Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Бичил биетний эсрэг эмийн тэсвэржилттэй хамтдаа тэмцье!
Нийтэлсэн огноо: 2026-11-19

БИЧИЛ БИЕТНИЙ ЭСРЭГ ЭМИЙН ТЭСВЭРЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Бичил биетний эсрэг эмүүдэд антибиотик, вирусийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг болон шимэгчийн эсрэг эмүүд багтдаг. Эдгээр эмийг хүн, амьтан, ургамлын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд хэрэглэдэг.

Харин нян, вирус, мөөгөнцөр болон шимэгчид цаг хугацааны явцад өөрчлөгдөн, тэдгээрийн эсрэг хэрэглэдэг эмийн үйлчлэлд тэсвэртэй болохыг бичил биетний эсрэг эмийн тэсвэржилт (AMR) гэнэ.

Үүний улмаас халдварт өвчний эмчилгээ хүндрэх, эмийн үр нөлөө буурах, хүнд хэлбэрийн халдвар үүсэх, цаашлаад зарим халдварыг эмчлэхэд хүндрэлтэй болох эрсдэл нэмэгддэг.

ЯАГААД БИД БҮГД АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?

• Бичил биетний эсрэг эмийг зохисгүй, хэтрүүлэн хэрэглэх нь эмийн тэсвэржилт үүсэх, тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

• Эмэнд тэсвэртэй бичил биетнүүд хүнээс хүнд, амьтнаас хүнд болон хүрээлэн буй орчноор дамжин тархах боломжтой.

• Эмийн тэсвэржилт нь зөвхөн хүний эрүүл мэндэд бус мал, амьтан, ургамлын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эдийн засагт сөргөөр нөлөөлдөг.

• Энэ нь зөвхөн ирээдүйд тулгарах асуудал биш, өнөөдөр бидний анхаарах шаардлагатай бодит эрсдэл юм.

БИД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

✅ Антибиотик болон бичил биетний эсрэг бусад эмийг зөвхөн шаардлагатай үед, эмчийн заавраар хэрэглэе.

✅ Эмийг эмчийн заасан тун, давтамж, хугацааны дагуу хэрэглэе.

✅ Эмийг дур мэдэн хэрэглэхгүй, бусадтай хуваалцахгүй байя.

✅ Ханиад, томуу зэрэг вирусийн халдварын үед антибиотикийг дур мэдэн хэрэглэхээс зайлсхийе.

✅ Товлолын болон зөвлөмжийн дагуу вакцинжуулалтад хамрагдаж, халдвараас урьдчилан сэргийлье.

✅ Гараа тогтмол угааж, халдвараас сэргийлэх эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлье.

✅ Бичил биетний эсрэг эмийн зохистой хэрэглээний талаарх мэдлэгээ нэмэгдүүлье.

💚 Эмийн зохистой хэрэглээ өнөөдрийн бидний эрүүл мэндийг хамгаалахаас гадна ирээдүйд эдгээр эмийн үр нөлөөг хадгалахад чухал хувь нэмэр оруулна.

Бичил биетний эсрэг эмийн тэсвэржилтээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн зөв хэрэглээ, хариуцлагатай оролцоо чухал!

 

#WorldAMRAwarenessWeek #WAAW2026 #AMR #OneHealth #IntermedHospital

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights