.

Харвалтын шинж тэмдгийг таних BE-FAST аргачлал
Нийтэлсэн огноо: 2026-08-13

Тархины харвалт дэлхий дахинд өвчлөл, нас баралтын тэргүүлэгч шалтгаан болж байна. Монгол Улсад тархины харвалтын өвчлөл их ч, сүүлийн жилүүдэд тархины харвалтын оношилгоо, эмчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирч, харвалтаас шалтгаалсан нас баралт буурах хандлага ажиглагдаж байна. Хамгийн гол нь иргэд эрсдэлт хүчин зүйлсээ хянах, эрт илрүүлэгт хамрагдах, шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлгийн тусламж дуудах хэрэгтэй. Тархины харвалт, эрсдэлт хүчин зүйлсийн талаар “Интермед IUHW” эмнэлгийн мэдрэлийн эмч, Анагаах Ухааны магистр Г.Үүрцайхтай ярилцлаа. Тэрээр эрүүл мэндийн салбарт 2012 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд “Интермед IUHW” эмнэлэгт мэдрэлийн эмчээр зургаа дахь жилдээ ажиллаж байна.

-Эхлээд та манай уншигдчдад тархины харвалт гэж юу болох, хэдэн төрөл байдгийг тайлбарлаж өгнө үү?
-Тархины харвалт гэдэг нь тархины судасны эмгэг ба тархийг тэжээж буй судасны бүтэц, үйл ажиллагаа алдагдсанаас үүсдэг өвчин. Үндсэн хоёр төрөлтэй. Нэг нь тархины судас бүлэнгээр бөглөрч, тархины эдэд цусан хангамж дутагдах харвалт. Хоёрт, тархины судас хагарч тархины эдийн дотор цус хуримтлагддаг. Эдгээр хоёр хэлбэрийн шалтгаан, эмчилгээний арга өөр боловч аль алинд нь хамгийн чухал зүйл бол харвалтын шинж тэмдгийг эрт таних, эмнэлгийн тусламж яаралтай дуудах байдаг.

-Сүүлийн үед тархины харвалтын талаар иргэдийн ойлголт нэмэгдэж байгаа ч шинж тэмдгийх нь талаар сайн мэддэггүй. Иргэд тархины цус харвалтын шинж тэмдгийг хэрхэн таних вэ?
-Харвалтыг эрт таних нь эмчилгээний үр дүнд хамгийн их нөлөөлдөг. Дэлхий дахинд харвалтын шинж тэмдгийг танихад BE-FAST аргыг ашигладаг.
• B буюу Balance (тэнцвэр): Гэнэт тэнцвэрээ алдах, толгой эргэх, дайвалзах,
• E буюу Eyes (нүд): Нэг эсвэл хоёр нүдний хараа муудах, юм хоёрлож харах,
• F буюу Face (нүүр): Нүүрний нэг тал унжих, ам мурийх, сулрах,
• A буюу Arm (гар): Гар, хөл сулрах, мэдээ муудах, хөдөлгөхөд хүндрэлтэй болох,
• S буюу Speech (яриа): Хэл ээдрэх, ойлгомжгүй ярих, үг буруу ярих
• T буюу Time (цаг хугацаа) чухал байдаг.
Эдгээр шинж тэмдгийн аль нэг илэрсэн тохиолдолд цаг алдалгүй яаралтай тусламж дуудах хэрэгтэй гэсэн үг. Эдгээр шинжээс ганцхан шинж илрэхэд “түр хүлээгээд харъя” гэж бодож болохгүй, шуурхай л эмнэлэгт хандаарай.

-Тархины харвалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Тухайлбал, “Интермед IUHW” эмнэлэг урьдчилан сэргийлэх ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Харвалтаас урьдчилан сэргийлэх хамгийн чухал зүйл бол эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлэх юм. Манай улсад 40-өөс дээш насны иргэдийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулах ажил хэрэгжиж байгаа. Энэ наснаас эхлээд жил бүр тогтмол үзлэг, шинжилгээнд хамрагдах нь чухал. Учир нь харвалтын гол эрсдэлт хүчин зүйлд багтдаг цусны даралт ихсэлт, чихрийн шижин, өөх тосны солилцооны өөрчлөлт, зүрх судасны эмгэгүүдийг эрт илрүүлж чадвал харвалтаас урьдчилан сэргийлэх боломжтой.
“Интермед IUHW” эмнэлгийн хувьд мэдрэлийн тасаг ба урьдчилан сэргийлэх тасгуудад тархины харвалт, зүрхний шигдээсийн эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх багц шинжилгээ хийж нарийн мэргэжлийн эмч нар үзлэг зөвөлгөө өгч байна. Мөн харвалтын ямар ч тохиолдолд 24 цагийн яаралтай тусламж үзүүлж, шаардлагатай тохиолдлуудад харвалтын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг дараагийн шатны эмнэлэгт рүү шилжүүлэн ажилладаг.

-Харвалтын эхний шинж тэмдэгтэй хүнтэй таарвал хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ. Мөн харвалтын үед ямар үйлдлийг огт хийж болохгүй вэ?
-Нэгд, харвалтын шинж тэмдгийг таних хэрэгтэй. Хоёрт шинж тэмдэг яг хэдийд эхэлснийг тогтоох нь маш чухал. Жишээлбэл, тухайн хүн хэдэн цагт хэвийн байсан, хэдэн цагт гар нь суларсан, хэл нь ээдэрсэн зэргийг эмчид мэдээлэх хэрэгтэй. Учир нь тархины цус тасалдах харвалтын үеийн эмчилгээний шийдвэр гаргахад зовуурь, шинж тэмдэг эхэлсэн цаг хугацаа маш чухал нөлөөтэй. Эмч нар тухайн хүнийг хүлээн авч анхны үнэлгээ хийж, дараагийн эмчилгээний шийдвэр гаргахад шинж тэмдэг эхэлсэн хугацааг маш чухал үзүүлэлт болгон ашигладаг. Гуравт өвчтөнийг аль болох тайван байлгаж, хажуугаар нь хэвтүүлэн хянах, ажиглах хэрэгтэй.
Хамгийн түгээмэл алдаа бол харвалт өгсөн хүнд ус, хоол өгөх явдал байдаг. Харвалтын үед залгих үйл ажиллагаа алдагдсан байх тохиолдол элбэг. Тиймээс ус уулгах, хоол өгөх үед амьсгалын зам руу орох эрсдэлтэй. Мөн ард иргэдийн дунд “хуруу хатгаж цус гаргах” гэх мэт урамжлалт аргууд байдаг. Гэхдээ энэ нь харвалтыг эмчлэх, урьдчилан сэргийлэх батлагдсан арга биш. Эмнэлгийн тусламжийг орлуулах боломжгүй. Хамгийн зөв алхам харвалтын шинж тэмдгийг таних, түрүү хэлсэнчлэн зовиур илэрсэн цаг хугацааг тогтоох, тэгээд 103 дуудаж, мэргэжлийн тусламж авах юм.

-Харвалтын үед цаг хугацаа чухал гэлээ. Эмнэлэгт хэдий хугацаанд хүрвэл эмчилгээ хамгийн үр дүнтэй байдаг вэ?
-Тархины судас бөглөрсөн үед тухайн хэсэгт очих цус, хүчилтөрөгчийн хангамж тасалддаг. Ингэх тусам тархины эдэд эргэлт буцалтгүй гэмтэх эрсдэл нэмэгддэг. Ялангуяа судас бөглөрөх хэлбэрийн харвалтын үед шинж тэмдэг эхэлснээс хойш 4.5 цагийн дотор эмнэлэгт хүрсэн тохиолдолд өвчтөнд бүлэн уусгах эмчилгээ хийх боломжтой байдаг. Энэ эмчилгээ нь бөглөрсөн судсыг нээж, тархины эдийн гэмтлийг багасгах, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах ач холбогдолтой.
Сүүлийн жилүүдэд судсан дотуурх эмчилгээ хөгжиж байна.Тухайлбал, тархины том судасуудад бүлэнтэй өвчтөнд судсан дотуурх бүлэнг соруулах эмчилгээ хийх боломжтой болсон. Энэ эмчилгээг тухайн хүний эмнэлзүйн байдал, хийгдсэн шинжилгээний үр дүнгээс хамаарч зарим тохиолдолд шинж тэмдэг эхэлснээс хойш 6-24 цагийн дотор хийх боломжтой байдаг.

-Нэг удаа харвасан хүн дахин харвах эрсдэлтэй юу.Харвасны дараа бүрэн эдгэрэх боломж байдаг уу?
-Харвалт нэг удаа тохиолдсон хүн дахин харвах эрсдэл үргэлж байдаг. Тиймээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед бид зөвхөн тухайн үеийн харвалтыг эмчлэхээс гадна давтан харвалтаас сэргийлэх урьдчилан сэргийлэлтийг маш чухалчилдаг. Хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэдэг нь дахин харвалт болох эрсдэлийг бууруулах зорилготой эмчилгээ, хяналт юм. Үүний тулд эмчийн зөвлөсний дагуу цус шингэлэх эм тогтмол хэрэглэх, цусны даралтаа хянах, цусан дахь өөх тос болон сахарын хэмжээг тогтмол хянахшаардлагатай. Зарим хүн харваад эмнэлэгт эмчлүүлсний дараа бие нь сайжрахаар “болчихлоо” гэж ойлгоод дахин хяналтдаа ирдэггүй. Энэ нь маш эрсдэлтэй. Учир нь, эмийн тун тохируулах, шинжилгээний өөрчлөлтийг хянах, дахин харвалтаас хамгаалах арга хэмжээг зөв хийхийн тулд тогтмол эмчийн хяналтад байх шаардлагатай.

-Тархины цус харвалт удамшдаг өвчин үү?
-Харвалт өөрөө шууд утгаараа удамшдаг өвчин биш. Гэхдээ тухайн хүний гэр бүлд харвалт, даралт ихсэлт, зүрх судасны өвчний түүх байдаг бол эрсдэл нэмэгдэх хүчин зүйл болж болно. Өөрөөр хэлбэл, харвалт өөрөө удамшдаг гэхээс илүүтэй тухайн хүний эрсдэлт хүчин зүйлд нөлөөлж болно гэсэн үг.

-Цусны даралт ихсэх нь тархины цус харвалтын эрсдэлд хэрхэн нөлөөлдөг вэ. Цусны даралтаа тогтмол хянахгүй байх нь ямар эрсдэлийг дагуулдаг вэ?
-Цусны даралт бол харвалтын хамгийн том эрсдэлт хүчин зүйлүүдийн нэг. Даралт удаан хугацаанд өндөр байснаар судасны хананд өөрчлөлт орж, судас хатуурах, уян чанараа алдах эрсдэл нэмэгддэг. Ингэснээр хоёр төрлийн эрсдэл үүснэ.
Нэгт, судасны хананд өөрчлөлт орсноор бөглөрөл үүсэж, тархины цусан хангамж алдагдах боломжтой. Тиймээс даралтаа тогтмол хэмжих, эмчийн зааврын дагуу эмээ тогтмол уух нь харвалтаас сэргийлэх хамгийн энгийн боловч хамгийн үр дүнтэй арга. Судас бөглөрөх хэлбэрийн харвалтын үед хамгийн чухал нь цаг хугацаа. Өвчтөнд бүлэн уусгах болон бүлэн соруулах эмчилгээ хийх боломжтой. Хоёрт, урт хугацааны артерийн даралт ихсэлтээс тархины судас хагарах буюу тархины эдийн дотор цус харвалт үүснэ, үүний гол эрсдэлийн нэг нь хяналтгүй цусны даралт ихсэх юм. Энэ үед эмчилгээ нь цус алдсан байрлал, хэмжээ, өвчтөний ерөнхий байдлаас хамаардаг. Зарим тохиолдолд даралт тогтворжуулах, амин үзүүлэлтийг хянах, цус хуралт шимэгдэхийг хүлээх эмчилгээ хийнэ. Харин тархины гадарт ойр, том хэмжээний цусан хураа үүссэн үед мэдрэлийн мэс заслын эмчийн зөвлөгөө авч, цусан хурааг авах мэс засал эмчилгээ хийх шаардлагатай.

-Харвалтын дараа сэргээн засах эмчилгээ хэр чухал вэ. Харвалт өгсөн хүн хэвийн амьдралдаа эргэн орох боломж хэр байдаг вэ?
-Маш чухал. Харвалтын дараах эмчилгээ зөвхөн эм тариагаар дуусдаггүй. Сэргээн засах эмчилгээ бол эдгэрэлтийн хамгийн чухал хэсгүүдийн нэг. Боломжтой бол харвалтын дараах эхний 24 цагаас эхлэн эрт үеийн сэргээн засах эмчилгээг эхлүүлэх нь үр дүнтэй байдаг. Үүнд, хөдөлгөөн засал, гар, хөлийн хүч сайжруулах дасгал, хэл ярианы засал, залгиурын үйл ажиллагааг сэргээх эмчилгээ зэрэг багтана. Зарим хүн гар, хөл нь хөдөлж байгаа ч хэл яриа нь өөрчлөгдсөн байдаг. Зарим нь залгих асуудалтай болдог. Тиймээс хүн бүрийн харвалтын дараах байдлаасхамаарч сэргээн засах эмчилгээ өөр байна.
Харвалтын дараа бүрэн хэвийн амьдралдаа эргэн орох нь олон зүйлээс шалтгаална. Харвалтын улмаас тархины эдийг гэмтээсэн байдал, тархины аль хэсэг гэмтсэн, эмнэлэгт хэр хурдан хүрсэн, сэргээн засах эмчилгээг хэр эрт эхэлсэн зэргээс хамаарна.

-Толгой байнга хүчтэй өвдөх нь дангаараа тархины цус харвалтын шинж тэмдэг байж болох уу?
-Толгой өвдөлт дангаараа харвалтын шинж тэмдэг гэж ойлгож болохгүй. Мэдрэлийн практикт толгой өвдөлтийг ерөнхийд нь хоёр төрөлд авч үздэг. Нэг нь, анхдагч толгой өвдөлт. Үүнд стресс, нойргүйдэл, булчингийн чангарал зэрэгтэй холбоотой толгой өвдөлтүүд орно. Нөгөө нь, хоёрдогч шалтгаант толгой өвдөлт. Энэ нь тархины судасны эмгэг, үрэвсэл, бүтцийн өөрчлөлт зэрэг олон шалтгаантай байж болно. Тэгэхээр толгой өвдөлтийг хамгийн түрүүнд мэдрэлийн эмчид үзүүлээд ялгах нь чухал. Ялгахын тулд хамгийн чухал юм нь толгой өвдөлтийн асуумж гэж байдаг. Энэ толгой өвдөлт хаана өвдөж байна, байрлалын хувьд хаана байна, ямар хэв шинжээр өвдөж байна, юунд сэдэрч байна, юунд намдаж байна, энэ толгой өвдөлт өмнө нь илэрдэг байсан толгой өвдөлт үү аль эсвэл гэнэт огцомшинээр илэрсэн үү гэдэг ийм шинжүүдээр ялгадаг. Толгойн хүчтэй өвдөөд ирсэн хүмүүс “энэ толгой өвдөлт гэнэт эхэлсэн, өмнө нь би ийм хүчтэй толгой өвдөлтийг мэдэрч байгаагүй” гэдэг. Тийм хүчтэй толгой өвдөлт бол яах аргагүй аюултай буюу яаралтай эмнэлгийн тусламж шаардагдах харвалт өвчнийг сэжиглэхүйц толгой өвдөлтийн хэлбэр гэж ойлгож болно.

-Харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд хүмүүс өдөр тутамдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Тархины харвалтаас урьдчилан сэргийлэх боломж бий. Хамгийн эхний алхам бол цусны даралтаа хянах. Мөн эмчийн зааврын дагуу эмээ тогтмол хэрэглэх, цусан дахь сахарын хэмжээг хянаж өөх тосоо бууруулах, илүүдэл жингээсээ салах, давс, сахар, өөх тосны хэрэглээг багасгах, хүнсний ногоо түлхүү хэрэглэх, тамхинаас татгалзах, архийг хэтрүүлэхгүй байх зэрэг эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх нь тархины харвалтаас урьдчилан сэргийлэхүндсэн аргууд юм.

-Тархины цус харвалтын үед хүн бүрийн санаж байх ёстой хамгийн чухал зөвлөгөө юу вэ?
-Хамгийн чухал хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, харвалтын шинж тэмдгийг хүн бүр мэддэг байх хэрэгтэй. Эрт таних тусам эмчилгээний боломж нэмэгдэнэ. Хоёрдугаарт, харвалт бол урьдчилан сэргийлэх боломжтой өвчин гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв харвалтын шинж тэмдэг илэрсэн бол минут, секунд бүр чухал. Хүлээх, өөр аргаар эмчлэх гэж оролдох биш, шууд 103 дуудан эмнэлгийн тусламж авах нь хамгийн зөв алхам.
-Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights