“IMC-RAD Across Mongolia” төслийн хүрээнд Говийн бүсийн 50 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургалтад хамрууллаа.
Интермед эмнэлгийн Дүрс оношилгоо, ангиографийн тасгаас жил бүр хэрэгжүүлдэг “IMC-RAD Across Mongolia” төслийн хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймагт “Яаралтай үеийн эмгэгүүдийн эрхтэн тогтолцооны дүрс оношилгоо” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Дүрс оношилгооны тасагтай хамтран зохион байгуулсан тус сургалтад Говийн бүсийн аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагуудын 50 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж, нэг багц цагийн сургалтаар мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.
Сургалтаар яаралтай тусламжийн үед тохиолдох амь насанд аюултай эмгэгүүдийг дүрс оношилгооны аргаар эрт илрүүлэх, оношилгооны шинжилгээг оновчтой сонгон төлөвлөх, шинжилгээний үр дүнд тулгуурлан эмнэлзүйн шийдвэр гаргах зэрэг чухал сэдвүүдийг хөндөж, оролцогчид харилцан туршлага солилцлоо.
Энэхүү сургалт нь орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн яаралтай үеийн дүрс оношилгооны мэдлэгийг бататгах, оношилгоонд суурилсан эмнэлзүйн шийдвэр гаргалтыг дэмжих, мэргэжил хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэснээрээ онцлог байв.
“IMC-RAD Across Mongolia” төсөл нь дүрс оношилгооны чиглэлийн мэргэжлийн мэдлэг, туршлагыг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад түгээж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тасралтгүй хөгжлийг дэмжих зорилготой юм.
Интермед эмнэлэг цаашид тус төслийн хүрээнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, туршлага солилцох үйл ажиллагааг тогтмол зохион байгуулахаар зорьж байна.





