Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Нойр булчирхайн хорт хавдраар оношлогдсон нийт тохиолдлын 10 хувьд л мэс засал хийх боломжтой байдаг
Нийтэлсэн огноо: 2023-05-01

/IKON.MN – ИЙН ЗӨВШӨӨРЛӨӨР ЗУРГИЙГ АШИГЛАВ/

Хавдар судлалын клиникийн профессор, Анагаах ухааны магистр, Тэргүүлэх зэргийн эмч, “Интермед” эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмч Э.Тайванбаатартай нойр булчирхайн хорт хавдрын талаар ярилцлаа.

– Элэг, цөс, нойр булчирхайн асуудал хамт яригдаж байгаагийн цаад учир шалтгааны талаар ярилцлагаа эхлүүлье?  

– Элэг, цөсний зам, нойр булчирхай зэрэг эрхтэн нь үйл ажиллагаа болон анатомийн бүтцүүдийн хувьд салшгүй хоорондоо холбоотой. Аль нэгнийх нь үйл ажиллагаа доголдож, өвчлөхөд бусдадаа нөлөөлж, дутагдалд орох, цаашлаад амь насанд нь хүрэх нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Тэр дундаа эдгээр эрхтний хорт хавдрын тохиолдол Монгол Улсын хэмжээнд тэргүүлэх хандлагатай болоод удаж байна. Иймд элэг, цөсний зам, нойр булчирхайн аль нэгийг нь орхигдуулан ярих боломжгүй.

– Эрхтэн тус бүр өөр өөрийн үүрэгтэй. Тэгэхээр элэг, цөс, нойр булчирхайн үйл ажиллагааны харилцан хамаарлыг тодруулбал?

– Элэг нь хэвлийн хөндийн эрхтнүүдийн цусыг хураан зүрх рүү явах замд фильтерийн үүрэг гүйцэтгэдэг. Түүнийг энергийн нарийн нийлмэл үүрэгтэй бодисын солилцоонууд явагддаг аварга том үйлдвэртэй зүйрлэж болно.

Цөс, нойр булчирхайн үйл ажиллагаанд маш чухал үүрэгтэй шар ногоон шингэнийг элэг үйлдвэрлэдэг. Том цөсний цоргонуудаар энэхүү шингэнээ хурааж, ерөнхий нэг цоргоор урсан нойр булчирхайн цорготой нийлнэ. Улмаар нойр булчирхайн шүүстэй холилдон нарийн гэдсэнд орж хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог юм.

– Манай улс дахь хорт хавдрын шалтгаант нас баралтыг элэгний хорт хавдар тэргүүлдэг шүү дээ?

– Тийм ээ, үүнийг жил бүрийн статистик тоон мэдээллээс харж болно. Элэг, цөсний замын эмгэгүүдийн талаар манай мэргэжил нэгт нөхөд маш их мэдээллийг нийгэмд түгээдэг. Гэвч нойр булчирхайн өвчин эмгэгийг талаар дурддаггүй. Одоогоос 10-аад жилийн өмнө нойр булчирхайн хорт хавдар тун ховор тохиолддог байсан.  Өнөөдрийн байдлаар хавдрын тэргүүлэх шалтгаант нас баралтын дөрөвдүгээрт орох хэмжээнд хүртлээ нэмэгдэж байна.

Миний бие ХСҮТ-д 15 жил ажилласан. 10 гаруй жилийн өмнө нойр булчирхайн хагалгаанд жилдээ 20-30 удаа ордог байсан. 2020 оны үед жилдээ 50-60 хүнд тогтмол хагалгаа хийжээ. Гэхдээ нас баралт өндөр хэвээр байна.

Нойр булчирхайн хорт хавдрын шинэ тохиолдлын тоо дэлхийн хэмжээнд 2012 онд 337,872 байсан бол 2020 онд 495,773 болж өссөн. Харин нойр булчирхайн хорт хавдрын шалтгаант нас баралтын тоо 2012 онд 330,372 байсан нь 2020 онд 466,003 болж үсрэнгүй өссөн үзүүлэлттэй байгаа. Үүнийг хотжилт, үйлдвэржилтийг дагасан орчин цагийн аюулт өвчин гэж хэлэхээр хэмжээнд хүрсэн. Тиймээс энэ төрлийн хорт хавдрын талаар хөндөх шаардлага үүслээ.

/IKON.MN – ИЙН ЗӨВШӨӨРЛӨӨР ЗУРГИЙГ АШИГЛАВ/

“Дам тамхидалт нойр булчирхайн хорт хавдар үүсгэх эрсдэлтэй”

– Нойр булчирхай нь бүтцийн хувьд ямар шинж чанартай байдаг вэ? 

– Нойр булчирхайн өвчлөл яагаад үүсдэг талаар ярихын өмнө нойр булчирхайн бүтэц, физиологийн үүргийн талаар дурдах нь чухал. Нойр булчирхай нь толгой, хүзүү, их бие, сүүл гэсэн хэсгээс бүрдэх 12-15 сантиметрийн урттай эрхтэн. Хэвлийн хөндийн төв хэсгийн арын зайнд ходоод, гэдэс, олон том цусны судаснуудаар бүслэгдэн байрлах бөгөөд гадаад, дотоод шүүрлийн үүрэгтэй.

  • Бидний идсэн хоолыг нойр булчирхай задалж, боловсруулдаг. Ингэхдээ шүүрлийн шүүсийг үйлдвэрлэн өөрийн жижиг цоргонуудаар хурааж, нэг том цоргоор цөсний ерөнхий цоргоны төгсгөлтэй нэгдэн ходоодны гарах хэсгээс үргэлжлэх нарийн гэдэс рүү цутгадаг. Анатомийн хувьд хоол боловсруулах олон эрхтний уулзвар, бүтэц, үйл ажиллагааных нь гүүр болсон амин чухал үүрэгтэй гадаад шүүрлийн булчирхай юм.
  • Нөгөөтээгүүр цусанд агуулагдах глюкозын түвшнийг тэнцвэржүүлж, амин хүчлийн шингээлт, уургийн үйлдвэрлэлийг дэмжиж, өөх тосны солилцоонд чухал үүрэгтэй глюкагон болон инсулин гэх зэрэг дааврыг/гормон/ үйлдвэрлэдэг дотоод шүүрлийн булчирхай.

– Хоносон хоол идсэнээс болж, нойр булчирхайн хорт хавдар үүснэ гэх нэгэн ч бий. Энэ өвчин үүсэх шалтгааныг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахгүй бол иргэдийн дунд буруу ойлголт бий болжээ гэж харахаар байна?

– Нойр булчирхайн хорт хавдар үүсэхэд олон шалтгааны хүчин зүйлс болон урьдал нөхцөлүүд нөлөөлнө. Аливаа нэг хүчин зүйл дангаараа хорт хавдрын шалтгаан болдог гэдэгт хэт туйлширч болохгүй. Шалтгааны хүчин зүйлсийг гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөлөл гэж ангилдаг.

Гадаад шалтгааны хүчин зүйлсэд

Амьдралын хэв маяг, гадаад орчны хүчин зүйлс буюу өөх тос, холестеролын хэт их хэрэглээ, нитросамин агуулсан хоол хүнс, архи, тамхины хэрэглээ, мөн дам тамхидалтын өртөлт, амьдарч буй орчны бохирдол, цацраг идэвхт бодисын өртөлт зэрэг нь голлох шалтгаан болдог.

Мөн нойр булчирхайн хорт хавдар үүсэхэд нөлөөлөх маш аюултай гадаад хүчин зүйлс уул уурхай, металл, цахилгаан, химийн үйлдвэр, станцууд, асбестос, 2-нафтиламин, автомашины бензин, түлш, авто тос, тосолгооны бүтээгдэхүүнүүд, цацраг идэвхт бодис, хуурай цэвэрлэгээний бодисууд гэх мэт олон төрлийн хорт бодисууд, дээрх газар ажилладаг хүнийг өндөр эрсдэлтэй бүлэгт хамааруулдаг.

Дотоод шалтгааны хүчин зүйлсэд

Таргалалт, нойр булчирхайн үрэвслүүд, төрөл бүрийн удамшлын болон төрөлхийн өвчнүүд, хорт хавдрын удамшлын урьдал байдал энэ ангилалд хамаарна. Мөн зөв бус, зүй бус хооллолт, хөдөлгөөний дутагдал, таргалалт зэрэг нь нойр булчирхайн хорт хавдрын урьдал болох архаг, цочмог үрэвслүүд, хоргүй хавдар, уйланхай үүсэхэд нөлөөлдөг.

Нойр булчирхайн хорт хавдартай хүмүүсийн

  • 95 хувьд “KRAS” генийн мутац,
  • 80 хувьд нь “p16” генийн мутац,
  • 50 хувьд нь “TP53” мутац,
  • 5 хувьд нь “BRCA2” мутац нөлөөлсөн байдаг.

Хорт хавдрын удамшлын “BRCA2” генийн мутацтай хүмүүст нойр булчирхайн хорт хавдар үүсэх эрсдэл 10 дахин их байдаг. Харин тамхи татдаг бол жирийн хүнтэй харьцуулахад 10 дахин өндөр эрсдэлтэй урьдал байдал дээр нэмээд 40 хувийн эрсдэл нэмэгддэг гэсэн судалгаа бий.

Гадаадын өөр нэгэн судалгаанд тамхи татдаг хүмүүсийг татдаггүй хүмүүстэй харьцуулахад нойр булчирхайн хорт хавдар үүсэх магадлал 70 хувийн эрсдэлтэй байдаг хэмээн тэмдэглэсэн байдаг.

– Та яриандаа олон улсын хамтарсан судалгаа хийсэн гэдгийг цухас дурдсан. Энэ сонирхол татаж байна?

– Манай улсын ХСҮТ-ийн баг, АНУ, Сингапур, Испанийн зэрэг олон улсын судлаачид хамтран монголд хагалгаанд орсон 192 хүн, европд хагалгаанд орсон 300 гаруй хүний тайрсан элгэнд генийн мутацын шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнгээ өнгөрсөн оны аравдугаар сард pubmed сайтад нээлттэй байршуулсан. Монголд хагалгаанд орсон элэгний хорт хавдрын эсийн генийн шинэ мутац илэрсэн нь нүүрсний утаа, агаарын бохирдолтой холбоотой байсан юм. Орчны бохирдол хүний биед хэрхэн нөлөөлж байгааг ганцхан судалгаанаас харж болно.

“Хүн таргалахад биеийн бүх эд эрхтэн, булчин хүртэл өөхөн хувиралд ордог”

– Таргалалтыг дахин дахин дурдаад байгаа нь нойр булчирхайн өвчлөлд асар их нөлөөлдөг гэсэн үг үү? 

– Зөвхөн нойр булчирхай биш бүх өвчний шалтгааны эрсдэлт хүчин зүйлсэд таргалалтыг ярих ёстой. Хүн таргалахад биеийн бүх эд эрхтэн, булчин хүртэл өөхөн хувиралд ордог. Нойр булчирхай өөхөн хувиралд орох, үрэвсэл, цочрол зэргээс болж нойр булчирхайн эсүүд үхэж, холбогч эд болж хувирна. Үүнээс үүдэн ажиллагаатай эсүүд нь цөөрч, нойр булчирхайн цирроз болдог.

Улмаар нойр булчирхайн хатуурал, хатангиршил болсноор нойр булчирхайн үйл ажиллагааны дутагдал үүсэж, ялгаруулдаг гормон, энзимүүд үйлдвэрлэх нь багасна. Түүнчлэн цусанд сахар ихсэн чихрийн шижин үүсэх, хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдах ч эрсдэлтэй.

Чихрийн шижингийн хүндрэл ямар аюултайг хүн бүр мэднэ. Захын судаснууд хатуурч, бөглөрснөөс зүрхний шигдээс, бөөрний дутагдал, цус харвалт, мөчдөд үхжилийн шарх үүсэж, хөл гараа тайруулах ч хүндрэл үүснэ. Өөрөөр хэлбэл, тамхи, таргалалтыг нойр булчирхайн үйл ажиллагааны дутагдалд хүргэдэг урьдал өвчнүүд гэж ойлгож болох юм. 

– Тоон мэдээллээс харахад нойр булчирхайн хорт хавдар илэрсэн ч тэр хэмжээний хүн нас барсныг хүндэрсэн хойно мэдсэн гэж дүгнэхээр байна. Энэ төрлийн хорт хавдартай хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ?

Нойр булчирхайн хорт хавдраар оношлогдсон нийт тохиолдлын 10 хувьд л хагалгаа хийх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, 90 хувь нь мэс засал хийлгэх боломжгүй буюу хожуу шатандаа оношлогдож байгаа учир химийн болон хөнгөвчлөх эмчилгээ л хийлгэж байна. Маш ховор тохиолдолд химийн эмчилгээ нь үр дүнтэй болоод мэс засал хийлгэж хэмжээнд сайжирдаг.

Ихэнх тохиолдолд элэг, цөс, нойр булчирхайн хавдартай үед шинж тэмдэг илрэхгүй байх нь бий. Шинж тэмдэг нь хавдрын үе шат, байрлал, тоо хэмжээнээс шалтгаална. Цөсний замд хавдар үүсэж тагласан тохиолдолд шарлах шинж тэмдэг илэрч болно.

Хэрвээ хавдрын хэмжээ хэт томорч, бусад эрхтэн рүү нэвчсэн бол зовуурь илэрч өвддөг. Нарийн болон бүдүүн гэдэс рүү нөлөөлсөн бол гэдэсний түгжрэлийн шинж илэрдэг. Ядарч сульдах нь ихэнх хавдрын гол шинж тэмдэг болдог. Нойр булчирхайн хавдар урьдчилан сэргийлэх үзлэг болон тохиолдлоор оношлогдох нь элбэг.

– Нийгмийн сүлжээнд цөсөө цэвэрлэснээр хэвлий хэсгээрээ турах боломжтой гэсэн утга агуулга бүхий мэдээлэл их гаргадаг болсон. Энэ нь нойр булчирхайн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна? 

– Сүүлийн үед дэлхий дахинд амьдралын дасгалжуулагч нар (life coach, fitness coach, diet coach) цөсний хүүдий угаадаг холимог бэлдмэлүүд зөвлөж байна. Үүнийг олон улсын мэргэжлийн эмч нар ямар нэг шинжлэх ухааны үндэслэлгүй хэмээн шүүмжилдэг.

Тухайн гэдэс туулгадаг гэх хүнсний бүтээгдэхүүний холимог нь гэдэс цэвэрлэж, цөсний ялгаралтыг сайжруулах нөлөө үзүүлж болно. Гэсэн хэдий ч гүйлгэх нь нойр булчирхайн цочролын эсрэг хариу урвал учир хүчээр нойр булчирхайг цочроож байхыг бас үгүйсгэхгүй. Тухайн холимог шингэн нь цөсний хүүдийг угааж байна гэсэн буруу ойлголт яваад байгаа.

– Энэ төрлийн хавдрыг эмчлэх үр дүнтэй арга бий юу? 

– Элэг, цөсний замууд болон нойр булчирхайн байрлалын хавдрын гол эмчилгээ нь мэс засал. Нойр булчирхайн байрлал, анатоми, физиологийн дээрх төвөгтэй, маш нарийн бүтэц, үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан эмчилгээний хүндрэл болон мэс засал дэлхий дахинд эрсдэл өндөртэйд тооцогддог.

Нойр булчирхайн маш олон төрлийн хортой болон хоргүй уйланхайнууд байдаг. Бид олон улсын удирдамжаа дагаж хавдрын оношилгоо, эмчилгээний шийдвэрүүдээ гаргадаг.

Нойр булчирхайн уйланхайн хувьд Японы Сендай, Фукуока удирдамжийг дагаж байгаа. Жишээлбэл, хавдар гурван сантиметрээс дээш бол эхоны үзүүртэй дурангаар хатгалт хийх шинжилгээ авдаг. Тухайн соруулсан шингэнд эсийн шинжилгээ, хавдрын маркер, биохимийн шинжилгээ хийж, нарийн шалгуур удирдамжуудыг үндэслэл болгодог гэдгийг онцлох хэрэгтэй.

Манай “Интермед” эмнэлгийн хувьд элэг, цөсний зам, нойр булчирхайн хорт хавдрууд, тэдгээрийн урьдал эмгэгүүдийг урьдчилан сэргийлэх, ялган оношлох бүх төрлийн шинжилгээ, оношилгоо, эмчилгээнүүдийг олон улсын удирдамжуудын дагуу хийдэг. Дурангийн хагалгаагаар хавдрын дэвшилтэт (Advanced cancer surgeries) мэс засал эмчилгээнүүдийг хийдгээрээ давуу талтай. Манай хамт олон орчин үеийн техник, технологиудыг цаг алдалгүй эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлэн нутагшуулж байгааг дуулгахад таатай байна.

– Тэгвэл бид уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ? 

– Мэдээж урьдчилан сэргийлж болно. Хоол хэт сойх, өөх тос хэт их хорих нь буруу. Ер нь бол хоол хүнсээ тохируулж хэрэглэх нь чухал. Жишээлбэл, өөх тос тохирсон хэмжээгээрээ хүнд хэрэгтэй ч хэмжээ нь хэтрэхээр л хор болдог.

Зөв хооллолт, зүй зохистой хооллох нь ялгаатай ойлголт. Иймд хоол хүнсэндээ хэрэглэж буй зүйлсийнхээ орц, хэмжээ, хоорондын нийцэл, тохироо зэргийг тохируулж зүй зохистой хэрэглэж сурах нь маш чухал болохоос бүх зүйлсийг хоригловол бидэнд идэх зүйл олдохгүй.

Түүнчлэн дээр дурдсанчлан өндөр эрсдэлт бүлэгт хамаарах иргэд аль болох хорт хавдар үүсгэж болох хүчин зүйлсийн өртөлтөөс өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалснаар энэхүү аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+