Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Дүрс оношилгооны шинэ үеийн технологийг салбарын мэргэжилтнүүдэд танилцууллаа
Нийтэлсэн огноо: 2026-10-21

ИНТЕРМЕД IUHW ЭМНЭЛЭГ ДҮРС ОНОШИЛГООНЫ ШИНЭ ҮЕИЙН ТЕХНОЛОГИЙГ САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын технологийн хөгжил, дүрс оношилгооны шинэ боломжийг өргөжүүлэх зорилгоор Интермед IUHW эмнэлэг шинээр нэвтрүүлсэн Canon брэндийн Aquilion ONE / INSIGHT Edition 640 зүслэгт компьютерт томографийн төхөөрөмжийг эрүүл мэндийн салбарын төлөөлөл, эмч, мэргэжилтнүүдэд танилцуулах өдөрлөг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд дүрс оношилгооны салбарын эрдэмтэн, багш, эмч, мэргэжилтэн, мэргэжлийн нийгэмлэгийн төлөөлөл болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд оролцож, шинэ үеийн төхөөрөмжийн технологийн онцлог, оношилгооны боломж, эмнэлзүйн хэрэглээтэй танилцав.

Aquilion ONE / INSIGHT Edition нь өндөр хурдтай дүрс авах, хиймэл оюунд суурилсан дүрс боловсруулалтын дэвшилтэт технологийг хослуулснаараа зүрх судас, тархи мэдрэл болон бусад эрхтэн тогтолцооны өвчнийг нарийвчлан оношлох, оношилгооны хугацааг богиносгох, эмнэлзүйн шийдвэр гаргалтыг дэмжих өргөн боломжтой төхөөрөмж юм.

Энэхүү технологийн шинэчлэлийн үнэ цэн нь зөвхөн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж нэвтрүүлсэнд бус, иргэд өвчнөө эрт илрүүлж, цаг алдалгүй, өндөр нарийвчлалтай оношлуулах боломжийг эх орондоо бүрдүүлж байгаа явдал билээ.

ШИНЭ ҮЕИЙН КОМПЬЮТЕРТ ТОМОГРАФИЙН ДАВУУ ТАЛУУД

  • Зүрхний судсыг илүү тод, нарийвчлалтай үнэлнэ

Зүрх тасралтгүй цохилж байдаг тул компьютерт томографийн шинжилгээний үед хөдөлгөөнөөс үүдэлтэй дүрсний сарнилт үүсэх тохиолдол бий. Харин шинэ төхөөрөмж нь ердөө 0.24 секундэд буюу секундийн 4/1 хугацаанд нэг бүтэн эргэлт хийж, 16 см хүртэлх хэсгийг нэг дор дүрслэх хүчин чадалтай юм. Ингэснээр зүрхийг нэг цохилт хийх хугацаанд бүхэлд нь дүрсэлж, титэм судасны нарийсал, шохойжилт зэрэг өөрчлөлтийг илүү тод, нарийвчлалтай үнэлэх хүчин чадалтай.

  • Илүү хурдан, тав тухтай аюулгүй шинжилгээ

Компьютерт томографийн шинжилгээний үед хөдөлгөөнгүй хэвтэх, зарим тохиолдолд амьсгалаа түгжих шаардлагатай байдаг. Энэ нь ялангуяа бага насны хүүхэд, ахмад настан болон биеийн байдал хүнд хүмүүст хүндрэлтэй байдаг байна. Шинэ төхөөрөмжийн өндөр хурдтай зураг авалт нь зарим шинжилгээнд хөдөлгөөнгүй хэвтэх, амьсгалаа түгжих хугацааг богиносгож, хөдөлгөөнөөс үүдэх дүрсний алдааг бууруулахад тусалдаг. Үүгээр ч зогсохгүй өмнөх үеийн CT төхөөрөмжтэй харьцуулахад цацрагийн тунг 80 хүртэлх хувиар бууруулж үйлчлүүлэгчийн цацрагийн өртөлтийг багасгасан давуу талтай.

  • Оношилгооны өргөн боломж

Шинэ компьютерт томографийн системийг зүрх судасны эмгэгээс гадна тархины цус харвалтын үеийн судас, цусан хангамжийн өөрчлөлтийг үнэлэх, уушги болон хэвлийн эрхтний өвчнийг оношлох, хавдрын хэмжээ, тархалт, эмчилгээний явцыг хянах зэрэг олон чиглэлд ашиглах боломжтой.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights