Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Манайх ходоодны хавдрын дурангийн мэс заслыг дэлхий стандартаар хийдэг
Нийтэлсэн огноо: 2020-10-21

“Интермед” эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч Ц.Энх-Амгалантай ходоодны хорт хавдрын өвчлөл болон эмчилгээний талаар ярилцлаа.

-Монгол Улсын хувьд ходоодны хорт хавдрын өвчлөл болон нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлдэг гэсэн статистик байдаг. Энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд ходоодны хорт хавдрын өвчлөл өндөр байгаа гол шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Монгол Улс цөөн хүн амтай. Жилд ходоодны хорт хавдрын 1000 орчим тохиолдол бүртгэгддэг. Цаана нь бүртгэгдээгүй багахан хэсэг байхыг үгүйсгэхгүй. Гэтэл манай урд хөршид жилд 350-400 мянган хүн шинээр ходоодны хорт хавдартай гэж оношлогддог. Манай улсын хувьд өвчлөл ихтэй оронтой харьцуулахад өвчлөлгүй юм шиг харагдах хэрнээ 100 мянган хүнд ногдох аргачлалаар тооцохоор хамгийн өндөр өвчлөлтэй орны тоонд орж, эхний нэг, хоёрт Өмнөд Солонгос улстай зэрэгцэж байна. Монгол Улс жилд мянгахан тохиолдлыг эрт илрүүлж чаддаггүй учраас ходоодны хавдраар шинээр өвдсөн өвчтөнүүд хожуу үе шатанд оношлогдоод, оношлогдсоныхоо дараа нэг жилийн дотор нас бардаг тохиолдлоор дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байна. Нас баралтын шалтгаан нь Монголын эмнэлгүүд, эмч нар эмчилж чадахгүйдээ байгаа юм огт биш. Иргэд маань эмнэлэгт хандаж, оношилгоо хийлгэдэггүй, үүнээсээ болж төгс эмчлэгдэх боломжоо алдчихаад ирдэг. Ходоодны хорт хавдрыг эхний нэг, хоёрдугаар үе шатанд нь барьж авч эмчилж чадвал хамгийн сайн үр дүн гардаг. Эрт оношлогдсоноор таван жилээс илүү амьдрах боломж нь 90-иэс дээш хувь болдог. Энэ нь өвчнөө мартаад, эдгэрч хэвийн амьдрах боломжтой болно гэсэн үг. Гэтэл гуравдугаар үе рүүгээ орчихвол 5 жил амьдрах боломж 50-иас доош хувь руу ордог. Дөрөвдүгээр үед илүү хүнд болох нь ойлгомжтой. Тиймээс хамгийн чухал зүйл бол эрт үед нь илрүүлэх ёстой.

-Монголчуудын хувьд хорт хавдар тусч байгаа гол шалтгаан нь юу вэ?

-Монголчууд бидний дунд тохиолдож байгаа ходоодны хорт хавдарт онцлог шинж байна. Манайх Зүүн Азид багтдаг. Зүүн Азийн орнууд болох Хятад, Япон, Солонгост ходоодны гарах хэсгийн хавдар давамгайлдаг. Харин Монгол Улсад ходоодны дээд хэсгийн буюу амсар хэсгийн хавдар илүү давамгайлж байна. Нийт хавдрын 80 орчим хувийг ходоодны дээд хэсгийн хавдар эзэлж байгаа юм. Монголчууд яагаад Хятад, Солонгос, Японуудаас өөр байгаа шалтгааныг судалгаагаар тайлбарлах шаардлага бий. Үүнд нөлөөлж байгаа нэг хүчин зүй нь хеликобактери байх магадлалтай. Хеликобактери нь ходоодны салстыг үрэвсүүлдэг нян юм. Монголчуудын дунд тархсан хеликобактери нь Азид байдаг хэлбэрээс өөр, илүү “Барууны хэлбэр” давамгайлсан байдалтай байна. Давсны хэт хэрэглээ, халуун хоол, ундаар хооллодог хэв маяг нь хавдрын шалтгаануудад орно. Үүнээс гадна, таргалалт, илүүдэл жинтэй холбоотойгоор цээж хорсох зовиураар илэрдэг ходоод-улаан хоолойны сөөргөө өвчлөл их байдагтай холбоотойгоор ходоодны амсар хэсгийн хавдар давамгайлдаг байх талтай. Япон, солонгос иргэдийн биеийн жингийн индекс монголчуудынхаас маш бага. Илүүдэл жингээс болж ходоодны орох хэсгийн хавдар давамгайлж байж болох юм.

-Тэгэхээр ходоодны гарах хэсэг, орох хэсгийн хавдар нь эмчилгээний хувьд өөр, өөр байх уу?

-Мэс заслын хувьд ялгаатай. Доод гарах хэсэгт байрлалтай хавдрын үед ходоодыг бүхлээр нь авалгүйгээр дээд хэсгийг үлдээж хагалгаа хийж болдог. Харин дээд хэсэгт байгаа хавдрыг мэс заслаар эмчлэхдээ ихэвчлэн ходоодыг бүхэлд нь авдаг. Ингэснээр хүн ходоодгүй болдог. Амьдралын чанарын хувьд ходоодгүй болчихоор жин их алдана, ядрах сульдах эрсдэлтэй. Нөгөөтэйгүүр ходоодыг бүтнээр тайрах нь арай төвөгтэй байдаг. Мэс засал эмчилгээний шууд дараах үед гарах хүндрэлийн эрсдэл ихтэй. Үүнээс гадна өртөг ихтэй тоног төхөөрөмж шаарддаг.

-Хорт хавдрын дийлэнх нь хожуу оношлогдож байгаа нь асуудал болж байна. Эрт илрүүлгийг хэрхэн сайжруулах вэ?

-Уг нь жилд тохиолддог мянган хавдрыг эрт л илрүүлчихвэл ямар ч асуудалгүй. Үүний тулд иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгох нь чухал. Эрүүл мэндийн боловсрол гэхээр олон юм бодох хэрэггүй. Эрт илрүүлгийн үзлэгт хамрагдаж хэвших хэрэгтэй. Өвчилсөн байна уу гэдгээ оношлуулах зорилгоор эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах хэрэгтэй. Улс орон даяараа эрүүл мэндийн даатгалын системээ ашиглаж, иргэдээ зөв үзлэгт нь хамруулаад явбал жилд тохиолдож байгаа 1000 хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчлэх бүрэн боломжтой. Мэдээж энэ асуудалтай холбоотойгоор хүний нөөцийн асуудал яригдана. Хэт монопольжсон эрүүл мэндийн системийг өөрчлөх шаардлагатай. Хавдрыг зөвхөн Хавдар Судлалын Үндэсний Төвд л эмчилнэ гэдэг санхүүжилтийн зохион байгуулалттай явж ирлээ. Энэ нь Монгол Улс 1.5-2 сая хүнтэй байхад болж байсан. Гэтэл өнөөдөр гурван саяас илүү давсан хүн амтай болсон энэ үед энэ монопольжсон систем нь эрүүл мэндийн салбарын хөгжил, хүн амд хүрэх хавдрын эсрэг тусламж үйлчилгээний чанар хүртээмж цаашлаад өрсөлдөөнд тээг болчихоод байгаа. Өнөөдөр Хавдар судлалын төв шиг эмнэлэг дахиад 2-3-ыг барих юм уу, эсвэл одоо байгаа улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийг энэ тал дээр чадавхижуулж, хөгжүүлээд явах уу гэдэг хувилбарыг нэг талд нь гаргах шаардлагатай. Эрүүл мэндийн яам маань асуудлыг мэдэж байгаа хэрнээ бүгдийг нэг дор төвлөрүүлнэ, лавлагааны төвийн хөгжил гэдэг зүйлүүдийг ярьдаг байсан нь саяхан. Ходоодны хорт хавдрын хувьд эрт илрүүлэг хийх туршлагатай, өндөр мэргэжлийн ходоодны дурангийн эмч нарыг олноор бэлтгэх хэрэгтэй.

-Ходоодны хорт хавдар бол бусад төрлийн хорт хавдартай харьцуулахад шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ иргэдийн хувьд шинж тэмдэг илэрсэн ч өөрөө дур мэдэн онош тавиад хугацаа алдах тохиолдол байдаг гэдэг. Ер нь ходоодны хорт хавдрын гол шинж тэмдэг нь юу вэ?

-Ходоодны өвчин бол хамгийн их шинж тэмдэг илэрдэг. Энэ хэрээрээ хүмүүс тоохгүй, орхих хандлага элбэг байдаг. Цээж хорсоод байна, аюулхайн хэсэгт өвдөөд байна гэж яриад явдаг, тоодоггүй. Ер нь Ази хүмүүс 40 наснаас эхлээд хоёр жил тутам заавал ходоодоо дурандуулахыг олон улсын эмч нарын нийгэмлэгээс зөвлөж байгаа. Энэ дундаас хавдраар өвчлөх эрсдэлтэй хүмүүс гарч ирвэл тухайлбал үрэвсэл, шархлаа, эсийн хувирал бүхий салсттай байгаа эсэхээс хамаарч гурав, зургаан сар, жил бүр дурандах заалттай байдаг. Иргэдийн тархинд 40 наснаас эхлээд хоёр жил тутам заавал дурандуулах хэрэгтэй гэдгийг суулгаж өгмөөр санагддаг. Өнөөгийн нөхцөлд “та ийм дэглэм баримталбал ходоодны хавдраар өвчлөхгүй” гэж хэлэх боломжгүй. Гол нь хеликобактери гэдэг нян байвал үүнийгээ заавал эмчлүүлэх ёстой. Учир нь, энэ нянгийн халдварын улмаас үүсдэг ходоодны салстын архаг үрэвсэл нь хорт хавдар үүсгэх нэгдүгээр зэргийн шалтгаан болж байна. Нөгөө талаас жимс ногоонд агуулагддаг витамин С нь ходоодны салстыг хамгаалах үйлчилгээтэй. Энэ нь ходоодны хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг. Зүгээр эм хэлбэрийн витамин С идээд бай гэсэн үг биш. Харин жимс, хүнсний ногоонд агуулагдаж байгаа витамин С л ходоодны хавдраас урьдчилан сэргийлдэг. Эрүүл хүнс ногоо хэрэглэе, жингээ зохистой хэмжээнд барьж, илүүдэл жингээс татгалзах, нөгөө талаас 40-өөс дээш настай бол хоёр жил тутамд заавал ходоодоо дурандуул.

-Танай эмнэлгийн хувьд ходоодны хорт хавдрыг дурангийн аргаар мэс засал хийгээд нэлээд удлаа. Дурангийн мэс заслын хагалгааг хорт хавдрын ямар төвшинд хийж байна вэ?

-“Интермед” эмнэлэг ходоодны хавдрын дурангийн мэс заслын хагалгааг 2016 оноос хийж эхэлсэн. Үндсэндээ бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхийн стандартыг Монголдоо нутагшуулж чадлаа. Манай “MCS” групп дэлхийн хөгжлийг Монголдоо гэсэн уриатай ажилладаг. Дэлхийд гарсан шинэ технологи, бүтээгдэхүүнийг Монголдоо нутагшуулахын төлөө ажилладаг. Үүний нэг нь ходоодны хавдрын дурангийн мэс заслын хагалгаа юм. Одоогоор улсын эмнэлгүүдэд хийгдээгүй байгаа. Бид Япон, Солонгост хийгддэг мэс заслыг нутагшуулсан. Монгол хүмүүс Япон Солонгосын иргэдийн авч байгаа үйлчилгээг Монголдоо авах боломжтой болсон гэсэн үг. Дурангийн мэс заслын хагалгааг ходоодны хавдрын нэг, хоёрдугаар үе шатанд нь хийвэл үр дүн хамгийн сайн. Мэдээж бүх үе шатанд нь дурангийн хагалгаа хийж болно. Гэхдээ Япон, Солонгосчуудын баримталж буй бодлогоор нэг, хоёрдугаар үе шатанд хийвэл илүү үр дүн сайтай.

Ходоодны хавдрыг мэс заслаар авахдаа ходоод орчмын тунгалгийн булчирхайнуудыг хамтад нь авдаг. Тухайн булчирхайнуудад ходоодонд байгаа хавдрын эс очиж үсэрхийлсэн байна уу, үгүй юү гэдгийг эд, эсийн шинжилгээгээр шалгаж хавдрын үе шатыг эцэслэн тогтоодог. Манай эмнэлэгт хэвлийн дурангийн аргаар ходоодны хорт хавдрын мэс засал хийлгэсэн хүмүүсээс мэс заслаар түүгдсэн тунгалгийн булчирхайны тоо дунджаар 40 ширхэг байдаг. Энэ нь дэлхийн жишигт хүрсэн өндөр үзүүлэлт. Энгийн үгээр хэлбэл энэ бол хэвлийд хавдар үсэрхийлсэн булчирхай үлдэх магадлал бага байна гэсэн үг. Нөгөө талдаа, тухайн өвчтөний хавдрын үе шатыг илүү өндөр төвшинд тогтоож чадаж байгаагийн сацуу бидний хийж байгаа хэвлийн дурангаар ходоодны хавдрыг эмчлэх хагалгаа өндөр хөгжилтэй орнуудтай адил төвшинд олон улсын стандартад нийцэн хийгдэж байгааг харуулж байгаа үзүүлэлт юм.

Дурангаар ходоод тайрах мэс заслыг бүтнээр болон хэсэгчлэн тайрах аль алинаар нь хийдэг. Дурангийн мэс засал нь өвчтөндөө зовиур багатай, хагалгааны дараах наалдац бага болон гоо сайхны талаас олон давуу талуудтай. Хагалгааг хийхдээ хэвлийг том нээж биш, маш жижиг зүслэгээр хийдэг учраас үлдэх шарх, сорвины хэмжээ үлэмж бага байдаг.

-Дурангийн мэс заслын дараа өвчтөний баримтлах дэглэм, гам гэж байх уу?

-Ходоодны хавдрын мэс заслын дараа өвчтөнүүд 3 сар тутам заавал эмнэлгийн хяналтад байх хэрэгтэй. Нийт хяналтанд байх хугацааг 5 жил гэж ойлгоно. Хоол ундны хувьд ердийн байдлаасаа өөр дэглэмээр хооллоно. Нэг дор хэтэрхий их биш, бага багаар хооллоно. Ходоодоо бүтнээр нь тайруулсан хүмүүс витамин В12, фолийн хүчлийн дутагдалд орох эрсдэлтэй учраас эдгээрийн хэмжээг цусанд шинжлүүлж багассан үзүүлэлтэй нөхцөлд нөхөх эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Гэхдээ ходоодны хагалгаанд орлоо гээд амьдралаа тэр чигээр нь өөрчилнө гэсэн үг биш. Хамгийн гол нь эрт оношлогдож, эдгэрэх магадлал үлдсэн байх нь чухал.

Учир нь оройтсон үед нь эмнэлэгт хандвал ямар сайн мундаг эмчээр хагалгаа хийлгээд ч хавдрын эсийг хянаж чадахгүй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Хагалгаа хийсэн ч үр дүн маш бага шүү дээ. Тиймээс эрт илрүүлэг маш чухал.

-Зарим хүн хавдрын маркерын шинжилгээгээр хавдаргүй гарсан байтал хавдартай болсон байдаг. Тэгэхээр заавал дурандуулж байж л хавдартай эсэхээ мэдэх үү?

-Ходоодны хавдрыг оношлодог үндсэн арга бол ходоод дурандах шинжилгээ юм. Тиймээс заавал ходоодоо дурандуулах ёстой. Хүмүүс өөрсдийн санаачлагаар хавдрын маркерын шинжилгээ хийлгээд хэвийн үзүүлэлттэй байвал эрүүл байна гээд тоохгүй явдаг байдал ажиглагддаг. Энэ бол тун буруу хандлага, ингэж огт болохгүй. Учир нь хавдрын маркерын мэдрэг болон өвөрмөц чанар 100 хувь баталгаатай биш байдагт оршино. Ялангуяа 40-өөс дээш насныхан ямар нэгэн зовиургүй байсан ч хоёр жил тутам заавал ходоодоо дурандуулснаар л хавдраар өвдсөн эсэхээ баттай мэдэх цорын ганц боломж юм.

-Дөчөөс дээш нас гэлтгүйгээр залуучууд ходоодны асуудалтай болсон байна. Энэ нь илүү амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй юу?

-Залуу хүмүүсийн хувьд ходоод өвдөх асуудал илэрч байгаа бол хамгийн нэгдүгээрт хеликобактерийн шинжилгээ өгөх шаардлагатай. Шинжилгээний хариунаас хамаарч дотрын эмч нарын зөвлөсөн эмчилгээг хийлгэх шаардлагатай. Мэдээж амьдралын буруу хэвшил, буруу хооллолт ходоодонд сөрөг нөлөөтэй. Гэхдээ хүн болгоны амьдралын хэвшлийг өөрчлөх хэцүү. Гол шалтгаан болж байгаа хеликобактериар өвдсөн байвал үүнийгээ эмчлүүлэх тал дээр анхаар гэж зөвлөмөөр байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст