булчин чангарч өвдөлт үүсэх өөрт тааламжгүй зовуурьтай байвал таны биед ямар нэгэн асуудал үүсэж байна гэсэн үг. Иймд манай “Сэргээн засах төвд” ирээд үзлэг,оношилгоо хийлгэн зөвлөгөө авах боломжтой”.

“Интермед” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал А.Саранбаатар “2022 онд Монгол Улсын эрүүл мэндийн сайдын сэргээн засах тусламж, үйлчилгээг хөгжүүлэх чиглэл, таван жилийн төлөвлөгөө гарсан. Мөн бидний үйл ажиллагаа, өдөр тутмын ажиглалтын үр дүнд өвдсөний дараа биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж, эрүүл амьдралыг тэтгэж байх ёстой гэж дүгнэсэн юм.

иймээс “Интермед” эмнэлэг нь жишиг цогц “Сэргээн засах төв” байгуулах зорилготой анхны төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Дэлхийн улс орнуудын хандлага, Монгол Улсын эрүүл мэндийн тусламж хэрэгцээ, бодлогод тулгуурлан үйлчилгээгээ шинэчлэн өргөтгөж цогц сэргээн засах төвөө нээж байна.

Сэргээн засах төвөөр дамжуулан хүмүүст эрүүл мэндийн боловсрол олгож сэтгэл санааны амар амгаланг түгээх нөхцөлийг бүрдүүлж буйгаараа онцлогтой. ДЭМБ-аас 2017 онд Сэргээн засах-2030 хөтөлбөрийг зарласан бөгөөд сэргээн засах тусламж үйлчилгээ шаардлагатай хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж одоогийн хангагдаагүй хэрэгцээ өндөр байгааг онцлон дэлхийн улс орнуудыг манлайлал, бодлого зорилтын түвшинд анхаарлаа хандуулах уриалга гаргасан.

Интермед эмнэлгийн эмч, эх баригч, сувилагчид тодорхой цагийн хуваариар уг төвд ирээд эрүүл мэндийн боловсрол олгоно. Тухайлбал ээж болох гэж буй хүнд сэтгэл зүй, биеэ хэрхэн бэлдэх, төрсний дараа биед гарах өөрчлөлтийг хэрхэн хүлээж авах гэх мэт зөвлөгөө өгнө. Мөн Монголд цөөн байгаа АНУ-ын Хүнс эмийн хорооноос өндөр үр дүнтэй технологи хэмээн батлагдсан “BTL” компанийн гурван төрлийн аппаратыг эмчилгээ, үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна” гэв.

Тус төвөөр бүх насны хүн үйлчлүүлж болох бөгөөд хүндрэл өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих, алжаал тайлах чиглэлээр ажиллаж байгаа юм.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст