
Интермед эмнэлэг болон Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ 1 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдаж, талуудын удирдлага болон холбогдох албан тушаалтнууд оролцов.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд хандсан иргэдэд яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд Интермед эмнэлгийн компьютер томограф (КТ) болон соронзон резонансын томограф (MRI) зэрэг нарийвчилсан оношилгооны үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, уялдаа холбоотойгоор зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.
Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалт, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, туршлага солилцох арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгасан байна.

