🧡 ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЛХИЙН ӨДӨР 2026
“Насан туршийн аюулгүй тусламж үйлчилгээ” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. 🏥
2026 оны Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр нь дэлхий дахинд олон тэрбум хүнд нөлөөлж, нийт нас баралтын 74%-ийг эзэлж буй эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болох халдварт бус өвчин (ХБӨ)-ийг онцлон авч үзэж байна.
ХБӨ-тэй хүмүүс өвчнийхөө онцлог, тасралтгүй эмчилгээ, тусламж үйлчилгээ шаарддаг байдал, мөн эрүүл мэндийн байгууллагад байнга ханддаг зэргээс шалтгаалан тусламж үйлчилгээний явцад учирч болзошгүй хор хөнөөлд илүү өртөмтгий байдаг.
Иймд болзошгүй эрсдэл, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү өдөрлөгийн хүрээнд:
Амбулаториор үйлчлүүлэгчдийн цусны даралт, биеийн жин, БЖИ, цусан дахь сахар зэрэг суурь үзүүлэлтийг тодорхойлон ХБӨ-ний эрсдэлийг үнэлэх
Иргэдэд ХБӨ-ний эрсдэл болон аюулгүй тусламж үйлчилгээний талаарх мэдлэг, мэдээлэл олгох
Эмийн хэрэглээний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгөх
Ажилтнуудын аюулгүй байдлын соёл, мэдлэг, хандлагыг сайжруулах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Энэ жил тус эмнэлэг “Халдварт бус өвчтэй үйлчлүүлэгчид насан туршийн аюулгүй тусламж, үйлчилгээг хүргэх” уриан дор төв эмнэлэг болон салбаруудынхаа ажилтан, үйлчлүүлэгчдийн үүрэг оролцоог сайжруулах, мэдээлэл олгоход чиглэсэн ажлыг зохион байгууллаа.
Тухайлбал, сэтгэцийн эмч М.Далайцэрэн “Нойр ба сэтгэл зүйн эрүүл мэнд” сэдэвт сургалт орох үеэрээ нойрны хэв шинжийг тодорхойлох дасгал ажил ажиллуулж, нойрны чанарыг сайжруулах зөвлөмж өгөн, нойрны тэмдэглэл хөтлөх гарын авлагыг танилцуулав.
Мөн Интермед Сүхбаатар салбарын эмч, мэргэжилтнүүд хүн амын дунд түгээмэл тохиолдох халдварт бус өвчин эмгэг болон яаралтай тусламж авах шаардлагатай шинж тэмдгүүдийн талаар мэдлэг, туршлагаа солилцсон юм.
Түүнчлэн Интермед Дархан клиникийн эмч, мэргэжилтнүүд иргэдэд дараах чиглэлээр эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ. Үүнд:
-
- Эмийн аюулгүй байдал: Эмийн гаж нөлөө болон анхаарах шинж тэмдэг
- Мэдрэлийн эрүүл мэнд: Тархины харвалтын эхэн үеийн дохио, эрсдэлт хүчин зүйлс
- Лабораторийн хяналт: Шинжилгээний аюултай хариуг мэдээлэх зарчим, урсгал
- Урьдчилан сэргийлэлт: Халдварт бус өвчний үеийн аюулгүй тусламж, үйлчилгээ
Энэхүү арга хэмжээний хүрээнд үйлчлүүлэгчдийн амин үзүүлэлтийг үзэж, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ хийн, урьдчилан сэргийлэх боломжтой эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр ажиллалаа.
Үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон үйлчлүүлэгч, эмчлүүлэгч, тэдний ар гэрийнхэн болон нийт ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. ❤️
Аюулгүй тусламж үйлчилгээ — хүн бүрийн оролцоо!
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!






