
Интермед эмнэлгийн Зүрх судас, ангиографийн тасгийн эмч Б.Оюунханд БНХАУ-ын Сямэнь хотод зохион байгуулагдсан зүрх судасны интервеншн эмчилгээний олон улсын сургалт, ажиглалтын хөтөлбөрт амжилттай хамрагдаад ирлээ.
Тус сургалтын зорилго нь зүрхний бүтэцтэй холбоотой эмгэгүүд болон титэм судасны нарийн төвөгтэй өвчний орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга технологийг газар дээр нь судлах, бодит тохиолдлын мэс заслын явцад оролцон туршлага солилцох байв.
Сургалтын хүрээнд дараах өндөр түвшний интервеншн эмчилгээ, мэс заслын чиглэлээр дадлага, ажиглалт хийж, олон улсын багийн туршлагатай танилцлаа. Үүнд:
Зүрхний хавхлагын катетерийн эмчилгээ
Митрал хавхлагын интервеншн (M-TEER)
Аортын хавхлагын солилт (TAVR)
Титэм судасны хүнд кальцжилт бүхий тохиолдолд ашиглагддаг Intravascular Lithotripsy (IVL) буюу судасны дотор долгионоор кальцийг задлах шинэ үеийн технологи
Мөн эдгээр арга технологийн эмчилгээний аюулгүй байдал, үр дүн, эрсдэлийн удирдлага, өвчтөн сонголт, багийн ажиллагааны талаар олон улсын практик туршлага-аас суралцлаа.
Энэхүү сургалт нь Интермед эмнэлгийн зүрх судасны тусламж үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэх, дэвшилтэт технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх, улмаар эмчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой боллоо.


