MRI шинжилгээ нь эмчид үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн талаарх нэн шаардлагатай үнэ цэнэтэй мэдээллийг гарган өгдөг нэг төрлийн оношилгооны арга юм. Энэ шинжилгээ нь эсийн төвшинд гарсан өөрчлөлтөөс үүссэн хүний биеийн өөрийн соронзон чанарын хэлбийлтийг бүртгэж зураг болгон хувиргадаг технологид суурилдаг. Иймээс өвчин, эмгэг нь рентген болон компьютер томографын шинжилгээгээр илрэхгүй тохиолдолд MRI шинжилгээг ашигладаг.
MRI-н шинжилгээ нь хүний биед ямар нэгэн өвдөлт зовуур өгдөггүй. Тус шинжилгээг тусгайлан мэргэшсэн техникч, радиологич эмчийн шууд удирдлага дор хийдэг. Шинжилгээний өмнө техникч нь үйлчлүүлэгчид шинжилгээний зориулалтын хувцас өгч шаардлагатай нөхцөлд хувцсаа солих, хувийн эд зүйлсээ цоожтой хайрцаганд хийх болон шинжилгээний орон дээр хэвтэхэд нь тусална. Үйлчлүүлэгч тусгай зөөлөвч бүхий орон дээр хэвтэн дугуй төхөөрөмжний голд байрлахад MRI-н шинжилгээг хийдэг. Шинжилгээний үр дүнг үнэн зөв, чанартай гаргахын тулд тухайн үйлчлүүлэгчийн зүгээс аль болох тайван байж хөдөлгөөнгүй хэвтэх хэрэгтэй байдаг. MRI шинжилгээг эхлэхийн өмнө үйлчлүүлэгчид дуу чимээг багасгах зориулалтын чихэвч зүүлгэнэ. Учир нь MRI шинжилгээний үеэр тогших мэт янз бүрийн дуу чимээ гардаг ба эдгээр дуу авианууд нь төхөөрөмж ажиллах явцад гардаг энгийн дуу авианууд гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Зарим тохиолдолд MRI шинжилгээний үеэр венийн судсаар тодосгогч тарилга хийх шаардлага гарч болно. Энэ тохиолдолд танаас урьдчилан зөвшөөрөл авна.
MRI шинжилгээ нь маш хүчтэй соронзон орон бий болгодог тул металл эд зүйлсийг MRI аппарат байрласан өрөөнд ойртуулахыг хориглодог. Иймээс үйлчлүүлэгч нь шинжилгээ хийлгэхээс өмнө өөрийн биедээ зүүсэн үнэт эдлэл, металл эд зүйлсээ тайлж үлдээх шаардлагатай байдаг. Хэрэв үйлчлүүлэгч нь:
- Зүрхний электрон төхөөрөмж эсхүл метал хавхлаг суулгасан
- Хиймэл үе, ясны төмөр хадаас эсвэл суулгацтай
- Биедээ сум эсвэл металлын хэлтэрхийтэй
- Мэс заслаар тавигдсан судасны болон эд, эрхтний хавчаартай бол энэ шинжилгээнд орж огт болохгүй тул эмчдээ заавал энэ талаар мэдэгдэх ёстой байдаг. Эмч энэ тохиолдолд өөр шинжилгээг хийлгэх шийдвэр гаргана.
Хэрэв үйлчлүүлэгч өөрийн биед метал эд зүйлс байхгүй гэдэгт эргэлзээтэй байвал шинжилгээнд орохынхоо өмнө хариуцсан эмч болон техникчид мэдэгдэн шалгуулах боломжтой байдаг. Мөн биед суулгасан металл нь соронзон бус чанартай буюу алт, мөнгө, титан зэрэг бол эмчтэй урьдчилан ярилцсаны дүнд шинжилгээнд орох эсэхийг шийднэ.
Бага насны хүүхдүүдэд унтуулга хийгдэх ба унтуулгыг тухайн тохиолдолоос хамаарч уухаар сироп өгөх эсвэл судсаар хөнгөн унтуулна. Иймд шинжилгээнээс өмнө унтуулгын эмчтэй уулзаж шинжилгээг хэзээ хийхээ төлөвлөнө. Бусад тохиолдолд бэлтгэл хийх шаардлагагүй. Гэхдээ тодосгогч хэрэглэхээр бол өмнө нь бөөрний үйл ажиллгааны шинжилгээ өгч улмаар тодосгогч бодист харшилтай эсэхийг сорил тавьж шалгана.
Биеийн аль хэсэгт шинжилгээ хийхээс хамаараад ихэнх MRI шинжилгээ 20-45 минут үргэлжилдэг.
- Аль болох өөртөө эвтэйхэн, цахилгаан эсвэл метал түгжээгүй хувцас өмсөх.
- Шинжилгээнд орох өдрөө үнэт эдлэл зүйхээс аль болох зайлсхийх.
- Шинжилгээнд орохоос өмнө хүлээн авсан зааварчилгааг нэг бүрчлэн мөрдөх.
Хэрвээ танд тус шинжилгээтэй холбоотой ямар нэгэн асуулт гарах юм бол Дүрс оношлогооны тасагтай холбогдоорой.
Хэрвээ та тогтсон цагтаа ирж шинжилгээндээ орох боломжгүй бол Дүрс оношлогооны тасаг болон Үйлчлүүлэгчтэй харилцах албатай холбогдон захиалгаа цуцлаж, дахин цаг аваарай. Утасны дугаар: 7701-1111