
Интермед эмнэлэг “Соронзон резонанст томографийн (MRI) аюулгүй ажиллагаа” сэдвээр Монгол Улсад анх удаа улсын болон хувийн хэвшлийн MRI оношилгоо хийдэг 20 гаруй эмнэлгийг хамарсан үндэсний хэмжээний салбарын хурал зохион байгууллаа.
Тус хуралд дүрс оношилгооны эмч, технологич, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер зэрэг олон төрлийн мэргэжлийн төлөөлөл бүхий 80 гаруй эмнэлгийн мэргэжилтэн оролцож, MRI орчин дахь эрсдэлийн удирдлага, өвчтөн болон ажилтны аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн найдварт ажиллагаа, осол-эрсдэлийг бууруулах, сургалт-чадавхижуулалтын асуудлыг хэлэлцэв.
Хурлыг Монголын Радиологийн Нийгэмлэг болон Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Дүрс оношилгооны мэргэжлийн салбар зөвлөл хамтран дэмжиж, салбарын байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, нийтлэг стандарт, сайн туршлага, аюулгүй ажиллагааны соёлыг тогтоох чиглэлд хамтын оролцоог нэмэгдүүлсэн нь онцлог байлаа.
Интермед эмнэлэг нь цаашид MRI болон дүрс оношилгооны тусламж үйлчилгээний аюулгүй ажиллагаа, чанарын удирдлага, багийн сургалт-чадавхижуулалт чиглэлээр салбарын хамтын ажиллагааг тогтмолжуулах, хэлэлцүүлэг-сургалтын цуврал арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.





