Нойргүйдэл, уналт таталт хоёр нь хоорондоо адилгүй ч мэдрэлийн тогтолцоотой холбоотойгоор хүмүүсийн дунд түгээмэл тохиолддог зовуурь, эмгэгүүдийн нэг юм. Интермед IUHW эмнэлгийн Мэдрэлийн эмч С.Дүүриймаатай эдгээр өвчний шинж тэмдэг, оношилгоо эмчилгээ болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа. Түүний хувьд нойрны зовуурьтай хүмүүсийн дунд амьдралын хэв маягтай холбоотой шалтгаан түгээмэл байдгийг онцолсон бол уналт, таталтын үед эрт оношлуулж, эмчилгээг таслахгүй байх нь чухал гэдгийг зөвлөж байна.
-Юуны түрүүнд нойрны эмгэгийн талаар ярилцъя. Сүүлийн үед хүмүүсийн дунд нойрны асуудал нэлээд түгээмэл болсон. Танай эмнэлэгт хандаж буй хүмүүсийн дунд энэ зовуурь хэр их байна вэ?
-Нойр бол нас хамаарахгүйгээр бүх хүний асуудал болсон. Өсвөр наснаас авахуулаад 90 настай эмээ, өвөө нар хүртэл нойртой холбоотой зовуурь хэлдэг. Өдөрт үзүүлж байгаа хүмүүс үндсэн зовууриас гадна нойрны талаар зөвлөгөө авч байна. Ерөнхийдөө нийт үйлчлүүлэгчдийн 50-60 хувь нь нойрны асуудал ярьдаг.
-Нойргүйдлийн хамгийн түгээмэл шалтгаан юу вэ?
-Хүн болгон өөр. Гэхдээ үзүүлж байгаа үйлчлүүлэгч нарын нийтлэг шалтгаан нь амьдралын хэв маягтай холбоотой байдаг. Нойргүйдээд, шөнө олон дахин сэрээд байна гэсэн зовуурь хэлж байгаа хүмүүсийн тархинд том эмгэг голомт байдаггүй. Тархинд нь хавдар, уйланхай, харвалт илэрддэггүй гэсэн үг. Харин нэг номерын шалтгаан бол ерөөсөө л амьдралын хэв маяг. Тухайн хүн стресс ихтэй байгаагаас, эсвэл хийсвэрээр оюуны ачаалал үүсгэсэн байдаг. Нөгөө талаас тухайн хүн бие махбодоо хэр их ядрааж байгаа, дасгал хөдөлгөөн хэр хийж байгаа нь бас чухал. Зарим хүн биеийн хүчний ажил эрхэлж, өдөржин хөдөлмөрлөсөн ч нойргүйдэх тохиолдол байдаг. Тиймээс зөвхөн бие махбодын ачаалал биш, тархи, сэтгэл санаагаа хэр их ядрааж байгаа нь мөн чухал асуудал юм. Эмчилгээний хувьд дээр дурдсан амьдралын хэв маяг, нойр амралт, дасгал хөдөлгөөн зэрэгтэй холбоотой зөвлөгөөг эмийн эмчилгээтэй хамт өгдөг гэсэн үг.
-Чанартай нойрыг хэрхэн тодорхойлох вэ?
-Хүн хоногт зургаагаас найман цаг тасралтгүй нам унтахыг чанартай нойр гэнэ. Нойрны цикл 2.5-3 цаг орчим үргэлжилдэг учраас дундуур нь сэрж болно. Гэхдээ эргээд хурдан унтдаг бол хэвийн үзэгдэл. Гэтэл олон дахин сэрдэг, эргэн тойронд юм хөдөлж байгааг мэдэрдэг, 4-5 цаг унтдаг бол нойр хэвийн биш гэсэн үг. Эдгээр шалтгаан нь нойрны чанарыг алдагдуулдаг.
-Хүмүүс унтахын тулд утсаараа дуу сонсож эсвэл кино үзэж байгаад унтах тохиолдол бий. Энэ нь нойронд ямар нөлөөтэй вэ?
-Ер нь дэлгэцийн хэт их хэрэглээ нь оюун санаанд хийсвэр ачаалал бий болгож, нойрны хэмнэлийг алдагдуулдаг. Тиймээс орой 22:00 цагт унтахаар төлөвлөж байгаа бол 21:00 цагаас утсаа хол тавьж, зурагтаа унтраах хэрэгтэй. Энэ хугацаанд дасгал хөдөлгөөн хийх, ном унших зэрэг тайвшруулах үйлдэл хийхийг зөвлөдөг.Тэр дундаа цаасан ном унших хэрэгтэй. Харин сонсдог ном, подкаст, YouTube зэрэг цахим контент хэрэглэхийг унтахын өмнөх үед зөвлөхгүй. Цаасан номоос уран зохиолын болон хувь хүний хөгжлийн чиглэлийн ном уншиж болно. Харин мэргэжлийн ном, сонин сэтгүүл, шар мэдээ зэрэг нь тархийг идэвхтэй ажиллуулж, амрахад нь саад болдог тул унтахын өмнө хэрэглэхийг зөвлөдөггүй. Мөн унтах цагийн дэглэмийг зөв тогтоох нь чухал. Жишээлбэл, 23:00 цагт унтахаар төлөвлөж байгаа бол орондоо таван минутын өмнө орно. Манайхан 30-40 минут, заримдаа бүр нэг цагийн өмнө орондоо орчихоод утсаа оролддог. Ингэснээр тархинд ор бол утас үздэг газар гэсэн буруу дадал сууж болно.Тиймээс тархинд “ор бол зөвхөн унтах зориулалттай” гэсэн ойлголтыг суулгахын тулд унтахынхаа өмнө л орондоо орж хэвших хэрэгтэй.
-Нойр дутуу байхыг л нойргүйдэл гэж ойлгодог хүмүүс элбэг. Ер нь өөр ямар төрлийн нойрны эмгэг байдаг вэ?
-Нойр дутуугаас гадна хэт их унтах буюу гиперсомни гэдэг нойрны эмгэг бий. Энэ нь зарим тохиолдолд есөн цагаас дээш унтах, өдрийн цагаар байнга нойрмоглох байдлаар илэрдэг. Өдрийн цагаар хүн нойрмоглох үе шатгүйгээр шууд гүн нойронд шилжих тохиолдол ч байдаг. Жишээлбэл, ийм эмгэгтэй хүн өдрийн цагаар машин барьж яваад түгжрэлд бага зэрэг удаан зогсоход л тэсэлгүй унтах эрсдэлтэй. Үүнээс гадна зарим хүн унтаж байхдаа зүүдэлж байгаа мэт хөдөлгөөн хийх, ярих, бүр өөр үйлдэл хийх тохиолдол байдаг бөгөөд маргааш нь хийсэн зүйлээ өөрөө санадаггүй. Энэ нь мөн нойрны нэг төрлийн эмгэг.
-Ийм шинж тэмдэг илэрвэл шууд эмчид хандах хэрэгтэй байх нь ээ?
-Ер нь эрүүл үйлдэл биш эмгэг учраас эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Нойрны эмгэгийг оношлохын тулд шөнийн цагаар нойрны бичлэг хийх шинжилгээ байдаг. Энэ үед тухайн хүнийг шөнө унтуулж, ойролцоогоор найман цагийн турш унтаж байх үеийн тархины үйл ажиллагаа болон бусад амин чухал үзүүлэлтэд ямар өөрчлөлт гарч байгааг хянан, видео бичлэгээр давхар бүртгэдэг. Ингэснээр нойрны аль үе шатанд алдагдал, өөрчлөлт үүсэж байгааг тодорхойлох боломжтой. Шинжилгээний үр дүнд үндэслэн шаардлагатай тохиолдолд тухайн нойрны үе шатны алдагдлыг засах, сайжруулах зорилгоор эмийн эмчилгээ хийдэг.
-Манайхан нойргүйдэхээрээ дур мэдэн харшлын болон бусад эмийг хэрэглэдэг. Сүүлийн үед мелатонин хэрэглэх нь түгээмэл боллоо. Үүнд эмчийн хувьд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Манайхан өөрсдөө эм хэрэглээд сурчихсан ард түмэн. Гэхдээ нойр яагаад алдагдсан, хэр удаан үргэлжилж байгаа зэрэг шалтгаан, нөхцөлийг нь заавал харгалзах хэрэгтэй. Тиймээс гэрийн нөхцөлд дур мэдэн ямар нэгэн эм хэрэглэ гэж зөвлөх боломжгүй.
Эхний ээлжид өөрөө зөв унтах нөхцөлөө бүрдүүлэхийг хичээх хэрэгтэй. Тухайлбал, биеэ бага зэрэг ядраах, гадаа гарч алхах, цэвэр агаарт гарах нь чухал. Хүчилтөрөгч авах нь тархийг тайвшруулж, булчинг суллахад тустай. Тиймээс нойргүйдэх шинж дөнгөж илэрч байгаа бол гадаа гарч, 30 минутаас нэг цаг орчим алхаж, дараа нь уран зохиолын ном уншиж үзэхээрэй. Хэрэв ноцтой шалтгаангүй бол ийм байдлаар нойр хүрэх боломжтой. Харин эдгээр арга хэмжээг авсан ч нойр хүрэхгүй, нойрны асуудал үргэлжилсээр байвал эмчид хандах нь зөв.

-Нойрны асуудлын талаар ярилцлаа. Харин одоо мэдрэлийн эмчид хандах бас нэг түгээмэл шалтгаан болох уналт, таталтын талаар ярья. Эпилепси ямар шалтгаанаар үүсдэг вэ?
-Эпилепси гэдэг нь уналт, таталтын хам шинжээр илэрдэг өвчнийг ерөнхийд нь нэрлэдэг. Шалтгааны хувьд генетикийн болон олдмол гэж ангилж болно. Генетикийн шалтгаантай эпилепси нь ихэвчлэн хүүхэд насанд, өөрөөр хэлбэл төрснөөс эхлээд өсвөр нас хүртэлх үед илэрдэг. Харин олдмол эпилепси нь ямар нэгэн бодит шалтгааны улмаас үүсдэг. Тухайлбал, харвалт, тархины хавдар, толгойн гэмтэл зэрэг бодит шалтгааны улмаас тархинд бүтцийн өөрчлөлт бий болсон тохиолдолд бий болдог.
-Уналт таталт өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Уналт, таталт гэсэн хоёр үг байна. Монголчууд таталтын талаар сайн мэддэг. Гар хөл нь чангарч татан ухаангүй болоод нумарч унадаг, хөөс сахардаг зэрэг үгийг хэлдэг. Гэтэл гар хөлд чангарсан таталт илрэхгүй уналт таталтын хэлбэр байдаг. Энэ нь ухамсарт ухаан алдагдах буюу орчноосоо өөр газар очих, гар хөл чангарахгүй мөртлөө ухамсарт ухааны хувьд орон зайн хувьд өөрчлөгддөг уналтын хэлбэр. Тэгэхээр уналт нь ганцхан чангарсан таталтаар илэрдэггүй гэсэн үг. Нэг жишээ дурдвал, өндөр настай хүн сууж байгаад ямар ч чангарсан таталт өгөхгүй гар хөл нь хөдлөхгүй мөртлөө бодит орчноосоо тасраад гөлийчихдөг. Энэ нь хэдхэн секунд үргэлжлээд буцаад хэвийн болдог. Иймд өмнө нь уналт таталтын аль ч хэлбэр илэрч байгаагүй бол эмчид хандах хэрэгтэй. Түргэн хандах тусмаа дараагийн оношилгоо, шинжилгээ илүү үнэн зөв байж, эмгэг илрэх магадлал өндөр болдог. Уналт таталт өвчний хамгийн гол оношилгоо гэж хэлэгддэг тархины цахилгаан бичлэг буюу электроэнцефалографи гээд бичлэг гэхэд уналтаасаа аль болох 24 цагийн дотор хийвэл эмгэгийг илрүүлэх боломжтой. Цаг хойшлох тусам өөрчлөлт илрэхгүй, хэвийн бичлэг гардаг. Ялган оношилгоо хийхэд хэцүү болно гэсэн үг.
-Гар, хөл нь чангарч татсан хүнд хэрхэн анхны тусламж үзүүлэх вэ?
-Хүмүүсийн нийтлэг мэддэг гар хөл чангарсан таталт өгч байгаа тохиолдолд хоёрдогчоор гэмтэх эрсдэлтэй байдаг тул орчны юмсыг холдуулах хэрэгтэй. Мөн хөхөрч байна уу гэдгийг ажиглаж байгаад амьсгалын замыг нь чөлөөлөх нь чухал. Амьсгалах суурь тусламж буюу эрүүг нь өргөөд толгойг нь гэдийлгэж чөлөөлнө. Харин амыг нь ангайлгах гэж оролдох эсвэл эрүү болон уруулын дээд тал дээр дарах гэж оролдох хэрэггүй. Тухайн хүн өмнө нь унадаг байсан бол тодорхой хэмжээнд 3-5 минут үргэлжлээд өөрөө аяндаа намддаг. Тэр хугацаанд оролдох хэрэггүй. Болж өгвөл тусламж дуудах хэрэгтэй.
-Эпилепсийн эмийг хэр удаан хэрэглэх вэ. Эмээ таслах нь ямар эрсдэлтэй вэ?
-Уналтын эсрэг эмийн тунг хувь хүнд нь тохируулж өгдөг. Яг уусан тун хэмжээгээр нь өдөр болгон завсарлахгүйгээр 3-5 жил уухад нэг ч уналт илрэхгүй байвал эмчилгээг зогсооно. Дунд нь нэг уналт илрэх л юм бол тэр хугацаа арагшаа уртасна. Зарим хүн эмээ дуусчхаад дараагийн эмээ бичүүлнэ гээд хүлээгээд байдаг. Эмийг тасалж, дураараа завсарлаад байвал эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлж, эмийн дасал үүсэх эрсдэлтэй. Ингэснээр дараагийн тунг нэмэгдүүлэх шаардлагатай болох, эсвэл хоёр, гурав дахь төрлийн эмчилгээний эмийг нэмж хэрэглэх зэрэг асуудал үүснэ. Иймээс эмчийн заасан тун, хугацааг баримталж, эмээ тасралтгүй хэрэглэх нь уналт, таталтыг хянахад хамгийн чухал.
-Эпилепсийг ямар шинжилгээгээр оношилдог вэ?
-Манай эмнэлэгт уналт таталтын зовуурь илэрсэн хүмүүст сэрэнгэ үеийн тархины цахилгаан бичлэг хийдэг.Тухайлбал, амбулаторийн нөхцөлд өдрөөр 20-30 минутаар эсвэл өвчтөнг хоёр цаг орчим унтуулж хийдэг цахилгаан бичлэг бий. Мөн тархины соронзон томограф буюу манай монголчуудын хэлдгээр MRI шинжилгээг эпилепсийн горим гэдэг тусгай протоколоор яг тархины эдийн илүү нарийн зүслэгтэйгээр үзэж голомтыг илрүүлдэг. Цахилгаан бичлэг ямар ч хоргүй шинжилгээ. Тухайн хүндээ гель, усан гель ашиглаж малгай шиг юм өмсгөөд хийдэг. Энэ шинжилгэээг ганцхан уналт таталттай өвчтөнд хийдэггүй.
-Таны хувьд хүмүүсийг юунд илүү анхаараасай гэж хүсдэг вэ?
-Үзлэг хийхэд анзаарагддаг зүйл бол хүмүүс оройтож ирдэг явдал. Эмч хүний хувьд өвчтөнөө эрт ирээсэй л гэж боддог. Тэгэхгүй аль сарын өмнө магадгүй жилийн өмнө нэг удаа унаж байсан юм гээд зовуурь хэлээд орж ирдэг хүмүүс цөөнгүй. Нэг удаа унах нь өөр хэрэг. Харин хүн олон унаад түүнтэй дасаад “өө сэрчихдэг юм” чинь гэж боддог. Гэтэл тэр хүн уналт таталтын үеэрээ гэмтэх эрсдэлтэйгээс гадна хоёрдогч хүндрэл, гэмтэл бий болно. Ер нь олон дахин унах тусам шалтгаан нь юу гэдгээс үл хамааран тархины тодорхой хэсэг гэмтдэг. Аль болох эрт үедээ эмчилгээндээ орж эмээ ууж эхлээд дахиж унахгүй байхыг зорих хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Эх сурвалж: iToim

