Дэлхийн тамхигүй өдрийг ДЭМБ-ын гишүүн орнууд тамхины хор уршгийг олон нийтэд сурталчлах, тамхины хэрэглээг бууруулах зорилгоор жил бүрийн тавдугаар сарын 31-нд зохион байгуулдаг. Тэгвэл тус өдөртэй холбогдуулан тамхинаас гарахыг дэмжих хөтөлбөртэй эмнэлэг болох Интермед эмнэлгийн эмч нартай тамхинаас гарах, уушгины хорт хавдар түүний эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг зэргийн талаар ярилцлаа.
ikon.mn сайтаас зургийг авсан болно
“Хэвтэн эмчлүүлж байгаа тамхи татдаг эмчлүүлэгчдээ никотин орлуулах эмчилгээг хийдэг”
Интермед эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн төвийн эмч,
тамхинаас гарахыг дэмжих хөтөлбөрийн зохицуулагч
Ч.Нүрмаамаамаатай хөтөлбөрийнх нь талаар ярилцлаа.
– Танай эмнэлэг тамхинаас гарахыг дэмжих хөтөлбөртэй гэхээр сонирхол татаж байна.
– Бид эмнэлгээ тамхигүй орчин байлгах зорилготойгоор ажилчид эмчлүүлэгчдийнхээ дунд тамхинаас гарах хөтөлбөрийг анх 2016 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Энэ жил бид хөтөлбөрийнхөө хүрээнд “Уушгиа хайрлая” гэх уриалгыг олон нийтэд гаргаж Улаанбаатар марафонд хамт олноороо оролцох гэж байна.
– Эмчлүүлж байгаа хүмүүстээ бас тамхинаас гарах эмчилгээ хийдэг гэсэн үг үү?
– Бид хэвтэн эмчлүүлж байгаа тамхи татдаг эмчлүүлэгчдээ тамхи татсан хугацаа, никотиных нь хамаарлаас шалтгаалаад никотин орлуулах наалт болон эмийн эмчилгээг хийдэг. Мэс засалд ороод удаан хугацаанд хэвтэх хэрэгтэй болсон тамхи татдаг эмчлүүлэгчдээ никотин орлуулах эмчилгээ хийх зайлшгүй шаардлага тулгардаг.
– Ихэнх тамхи татдаг хүмүүс өглөө сэрэнгүүтээ өлөн дээрээ тамхи татдаг зуршилтай байдаг.
– Никотин хамаарлын судалгаагаар өлөн үедээ тамхи татдаг хүмүүс илүү өндөр никотины хамааралтай байдаг бөгөөд ходоодны шарх, хавдар, уушгины хавдар зэргээр өвчлөх эрсдэл илүү байдаг. Тамхинаас гарахын тулд хамгийн чухал нь өөрийн тамхинаас гарах хүсэл бөгөөд тамхи татах зуршил үүсгэдэг зүйлсээсээ хол байх, эсвэл өөрчлөхийг хичээх хэрэгтэй. Жишээ нь хоол идсэний дараа тамхи татдаг бол тэр үед өөр ямар нэг хийх зүйл олбол сайн.
“Судалгаагаар уушгины хорт хавдраар нас барсан хүмүүсийн 80-90 хувь нь тамхины шалтгаантай байжээ”
Тамхины хэрэглээ нь уушгины архаг бөглөрөлт өвчний үндсэн шалтгаан болдог байна. Энэ нь уушгины жижиг бүтцэд эргэшгүй өөрчлөлт өгч байгаа эмгэг бөгөөд тамхи татдаг хүний амьсгалын дутагдал татдаггүй хүнийхээс илүү өндөр байдаг аж.
Түүнчлэн 30-аас дээш жил тамхи татсан тохиолдолд уушгины фиброзжих эмгэг үүсэж эхэлдэг. Энэ нь ихэвчлэн 70-аас дээш насанд тохиолддог бөгөөд энэ эмгэгийн үед уушги солихоос өөр аргагүйд хүрдэг байна. Уушги солих хагалгаа хийдэг орнууд дэлхийд маш цөөхөн байдаг. Манай улсад КОВИД-19-ийн дараа уушги фиброзжих тохиолдлууд их гарч байжээ.
Уушгины хорт хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар
Интермед эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эрхлэгч,
Монголын цээжний хөндийн дүрс оношилгооны нийгэмлэгийн тэргүүн, АУ магистр Х.Хулантай ярилцлаа.
Уушгины хорт хавдраар нас барсан хүмүүсийн тоо өндөр байгаа нь юутай холбоотой вэ?
– Оношилгоо, эмчилгээнд дэвшилтэт технологи нэвтэрсээр байгаа ч хүмүүс шинж тэмдэг илэрсэн, рентген зурагт том масс гарчихсан үед ирдэг. Уушги нь зүрх, томоохон судаснууд гэх мэт амин чухал эрхтнүүдтэй ойр байрладаг түргэн явцтай мөн нас баралт хамгийн өндөртэй хавдар юм. Хавдар гэж оношлогдох л юм бол мэс заслаар авах нь хамгийн сайн арга. Харамсалтай нь, манайхан ихэнхдээ гурав, дөрөвдүгээр шатандаа оношлогддог. Энэ үед уушгины талбайдаа бус, эргэн тойрны эд рүү нэвчиж ургасан, алсын үсэрхийлэл өгсөн байдаг тул мэс засал хийх боломжгүй, хийгдсэн ч дараа нь удаан хугацааны хими, туяа эмчилгээ хийх шаардлагатай байдаг. Хими, туяа эмчилгээ удаан хийлгэснээс бие махбодын дархлаа ихээр дарангуйлагдаж, хоёрдогч хүндрэлүүд болох халдвар болон бусад хүндрэлүүдээр нас барах нь бас бий.
– Компьютер томографийн (КТ) шинжилгээний давуу талыг танилцуулна уу?
– Компьютер томографи уушгины хавдрыг сантиметрээс доош хэмжээтэй жижиг зангилаа байхад нь илрүүлж чаддаг. Зангилааны доторх бүтэц, хэмжээ зэрэг нь КТ-т илүү сайн харагдах учир ялган оношилгоог нарийн болгодог гэсэн үг.
Мөн манай КТ-н төхөөрөмжид энгийн горимоос туяаны ачаалал багатай горим байдаг. Шинжилгээний эхний хариу ямар гарахаас дараагийн хяналтын шинжилгээ хийлгэх хугацаа хамаарна. Жишээ нь: Эхний КТ зурагт үүсэл гарал нь мэдэгдэхгүй жижиг зангилаа гарсан бол хэмжээнээс хамааран гурав, зургаан сар эсвэл нэг жилийн дараа томографийн шинжилгээ хийлгэх заалт өгөгддөг.
Цуврал зургуудад хэмжээ, бүтцийн хувьд тогтвортой байна уу гэдгээс хортой, хоргүй эсэх нь ихээхэн хамаарах ба хоёр жилийн хугацаанд ямар ч өөрчлөлтгүй бол хоргүй гэж үзэн хяналтаа зогсоож болох олон улсын удирдамжтай. Зурагт ямар ч сэжигтэй зүйл гараагүй бол жилдээ нэг удаа хийлгэхэд л хангалттай.
“Олон жил тамхи татаж байгаа хүмүүс шинжилгээ заавал хийлгэх хэрэгтэй”
ikon.mn сайтаас зургийг авсан болно
– Манайхан компьютер томографийн шинжилгээнд хэр их хамрагддаг вэ?
– Манай уушгины багц болон томоохон урьдчилан сэргийлэх багцын шинжилгээнүүдэд КТ шинжилгээ багтдаг. Уушгины КТ хийгдэж буй заалтуудад, ихэвчлэн шинж тэмдэг өгсөн, эсвэл өөр эмнэлгүүдэд рентген зураг авхуулаад сэжигтэй өөрчлөлт гарч ялган оношилгоо хийлгэх зорилгоор ирэх нь олонтой.
Манай улсад хүн амын эрүүл мэндийн боловсрол дутмаг мөн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо учир дутагдалтайн улмаас хүмүүс өөрт нь ямар өвчин тусах эрсдэлүүд байгаа, хэдий наснаас эхлэн ямар шинжилгээнүүдэд хамрагдах ёстой, хаана хийлгэхээ мэддэггүй.
Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний төлбөрийн дийлэнх хувь нь эрүүл мэндийн даатгалын сангаас олгогдон хувь хүн өөрөө бага төлөх тохиолдолд хүн бүр л үзүүлэхийг хүснэ шүү дээ. Үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдсанаар өөрчлөлт илэрвэл эрт үед нь оношилж, бүрэн төгс эмчлэгдэх болно.
– Ийм шинжилгээнд нэн түрүүнд хамрагдах ёстой хүмүүс гэвэл…?
– Гучаас дээш жил, өдөрт нэг хайрцаг тамхи татдаг, 55-аас дээш насны, ойрын төрөлд нь хорт хавдраар өвчилсөн хүн байдаг бол жил бүр уушгины КТ хийлгэх хэрэгтэй. Мөн барилга, зам засварын ажилд ашиглагддаг асбест уушгины хорт хавдар үүсгэх том хүчин зүйл болдог учраас ийм орчинд олон жил ажилласан хүмүүс шинжилгээнд тогтмол хамрагдах нь зүйтэй.
Ер нь олон жил тамхи татаж байгаа хүмүүс КТ шинжилгээ заавал хийлгэх хэрэгтэй.
– Эрт илрүүлж чадахгүй байгаа нь хүмүүс шинж тэмдгээ мэдэхгүй байгаагаас болж байгаа байх тийм үү?
– Сүүлийн хоёр жил эрт илрүүлгийг орон даяар өрнүүлсэнтэй холбоотой уушгины хавдрын оношилгоо сайжирсан гэхдээ эрт илрүүлэгт рентгенийг ашигласан.
Рентгенийг КТ-тай харьцуулахад уушгины хорт хавдрыг 20% орчим алдаж байдаг нь энэхүү шинжилгээний мэдрэг чанар султай холбоотой. Тиймээс эрсдэлт бүлгээ зөв тодорхойлоод эрт илрүүлгийн аргадаа шууд тунгийн ачаалалт багатай компьютер томографийг оруулах юм бол бид олон хавдрыг эрт шатанд оношилж олон хүний амь насыг нь аврах боломжтой болно.
Хий ханиах, цустай цэр гарах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдгүүд илрэх нь үе шат нэлээд даамжирсан байгааг илтгэж байгаа юм.
– Зарим хүмүүс олон жил тамхи татсан хэрнээ шинжилгээ өгөхөөр хариу нь ямар ч асуудалгүй гарлаа гэдэг энэ нь боломжтой юу?
Нэг удаагийн шинжилгээний хариу хэвийн гарлаа гээд цаашдаа хорт хавдар үүсэхгүй гэсэн үг биш. Тамхиа үргэлжлүүлэн татсаар л байвал уушгины хавдрын эрсдэл танд байсаар байх болно.
Эрт илрүүлгийн гол зорилго нь ямар нэгэн шинж тэмдэг өгөөгүй ч хавдар байх магадлалтай маш жижиг хэмжээний зангилаа үүссэн эсэхийг тодруулж улмаар эмчилгээ, хяналтын менежментийг тодорхойлох зорилготой. Түүнчлэн тамхи татдаг хүн манай эмнэлэг дээр ирээд өөрийн уушгийг шинжлүүлье гэвэл уушгины багц шинжилгээг өгч болно.
Үүнд уушгины багтаамжийн шинжилгээ болон компьютерын шинжилгээ зэрэг ордог. Уушгины багтаамжийн шинжилгээгээр уушгины багтаамжийнхаа талаар мэдээлэл авах бол компьютерын шинжилгээгээр хавдрын шинжтэй зангилаа байна уу, үгүй гэдгийг илүү нарийн мэдэж авна.