Интермед эмнэлгийн Зүрх судасны тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр, дотрын тэргүүлэх зэргийн эмч Чойжилжавын Гэрэлтуяа Европын Зүрх Судлалын Нийгэмлэгийн Fellow of the European Society of Cardiology (FESC) хэмээх олон улсад нэр хүндтэй мэргэжлийн зэрэг хүртлээ.
FESC гэж юу вэ?
FESC гэдэг нь Fellow of the European Society of Cardiology буюу Европын Зүрх Судлалын Нийгэмлэгийн хүндэт гишүүн гэсэн утгатай.
Европын Зүрх Судлалын Нийгэмлэг буюу ESC нь зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх тусламж үйлчилгээг сайжруулах, эрдэм шинжилгээ, инновац, мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн тэргүүлэх мэргэжлийн байгууллагуудын нэг юм.
Тус байгууллага зүрх судасны эмнэлзүйн удирдамж боловсруулж, шинжлэх ухааны шинэ мэдлэг, нотолгоонд суурилсан сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар дэлхий дахинд зүрх судасны өвчний ачааллыг бууруулах зорилгын төлөө ажилладаг.
Мэргэжлийн өндөр амжилтын илэрхийлэл
Европын Зүрх Судлалын Нийгэмлэг FESC хүндэт зэргийг 1988 оноос олгож эхэлсэн бөгөөд зүрх судасны салбарт онцгой амжилт гаргаж, мэргэжлийн өндөр ур чадвар, манлайлал, бодит хувь нэмрээ хүлээн зөвшөөрүүлсэн мэргэжилтнүүдэд олгодог.
FESC нь ердийн гишүүнчлэл бус, тухайн мэргэжилтний мэдлэг, туршлага, салбартаа оруулсан хувь нэмрийг үнэлсэн нэр хүндтэй зэрэг юм.
Ч.Гэрэлтуяа эмчийн энэхүү амжилт нь түүний олон жилийн хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадвар, эмнэлзүйн туршлага, манлайлал болон Монгол Улсын зүрх судасны тусламж үйлчилгээний хөгжилд оруулсан хувь нэмрийн үнэ цэнтэй үнэлгээ юм.
Мөн Интермед эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар олон улсын мэргэжлийн түвшинд үнэлэгдэж буйн тод илэрхийлэл бөгөөд манай эмнэлгийн нийт хамт олны бахархам амжилт билээ.
Европын Зүрх Судлалын Нийгэмлэгийн нэр хүндтэй FESC хүндэт зэрэг хүртсэн Интермед эмнэлгийн Зүрх судасны тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр, дотрын тэргүүлэх зэргийн эмч Чойжилжавын Гэрэлтуяа Танд эмнэлгийн удирдлага, нийт хамт олон, үйлчлүүлэгчдийнхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

