Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Эмийн аюулгүй байдлын 7 хоног
Нийтэлсэн огноо: 2026-11-06

Бидний өдөр тутмын амьдралд эм, эмийн бүтээгдэхүүн нь эрүүл мэндийг сайжруулж, амь насыг аврахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч хэрэглэгчдэд хүрэхээсээ өмнө нарийн шалгуур, туршилт, үнэлгээнд хамрагдсан эмүүд ч зарим тохиолдолд гаж нөлөө үзүүлэх боломжтой. Иймээс эмийн гаж нөлөөг таньж мэдэх, мэдээлэх нь хүн бүрийн эмийн хэрэглээний аюулгүй байдлыг хангах нь маш чухал юм.

2026 оны 11 дүгээр сарын 2–8-ны өдрүүдэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) дэлхий даяар зохион байгуулагдаж буй #MedSafetyWeek буюу “Эмийн аюулгүй байдлын 7 хоног” аян энэ 7 хоногт тохиож байна.

Энэхүү аяны зорилго нь:

  • Олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх: Эмийн гаж нөлөөг таньж мэдэх, мэдээлэхийн ач холбогдлыг таниулах.
  • Гаж нөлөөг мэдээлэхийг уриалах: Өвчтөн, асран хамгаалагч болон эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг эмийн гаж нөлөөг илрүүлж, үндэсний мэдээлэх тогтолцоогоор дамжуулан цаг алдалгүй мэдээлэхийг дэмжих
  • Тухайн шинж тэмдэг эмээс шалтгаалсан эсэхэд эргэлзэж байсан ч мэдээлэх нь чухал юм.

Эмийн гаж нөлөөг мэдээлэх нь яагаад чухал вэ?

Эмийн гаж нөлөө нь арьсанд тууралт гарах, ходоод гэдэс хямрах зэрэг хөнгөн шинж тэмдгээс эхлээд нойр, сэтгэл санааны байдал өөрчлөгдөх болон бусад урьдчилан таамаглаагүй шинж тэмдгээр илэрч болно.

Зарим гаж нөлөө эмийн эмчилгээг эхлүүлсний дараахан илэрдэг бол зарим нь удаан хугацаагаар хэрэглэсний дараа, тунг өөрчилсөн үед эсвэл хэд хэдэн эмийг хавсран хэрэглэснээс үүдэн илэрч болдог.

Эмийг хэрэглэгчдэд хүргэхээс өмнө аюулгүй байдал, үр нөлөөг нь нарийн судалж, үнэлдэг хэдий ч эмнэлзүйн туршилтын явцад бүх болзошгүй гаж нөлөөг бүрэн илрүүлэх боломжгүй байдаг. Тиймээс эмийн аюулгүй байдлыг зах зээлд гарснаас хойш ч хэрэглээний бүхий л хугацаанд тасралтгүй хянах шаардлагатай.

Гаж нөлөөний талаарх мэдээлэл бүр үнэ цэнтэй.

Ирүүлсэн мэдээллийг бусад мэдээлэл, шинжлэх ухааны нотолгоотой нэгтгэн судалснаар эмийн аюулгүй байдалтай холбоотой болзошгүй эрсдэлийг илрүүлэх, эмийн хэрэглээнээс үүдэх эрсдэлийн талаарх ойлголтыг сайжруулах, өвчтөний аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ авахад чухал хувь нэмэр оруулдаг.

💊 Эмийн гаж нөлөөг хэрхэн мэдээлэх вэ?
1. Цахимаар мэдээлэх

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Uppsala Monitoring Centre-ийн цахим системээр дамжуулан Монгол Улсаас эмийн гаж нөлөөг мэдээлж болно.
Эмийн гаж нөлөө мэдээлэх Албан ёсны eReporting систем https://mmra.gov.mn/?id=200312

2. Эмнэлэг, эмийн сангаар дамжуулах

Эмчлэгч эмч, сувилагч, эм зүйчид илэрсэн шинж тэмдгээ хэлж, гаж нөлөөний мэдээллийг бүртгүүлж болно.

3. Цахим шуудангаар мэдээлэх

ЭЭХХЗГ-ын [email protected] хаяг руу холбогдох маягтын дагуу мэдээлэл илгээж болно.

Мэдээлэхдээ юу бэлдэх вэ?
– Хэрэглэсэн эмийн нэр, тун, хэрэглэсэн хугацаа
– Илэрсэн шинж тэмдэг, хэзээ эхэлсэн
– Хавсран хэрэглэсэн бусад эм
– Шаардлагатай бол шинжилгээний хариу, эмийн савлагааны мэдээлэл
– Эргэн холбогдох мэдээлэл
Анхаарах нь: Тухайн шинж тэмдэг эмээс шалтгаалсан эсэхэд бүрэн итгэлтэй байх шаардлагагүй. Сэжигтэй гаж нөлөөг ч мэдээлж болно. Амьсгал давчдах, хэл, хоолой хавагнах, ухаан алдах зэрэг хүнд шинж илэрвэл мэдээлэл илгээхээс өмнө яаралтай эмнэлгийн тусламж аваарай.

💊 #MedSafetyWeek – Эмийн аюулгүй байдлын 7 хоног
Эмийн гаж нөлөөг үл тоомсорлож болохгүй. Мэдээлж хэвшицгээе!

Бид хамтдаа эмийн хэрэглээг хүн бүрд илүү аюулгүй болгоход хувь нэмрээ оруулж чадна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авч, аянд нэгдээрэй.

https://who-umc.org/medsafetyweek/

 

 

 

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights