Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

М.Одбаатар: Дурангийн хагалгаа нь дэлхийн жишиг болсон эмчилгээ
Нийтэлсэн огноо: 2022-01-27

– Дурангийн мэс засал нээлттэй хагалгааг бодвол хийлгэж байгаа хүндээ зовуурь багатай гэдэг. Өөр ямар давуу талтай байдаг вэ?

– Эмчлүүлэгчийн биед хэдий чинээ бага зүслэг хийнэ, төдий чинээ бага гэмтэл үүсэж, тэр хэмжээгээр өвчтөнд өвдөлт зовуурь бага байдаг. Нээлттэй мэс засал эмчилгээтэй харьцуулахад дурангийн мэс засал эмчилгээ нь эмнэлэгт хэвтэх хугацаа бага, хөдөлмөрийн чадвар хурдан сэргэх, гоо сайхны хувьд давуу талтай байдаг. Нээлттэй мэс заслын үед цээжний хөндийг 20-30 см орчим нээдэг. Харин дурангийн хагалгааны үед 3-4 дахин бага зүслэг хийдэг. Түүгээр камер болон дурангийн багажууд оруулаад, дэлгэцэн дээр харж хагалгаа хийдэг гэсэн үг.

– Дурангийн хагалгаанд хүмүүс хэр итгэлтэй болж байна вэ. Цээжний хөндийн ямар эрхтэнд дурангийн хагалгаа хийх боломжтой вэ?

– Дурангийн хагалгаа нь нэлээд олон давуу талтай учраас хүмүүс дурангийн хагалгааг илүүд үзэх хандлагатай байна.

Манай цээжний хөндийн мэс заслын тасгийн хувьд улаан хоолой, уушги, хөх, голтын эрхтнүүдийн хортой, хоргүй хавдрын болон үрэвсэлт өвчнүүдийн хагалгааг хийж байгаа. Нийт хагалгааны 80-90 орчим хувийг дурангаар хийж байна.

– Танай эмнэлэгт хаанахын ямар тоног төхөөрөмж ашиглаж байна вэ?

– Манай эмнэлэгт элэг, цөс, ходоод, мухар олгой, эвэрхий, нойр булчирхай, шээс, бөөрний замын, бүдүүн шулуун гэдэсний, эмэгтэйчүүдийн нээлттэй болон дурангийн мэс засал хийдэг. Сүүлийн үед нэвтрүүлээд байгаа гарын алга хөлрөх эмгэгийн дурангийн мэс засал, үений болон гэмтэл согогийн мэс заслуудыг мөн хэлэлгүй өнгөрч болохгүй. Энэ бүгдэд тохирсон багаж, тоног төхөөрөмж ашиглана. Дурангийн хагалгаанд хэрэглэгддэг багаж, тоног төхөөрөмжүүд өртөг өндөртэй. Эдгээр нь жил бүр шинэчлэгдэж, боловсронгуй болж байна. Манай эмнэлэгт дурангийн мэс засалд шаардлагатай бүх л аппарат, тоног төхөөрөмжүүд байгаа. Одоогоор Герман улсын “Karl Storz”, Японы “Olympus” компанийн багаж, хэрэгслүүдийг ашиглаж байна. Ирэх онд 3D тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөөд байна.

– Хагалгаа амжилттай хийгдэхэд юу чухал байдаг вэ?

– Хагалгаа хийхэд багийн ажиллагаа маш чухал. Цээжний хөндийн мэс засал өвөрмөц унтуулга шаарддаг бөгөөд хагалгааг нэг уушгины амьсгалаар хийдэг. Энэ нь зөвхөн хагалгаа хийх талынхаа уушгийг унагаж, тэнд орон зай үүсгэн, тохиромжтой орчныг бүрдүүлж байж хагалгааг хийнэ гэсэн үг. Хагалгааны өмнөх унтуулга, хагалгааны өмнөх болон дараах нөхөн сэргээх эмчилгээ маш чухал. Тиймээс сувилгааны багийн тусламжтайгаар хагалгаа амжилттай болдог. Ер нь дурангийн хагалгааг амжилттай хийж гүйцэтгэхэд техник, тоног төхөөрөмжөөс гадна хүний нөөцийг сайн бэлтгэх нь чухал байдаг. Энэ тал дээр эмнэлгээс эмч ажилчдадаа олон улсад мэргэжил дээшлүүлэх, чадавхжуулах, туршлага солилцох нөхцөл боломжуудыг бүрдүүлж өгдөг.

– Нээлттэй хагалгааг бодвол дурангийн мэс засал арай урт хугацаа шаарддаг гэж сонссон?

– Тийм ээ. Хоёр дахин удаан үргэлжилдэг. Гэсэн хэдий ч дурангийн хагалгаа нь дээр дурдсан олон давуу талуудтай учраас дэлхийн жишиг эмчилгээ болсон.

– Танай эмнэлэгт орж байгаа хагалгааны 90 орчим хувь нь дурангийн хагалгаа орж байна гэж түрүүн хэллээ. Дурангийн хагалгааны техник байнга шинэчлэгдэж байдаг байх даа?

– Дэлхий нийтийн чиг хандлага нээлттэйгээс илүүтэй дурангийн хагалгаа болоод удаж байна. Цээжний хөндийд 3-4 жижиг зүслэг хийгээд хагалгаа хийдэг байсан бол 3 болгоод, 2 болгоод, одоо нэг зүслэгт хүрцээр уушгины хагалгаа хийгээд хүнд үзүүлэх гэмтлийг улам бүр л багасгаад байна. Манай эмнэлэгт сүүлийн үед нэг зүслэгт хүрцээр уушгины хагалгаануудыг хийж байна. Мөн энэ аргаар улаан хоолой болон голтын хагалгаануудыг хийж байна.

– Коронавируснээс үүдсэн уушгины өвчлөл, дараах хүндрэл их гарч байна гэж байгаа. Танайхаар ийм өвчтөн хэр их ирж байна вэ?

– Уушгины өвчлөл нэлээд их байна. Ялангуяа ковидын шалтгаант уушгины хатгаа хүндрэх, нөгөө талаас уушгины архаг хууч өвчлөл сэдрэх тохиолдол нийтлэг байна. Манай эмнэлгийн баг хамт олон эмчилгээ үйлчилгээ, оношилгоог цаг тухайд нь хүргэн ажиллаж байна.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+