Бидний өдөр тутамд хэрэглэдэг зарим эмүүд нэр, сав баглаа боодлоороор маш төстэй байдгаас шалтгаалан эндүүрэх, буруу хэрэглэх аюултай байдаг.
LASA буюу Ижил дуудагддаг, ижил харагддаг эм гэж юу вэ?
Зарим эмийн нэрний дуудлага, сав баглаа боодол, хэлбэр дүрс хоорондоо тун төстэй байдгаас үүдэн ноцтой алдаа гарах эрсдэл үүсдэг. Анагаах ухаанд үүнийг LASA (Look-Alike, Sound-Alike) гэж нэрлэдэг. ДЭМБ-ын статистикаар эндүүрэл нь 20 хүн тутмын 1-д тохиолдож болох нийтлэг боловч, бид өөрсдөө хянаж, сэргийлэх бүрэн боломжтой алдаа юм.
Ямар байдлаар андуурагдах эрсдэлтэй вэ?
- Эмийн нэр: Харагдах байдал болон бичиглэл ижил төстэй
- Дуудлага: Сонсогдох нэршил ижил төстэй
- Сав баглаа: Хайрцаг, шилний өнгө, дизайн адилхан
- Эмийн хэлбэр: Эм (капсул, таблет)-ийн хэлбэр, хэмжээ, өнгө адилхан
Ижил дуудагддаг эмүүд (Sound-Alike) Сонсоход маш төстэй боловч тэс өөр өвчний үед хэрэглэгддэг тул андуурвал аюултай. Жишээлбэл:
Hydralazine (Даралт бууруулах) ↔️ Hydroxyzine (Аллерги, түгшүүрийн эсрэг)
Cefuroxime (Антибиотик) ↔️ Cefotaxime (Антибиотик – тун, заалт өөр)
Dopamine (Зүрх, шокын үеийн эм) ↔️ Dobutamine (Зүрхний үйл ажиллагаа дэмжих)
Chlorpromazine (Сэтгэцэд нөлөөлөх) ↔️ Chlorpropamide (Сахарын эм)
Ижил бичигддэг / харагддаг эмүүд (Look-Alike) Латин эсвэл кирилл бичлэг нь маш төстэй тул хараад шууд андуурах эрсдэлтэй. Жишээлбэл:
Fexofenadine (Харшлын эсрэг) ↔️ Fenofibrate (Цусан дах өөх тос бууруулах)
Propranolol (Даралт, зүрхний хэм алдагдал) ↔️ Prednisolone (Стероид, үрэвслийн эсрэг)
Metformin (Сахарын эм) ↔️ Metronidazole (Антибиотик)
Amantadine (Вирус, паркинсоны эм) ↔️ Amiodarone (Зүрхний хэм алдагдлын эм)
Нэг эмийн өөр тун (Dose Errors) Нэг үйлдвэрлэгчийн ижил нэртэй эмүүд хайрцаг болон өнгөөрөө бараг адилхан боловч тунгийн хэмжээ нь өөр байх тохиолдол байдаг. Эмнэлэг болон эмийн сангууд эдгээр эмийг андуурахгүйн тулд ижил төстэй хэсгийг нь том үсгээр онцлон бичдэг. Жишээлбэл:
Amlodipine 5mg ↔️ Amlodipine 10mg (Сав баглаа нь ижил өнгөтэй байж болно)
Lévothyrox 25mcg ↔️ Lévothyrox 100mcg
Та өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах вэ?
Эм авах болон хэрэглэхдээ дараах 5 зарчмыг заавал дагаарай.
- Эмийн нэрийг шалгах: Эмчийн бичиж өгсөн жортой яг таарч байгаа эсэхийг тулгаж харах
- Зориулалтыг мэдэх: “Энэ эм яг юунд хэрэглэдэг вэ?” гэж эмч, эм зүйчээс заавал асуух
- Тун хэмжээг баталгаажуулах: Хэдэн мг-аар, өдөрт хэдэн удаа, яаж хэрэглэхээ бүрэн ойлгох
- Шошгыг сайтар унших: Эмийг уухаасаа өмнө хайрцаг болон шошго дээрх зааврыг дахин шалгах
- Эргэлзвэл шууд асуух: Бага зэрэг л эргэлзээ төрвөл эмч, сувилагч, эм зүйчээс тодруулах
Дараах тохиолдолд ЭМ-ээ заавал дахин ШАЛГААРАЙ.
- Авсан эм тань өмнө хэрэглэж байснаас өөр харагдаж байвал
- Эмийн нэр өмнөхөөсөө өөр санагдвал
- Шошгон дээрх мэдээлэл ойлгомжгүй, дутуу байвал
- Эмийг хэрэглэсний дараа таагүй шинж тэмдэг, гаж нөлөө илэрвэл ТҮР ЗОГСООД ШАЛГА! Эргэлзээтэй бол АСУУ!

