Интермед IUHW эмнэлэг болон Монголын Мэргэжлээс Шалтгаалах Өвчин Судлалын Нийгэмлэг хамтран “Мэргэжлээс шалтгаалах гар-шуунд дамжих доргионы хам шинжийн оношилгоо, эмчилгээний салбар дундын хамтарсан сургалт-дадлага”-ыг амжилттай зохион байгууллаа.
Эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөрийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих, мэргэжлээс шалтгаалах өвчний эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан тус сургалтад орон нутаг, хот, улсын болон хувийн хэвшлийн төлөөлөл 80 орчим эмч, мэргэжилтэн оролцож, мэдлэг, туршлагаа харилцан солилцсон байна.


Сургалтын хүрээнд гар-шуунд дамжих доргионы хам шинжийн тархалт, эрсдэлийн үнэлгээ, өртөлтийн хэмжилт ба хяналт, оношилгоо, ялган оношилгоо, хөдөлмөрийн чадвар алдалтын үнэлгээ, эмчилгээний орчин үеийн чиг хандлагын талаар цогц мэдээлэл хүргэж, оролцогчдын дунд үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ удаагийн сургалтад практик дадлагын хэсгийг түлхүү багтаасан нь онцлог байсан ба тухайлбал капилляроскопийн шинжилгээний бодит тохиолдлууд, дүрс оношилгооны тайлбар, эмнэлзүйн кейс хэлэлцүүлэг болон оролцогчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан дадлага ажлуудыг зохион байгуулсан нь онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Мөн хөдөлмөрийн эрүүл мэнд, ревматологи, мэдрэл судлал, гар сарвууны мэс засал, дүрс оношилгоо, хөдөлмөрийн эрсдэлийн үнэлгээний чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд хамтран оролцож, гар-шуунд дамжих доргионы хам шинжийн оношилгоо, эмчилгээний салбар дундын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон хэлэлцсэн байна.
Цаашид Монголын Мэргэжлээс Шалтгаалах Өвчин Судлалын Нийгэмлэг болон Интермед IUHW эмнэлэг нь хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, нотолгоонд суурилсан мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн сургалт, эрдэм шинжилгээний арга хэмжээг тогтмол зохион байгуулах болно.

