Эмнэлэгт хандаж буй үйлчлүүлэгчид зөвхөн эмчилгээ авахаас гадна сэтгэлзүйн хувьд эргэлзсэн, түгшсэн, айсан эсвэл эмзэг байдалтай ирэх нь элбэг байдаг. Энэ үед үйлчлүүлэгчийг хамгийн түрүүнд угтан авч, чиглүүлдэг ажилтнуудын харилцаа, хандлага нь эмнэлгийн үйлчилгээний чанар, соёлын гол үзүүлэлт болдог билээ.
Үүнийг үндэслэн Интермед эмнэлэг Харилцагчийн үйлчилгээ болон Хүний нөөцийн албаны ажилтнуудаа дэлхийн 50 гаруй улсад ижил стандартын дагуу хэрэгждэг, нотолгоонд суурилсан “Mental Health First Aid” (MHFA) олон улсын хөтөлбөрт хамрууллаа. Сургалтад хамрагдсан ажилтнууд олон улсын эрх бүхий “Accredited Mental Health First Aider” буюу Сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэгчээр бэлтгэгдсэн байна.

Энэхүү хөтөлбөр нь сэтгэлзүйн хямрал болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын эрсдэлийг эрт үед нь таних, тухайн хүнийг шүүмжлэлгүйгээр сонсож ойлгох, зөв харилцах, анхны дэмжлэг үзүүлэх болон шаардлагатай тохиолдолд мэргэжлийн тусламжид холбон чиглүүлэх мэдлэг, ур чадварыг олгодог.
Интермед эмнэлгийн баримталдаг “Үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээ” нь зөвхөн оношилгоо, эмчилгээний чанараар хязгаарлагдахгүй, хүн бүрийг ойлгож хүндэтгэх соёл, сэтгэлзүйн аюулгүй байдлыг бүрдүүлэхээс эхэлдэг. Түүнчлэн уг сургалт нь үйлчлүүлэгчдэд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэхээс гадна хамт олны харилцааг сайжруулах, бие биеэ дэмждэг байгууллагын соёлыг бэхжүүлэхэд чиглэсэн чухал хөрөнгө оруулалт юм.

