.

Хисаши Яманака: Монголчуудын 30 орчим хувь таргалалттай
Нийтэлсэн огноо: 2026-11-12

Интермед IUHW эмнэлгийн зөвлөх эмч, Японы Санно эмнэлгийн Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн төвийн захирал, Үе мөчний чиглэлээр мэргэшсэн профессор, багш Хисаши Яманакатай ярилцлаа. Бидний яриа монголчуудын эрүүл мэндийн дадал зуршил, урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдол, япончуудын урт наслалтын нууцын талаар өрнөсөн юм.

-Та Монгол Улсад ирээд хоёр сар гаруйн хугацаанд иргэдэд үзлэг оношилгоо хийсэн байна. Япон, монгол хүмүүсийн дунд дахь эрүүл мэндийн талаарх ойлголтын зөрүү хэр байна. Танд төрсөн ажиглалтаас ярилцлагаа эхэлье?
-Японд цусны даралт, цусан дахь өөх тос ихсэх, чихрийн шижин зэрэг архаг өвчтэй хүмүүс ихэвчлэн хоёроос гурван сар тутамд цаг авч, эмчийн үзлэгт хамрагддаг. Эрүүл байхын тулд, мөн үүсэж болох эрсдэлээс сэргийлж тогтмол үзлэгт ордог гэсэн үг. Харин монголчуудад ийм дадал ерөнхийдөө байдаггүй юм шиг санагдсан. Монголчууд өвчнөө богино хугацаанд, хялбар аргаар эмчлэхийг эрэлхийлэх хандлагатай байна. Үзлэг хийж байхад ч надаас өвчнийг шууд эдгээх эмчилгээ байгаа эсэхийг байнга асууж байсан. Ийм эмчилгээ хайгаад Солонгос, Хятад зэрэг гадаадын орнууд руу их явдаг юм байна гэж анзаарсан. Энэ бол сүүлийн хоёр сар ажигласан миний сэтгэгдэл.

-Монголчуудын дунд ямар өвчин илүү түгээмэл байна вэ. Гол шалтгаан нь юу вэ?
-Надад үзүүлсэн хүмүүсийн хамгийн түгээмэл зовуурь нь өвдөгтэй холбоотой. Энэ нь остеоартрит буюу үений элэгдлээс үүдэлтэй. Остеоартрит түгээмэл байгаагийн гол нөлөө нь таргалалт юм. Энэ төрлийн өвчний ихэнх нь таргалалт, биеийн жингийн индекс (BMI) нь 30-аас дээш давсантай холбоотой байх нь элбэг. Илүүдэл жин өвдөгний мөгөөрсийг байнга шахаж, улмаар нимгэрүүлдэг.Тиймээс ийм зовуурьтай өвчтөнүүдэд жингээ бууруулж, булчингаа чангалахыг нэн түрүүнд зөвлөдөг.

-Монголчууд эмчилгээний хурдан үр дүн хүсдэг гэлээ. Тэгвэл Японы урьдчилан сэргийлэх туршлагаас монголчуудад өгөх зөвлөгөө юу байна вэ?
-Япон эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн боловсролын чиглэлээр олон жилийн түүх, туршлагатай. Монголд хүмүүсийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь маш чухал. Гол нь хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө өөрөө хариуцлага хүлээх ёстой. Бид эрүүл мэнддээ өөрсдөө анхаарч, хамгаалж, сайжруулахыг хичээх хэрэгтэй.
-Интермед эмнэлэг Японы эрт илрүүлгийн туршлагыг нэвтрүүлж байгаа юм байна. Монголчууд ямар дадал зуршлыг хэвшүүлж, юуг сайжруулах ёстой гэж Та бодож байна?
-Юуны өмнө идэвхтэй байна гэдэг нь заавал эрүүл гэсэн үг биш гэдгийг онцолмоор байна. Хүн гаднаасаа эрүүл, идэвхтэй харагдаж байсан ч чихрийн шижин, цусны даралт ихсэх зэрэг өвчтэй байж болно. Эрүүл мэндийн үзлэгт орох хүртлээ өөрт нь ийм өвчин байгааг мэдэхгүй явдаг. Олон өвчтөнийг үзсэн туршлагаас харахад ийм тохиолдол цөөнгүй.
Тиймээс л урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ чухал. Японд өвчнийг шинж тэмдэг илрэхээс өмнө илрүүлж, цаг алдалгүй арга хэмжээ авдаг урьдчилан сэргийлэх анагаах ухааны олон жилийн туршлага бий. Бид одоо Монголд урьдчилан сэргийлэх Япон үзлэгийг хэрэгжүүлж байна. Японы IUHW эмнэлэг нь энэ төрлийн үзлэгийг 20 гаруй жил хэрэгжүүлж ирсэн.

-Японы энэ арга барил Монголд ямар тодорхой ашиг тус авчрах вэ. Урьдчилан сэргийлэх Япон үзлэг юугаараа онцлог вэ?
-Энэ үзлэгийн нэгдүгээр онцлог нь толгойноос хөл хүртэл биеийн бүх хэсгийг цогцоор нь хамруулан үздэг явдал.
Хоёрдугаарт, үзлэг, шинжилгээний явцад цуглуулсан бүх мэдээллийг нэгдсэн системд нэгтгэж, тусгай алгоритмаар боловсруулан эрүүл мэндийн цогц үнэлгээ, дүгнэлт гаргадаг.
Учир нь шинжилгээ бүрийн үр дүн, эмч нарын мэргэжлийн үнэлгээ харилцан адилгүй байж болно. Тухайлбал, мэдрэлийн тогтолцоонд өөрчлөлт илэрвэл мэдрэлийн эмч тухайн өөрчлөлтөд түлхүү анхаардаг бол бусад нарийн мэргэжлийн эмч өөрийн чиглэлийн үзүүлэлтийг чухалчилж үздэг. Иймээс зөвхөн нэг шинжилгээний хариунд тулгуурлах бус, бүх үзлэг, шинжилгээний үр дүнг хооронд нь уялдуулан, хүний эрүүл мэндийн байдлыг цогцоор үнэлэх нь чухал юм.
Гуравдугаарт, манай тайлангийн систем үзлэг, шинжилгээний үр дүнг нэгтгэн, үйлчлүүлэгчид ойлгомжтой, цэгцтэй байдлаар хүргэдэг. Ингэснээр үйлчлүүлэгч өөрийн эрүүл мэндийн байдал, шинжилгээний үзүүлэлтүүд болон анхаарах шаардлагатай өөрчлөлтүүдийг хялбархан ойлгох боломжтой. Мөн шинжилгээний хариугаа хэрхэн уншиж, тайлбарлах талаар мэдээлэл агуулсан гарын авлага, товхимлыг үйлчлүүлэгч бүрд өгч байна.
Дөрөвдүгээрт, тав тухтай орчинд, хүлээлт багатай, түргэн шуурхай үйлчилгээ авах нь манай Япон багцын бас нэгэн онцлог юм. Япон улсад жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь иргэдийн эрүүл мэнддээ хандах соёл, хэвшлийн нэг хэсэг болсон байдаг. Тиймээс Японы урьдчилан сэргийлэх үзлэгийн тогтолцоо нь зөвхөн оношилгооны чанарт бус, үйлчлүүлэгчийн тав тух, цаг хугацаа, үйлчилгээний зохион байгуулалтад онцгой анхаардаг. Бид энэхүү арга барилыг нэвтрүүлж, үйлчлүүлэгчдэдээ тав тухтай, шуурхай үйлчилгээг үзүүлж байна.

-Урьдчилан сэргийлэх анагаах ухаан болон өвчин оношлогдсоны дараах эмчилгээ хоёр ямар ялгаатай вэ. Уншигчдад энгийнээр тайлбарлаж өгнө үү?
-Урьдчилан сэргийлэх үзлэг нь эрүүл мэндээ хамгаалах, өвчнийг эрт илрүүлэх чухал алхам юм. Үзлэгийн явцад хэвийн бус өөрчлөлт илэрвэл нарийвчилсан шинжилгээ, оношилгоонд хамрагдаж, эцсийн оношийг тогтоон, шаардлагатай эмчилгээг эхлүүлдэг. Өвчнийг эрт үе шатанд нь илрүүлэх нь олон тохиолдолд эмчилгээний үр дүнг сайжруулах, хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Гэхдээ эмчилгээний үр дүн хэр хэмжээгээр нэмэгдэх нь тухайн өвчний төрөл, үе шат болон бусад хүчин зүйлээс хамаарч харилцан адилгүй байдаг.

-Эрт илрүүлснээр эмчилгээний үр дүн хэр их нэмэгддэг вэ?
Жишээлбэл, хорт хавдрыг эрт үе шатанд нь илрүүлснээр эмчилгээний үр дүн, эдгэрэх боломж мэдэгдэхүйц нэмэгддэг. Зарим төрлийн хорт хавдрын хувьд эрт илрүүлж, зохих эмчилгээ хийснээр эдгэрэх боломж 95 хувьд хүрэх тохиолдол бий. Харин өвчин хожуу үе шатанд оношлогдох тусам эмчилгээ хүндрэх, нас барах эрсдэл нэмэгдэх хандлагатай байдаг. Тухайлбал, дурангийн шинжилгээгээр хоол боловсруулах замын зарим хорт хавдар болон хавдрын урьдал өөрчлөлтийг эрт илрүүлж, тодорхой тохиолдолд дурангийн аргаар авах, эмчлэх боломжтой. Иймээс нас, эрсдэлт хүчин зүйлс болон эмчийн зөвлөмжид тохирсон урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь чухал юм.
Япон эрүүл мэндийн цогц үзлэгийн бас нэг онцлог нь эмч нарын давхар хяналт, баталгаажуулалтын тогтолцоо юм. Үзлэгийн хүрээнд хийгдсэн дүрс оношилгоо, эмгэг судлалын шинжилгээ болон нэгдсэн дүгнэлтийг Японы IUHW Группийн нарийн мэргэжлийн эмч нар давхар хянаж, мэргэжлийн үнэлгээ хийдэг. Энэхүү тогтолцоо нь оношилгооны дүгнэлтийн үнэн зөв байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол, Япон эмч нар харилцан мэдлэг, туршлагаа хуваалцаж, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх чухал алхам болно.
Мөн бид Canon брэндийн хамгийн сүүлийн үеийн Aquilion ONE / INSIGHT Edition 640 зүслэгт компьютерт томографийн төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа суурилууллаа. Энэхүү төхөөрөмж нь өндөр хурдтай дүрслэл хийх чадвартай бөгөөд шинжилгээний хугацааг богиносгож, цацрагийн тунг оновчлох дэвшилтэт технологийг ашигладаг. Шинээр нэвтрүүлсэн Япон багцын хүрээнд үйлчлүүлэгчид энэхүү дэвшилтэт төхөөрөмжөөр оношлуулж байна.

-Япончууд урт насалдгаараа дэлхийд алдартай. Гол нууц нь юу вэ. Монголчууд урт насалж, эрүүл амьдрахын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Япончуудын урт наслалт ганц шалтгаантай зүйл биш. Генетик, амьдралын хэв маяг, аюулгүй байдал, хооллолт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Миний бодлоор хооллолт маш чухал. Япончууд загас түлхүү идэж, тос ихтэй хоол, махыг харьцангуй бага хэрэглэдэг. Давс ч бага хэрэглэдэг. Ийм хооллолт судас хатуурах, холестерин ихсэхээс сэргийлэхэд тусалдаг. Тиймээс зөв хооллолт бол урт наслалтын нэг гол түлхүүр гэж би боддог.
Өөр нэг чухал шалтгаан нь эрүүл мэнддээ анхаарал тавьдаг байдал. Жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдах нь япончуудын хэвшил болсон. Тэд цусны даралт, холестерины түвшин зэрэг үзүүлэлтээ сайн мэддэг. Ихэнх япончууд эрүүл мэндээ хамгаалах нь өөрсдийнх нь хариуцлага гэдгийг ухамсарласан байдаг.
Монголчуудын дунд зүрх судасны өвчин, харвалт өндөр байгаагийн нэг шалтгаан нь таргалалт гэж би боддог. Үүнийг биеийн жингийн индексээр (BMI) тодорхойлдог. Японд таргалалттай хүмүүс ойролцоогоор 5–8 хувь байдаг бол Монголд 30 орчим хувь байдаг гэж сонссон. Таргалалт нь амьдралын хэв маягтай холбоотой өвчнүүдийн гол шалтгаан болдог. Тухайлбал, цусны даралт ихсэх, цусан дахь холестерин ихсэх, чихрийн шижин, бөөрний архаг өвчин үүсгэж, эдгээр өвчин даамжирснаар эцэстээ зүрх судасны өвчин, харвалтад хүргэдэг. Таргалалтаас сэргийлэх хамгийн энгийн аргуудын нэг нь жингээ өдөр бүр хэмжиж, хяналттай байх явдал. Хоолны хэмжээгээ хэтрүүлж болохгүй. Дасгал хөдөлгөөн мэдээж чухал ч зөвхөн дасгалаар жингээ бууруулж чаддаггүй. Хамгийн гол нь хоолоо зохистой хэмжээгээр идэж сурах. Үүнээс гадна удамшлын онцлог ч нөлөөлдөг. Жишээлбэл, зарим япон хүн генийнхээ онцлогоос болж архи огт ууж чаддаггүй. Харин монголчуудын архины хэрэглээ харьцангуй өндөр байгаа нь ажиглагдсан.
Би үргэлж хэлдэг л дээ, идэвхтэй байгаагаа эрүүл, аз жаргалтай байна гэж андуурч болохгүй. Маш идэвхтэй амьдралын хэв маягтай хүмүүс ч эрүүл мэндийн асуудалтай байж болно. Тиймээс тогтмол үзлэгт хамрагдаж, эрүүл мэндээ хянаж байх нь маш чухал.
Миний хувьд өглөө бүр ус ууж, дасгал хөдөлгөөн хийдэг. Өглөө, оройн хоолондоо анхаарч, хэт их идэхээс зайлсхийдэг. Архины хэрэглээгээ хянах, хангалттай ус уух нь ч чухал. Миний хувьд хамгийн чухал зүйлс гэвэл эдгээрийг зөвлөмөөр байна.
-Ярилцсанд баярлалаа.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights