Хүний чихэнд үл сонсогдох хэт авиаг биемахбодид дамжуулж, эд эрхтний харилцан адилгүй шингээх, сарниах чанар дээр үндэслэсэн шинжилгээний арга ба жирэмсэн үед ургийн бүтэц, байрлал, хэмжээ, өсөлт зэргийг тодорхойлох зорилгоор хийгддэг. Өөрөөр хэлбэл, шинжилгээнд авиа ашигладаг, ямар нэг туяаны нөлөө үгүй юм.
- Жирэмслэлт умайн хөндийд хэвийн байрлалтай эсэх
- Энэ үед ургийн зүрхний цохилтыг тодорхойлох
- Ихэр жирэмснийг оношлох
- Жирэмсний болон төрөх хугацааг нарийвчлан тогтоох. Ялангуяа биений юмны мөчлөг тогтмол бус, сүүлийн биений юм хэзээ байсныг санахгүй байгаа эсвэл хөхүүл үед БЮМ ирээгүй байхад жирэмсэлсэн зэрэг тохиолдолд жирэмсний хугацааг энэ үед нарийвчлан тодорхойлох хэрэгтэй байдаг. Ийнхүү жирэмсний хугацааг нарийвчлан тогтоох нь турайн жирэмсний цаашдын менежментэд маш чухал байдаг тул та энэ хугацаанд заавал эхонд харуулаарай.
- Ихэр жирэмснийг оношлох
- Эрт үеийн зулбалт, өсөлтгүй жирэмснийг оношлох
- Ургийн гаж хөгжлийг илрүүлэх: Зарим томоохон хэмжээний гаж хөгжил энэ хугацаанд оношлогдох боломжтой байдаг.
- Дауны хам шинж, бусад хромосомын эмгэгийн эрсдлийг тооцох: Жирэмсний энэхүү хугацаанд ургийн шилэн хүзүүний зайг хэмжин, эхийн цусанд 2 төрлийн даавар тодорхойлон, эрсдлийг тооцдог. Тус хэт авиан шинжилгээг тусгай эрх бүхий эмч хийх ба ургийн хамар яс, зүрхний цусны урсгалын байдал зэргийг үнэлдэг. Шинжилгээг 30-40 минут хийдэг.
Ургийн бүтцийн нарийвчилсан шинжилгээг хийнэ. Хэт авиагаар ургийг шинжлэх үед ургийн тархи, нүүр, нуруу, зүрх, ходоод, гэдэс, бөөр, мөчид гэх мэт бүх бүтцийг үнэлдэг. Энэхүү шинжилгээг хийлгэхэд ойролцоогоор 30 минутаас 1 цаг шаардлагатай байдаг тул та заавал урьдчилан цаг товлосон байх хэрэгтэй.
Дээрхээс бусад хугацаанд ургийн байдал, өсөлтийг үнэлэх зорилгоор хэт авиан шинжилгээг шаардлагатай гэсэн үед хийдэг. Энэ үед:
- Ургийн толгойн хэмжээ, хэвлийн тойрог, дунд чөмөгний уртыг хэмжин, ургийн жинг тооцдог.
- Ургийн хөдөлгөөнийг үнэлдэг.
- Ихсийн байрлал, хөгжлийг тодорхойлдог.
- Цусан хангамжийн байдлыг үнэлэх зорилгоор умайн болон хүй, тархины артерийн судсанд Допплер шинжилгээ хийдэг.
Энэхүү шинжилгээг зүрхний эмч эсвэл тусгайлан мэргэжсэн эрх бүхий эмч хийх ба дараах тохиолдолд жирэмсний хяналтын эмч таныг илгээх болно. Үүнд:
- Ургийн нарийвчилсан хэт авиан шинжилгээгээр ургийн зүрхний бүтэц хэвийн бус байх эсвэл өөр төрлийн эмгэг илрэх
- Жирэмсний 11-14 долоо хоногтойд хийсэн хэт авиан шинжилгээнд ургийн шилэн хүзүүний зай ихэссэн байх
- Таны өмнөх хүүхэд зүрхний төрөлхийн эмгэгтэй төрж байсан бол
- Та чихрийн шижин өвчтэй бол
- Та эпилепсийн эсрэг эм хэрэглэж байгаа бол
Ихэвчлэн жирэмсний 18-23 долоо хоногтойд, түүнээс дээш хугацаанд ургийн зүрхний хэт авиан шинжилгээг хийдэг ба мэргэжлийн эмч танд шинжилгээний үр дүнгийн талаар тайлбарлан хэлж, цаашдын зөвлөгөөг өгөх болно.
Өмнө нь хожуу зулбаж байсан, дутуу төрж байсан эсвэл умайн хүзүүнд мэс ажилбар хийлгэж байсан жирэмсэн эмэгтэйчүүдэд жирэмсний 16-20 долоо хоногтойгоос эхлэн цуврал байдлаар умайн хүзүүний уртыг хэмжих хэт авиан шинжилгээг үтрээгээр хийдэг.
Өвөрмөц, онцгой бэлтгэл ихэвчлэн шаардлагагүй байх ба умайн хүзүүний уртыг үнэлэх тохиолдолд давсганд шээсгүй байх ёстой.
Жирэмсэн үеийн хэт авиан шинжилгээ нь бусад багажийн шинжилгээний нэгэн адил тодорхой давуу болон сул талуудтай.
Давуу тал нь:
- Үнэ хямд
- Үйлчлүүлэгчдэд хүртээмж сайтай
- Урагт сөрөг нөлөө бага
- Шинжилгээний урьдчилсан бэлтгэл шаардагдахгүй
- Оношлогооны ач холбогдол сайтай г
Сул тал нь:
- Тодорхой зарим гаж хөгжлийг илрүүлэх боломжгүй. Жишээ нь: зүрхний жижиг цоорхой, тархины зарим эмгэгүүд, хараа сонсголын өөрчлөлт, эд эрхтний үйл ажиллагааны алдагдал гэх мэт
- Заримдаа эмэгтэйн хэвлийн ханын зузаан зэрэг шалтгаанаар оношлогооны чадамж буурах
- Шинжлэгч эмч, мэргэжилтний ур чадвараас ихээхэн хамааралтай
- Хуурамч сөрөг хариу гарах магадлал өндөр
Дэлхийн анагаах ухааны практикт хэт авиан шинжилгээг 40 гаран жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн байдаг. Энэхүү хугацааны туршид хэт авиа нь урагт шууд нөлөөлж, гажиг үүсгэсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ та эмчийн заавраар хэт авиан шинжилгээндээ хамрагдаарай.
Зарим эмэгтэйчүүд жирэмсний хугацаанд зөвхөн эход харуулаад, жирэмсний бусад хяналтыг орхигдуулдаг тал бий. Жирэмсний хяналтын үед эмчийн үзлэг, зөвлөгөө, лабораторийн болон багажийн шинжилгээ цогц байдлаар хийгдэх шаардлагатай.
Интермед эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Х.Батнасан