Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Титэм судсан дотуурх эмчилгээ хийлгэсний дараах зөвлөмж
Нийтэлсэн огноо: 2025-11-03

IH-GEN-0008-M-HEM-001

Титэм судсан дотуурх эмчилгээ гэж юу вэ?

Титэм судсан дотуурх эмчилгээ (ТСДЭ) нь рентген туяаны хяналтан дор нээлттэй мэс засал хийхгүйгээр бөглөрсөн эвсэл нарийссан судсанд стент буюу тэлэгч тавин титмийн цусны урсгалыг сэргээх, сайжруулах эмчилгээ юм.

Эмчилгээг хийлгэсний дараа юу анхаарах вэ?

  • Хатгалт хийсэн хэсэгт тэмтрэхэд зөөлөн, жигд гадаргуутай, хуурай мөн ямар нэгэн цус гарч буй шинж байх ёсгүй.
  • Хатгалт хийгдсэний дараа хатгалт хийгдсэн гар болон хөлөнд 4 цагийн турш ачаалал авч болохгүй.
  • Хатгасан хэсэгт хөхөрч болно. Энэ нь ихэвчлэн 2 долоо хоногийн дараа бүрэн хэвийн байдалдаа ордог боловч хөхрөлт их хэмжээгээр нэмэгдвэл эмнэлэгт яаралтай үзүүлэх хэрэгтэй.
  • Гар , хөлөөр  хүйтэн оргих, хөхөрсөн эсвэл цайсан харагдах, өвдөлт илрэх нь цусан хангамж алдагдсаны шинж тэмдэг байх боломжтой. Энэ нь ховор тохиолддог хэдий ч эмнэлгийн тусламж шаардлагатай нөхцөл байдал тул та аль болох хурдан эмнэлэгт хандаарай.
  • Хатгасан хэсэг газар хавдах, улайх, тухайн хэсгээс шүүс  гарах эсвэл халуурах, чичрүүдэс хүрэх шинж илэрвэл эмнэлэгт яаралтай үзүүлэх хэрэгтэй.
  • Халдвараас сэргийлэхийн тулд хатгалт хийснээс хойш 3 тул ванн, бассейн, саун зэрэг нь хориотой. Харин шүршүүрт орж болно.

 

Та гарын шуу эсвэл бугалгандаа хатгалт хийлгэсэн бол:

  • Шуу хэсгээ мэс заслаас хойших 4-6 цагийн турш нугалахгүй .
  • Шууны даралттай боолтыг 24 цагийн дараа авна.
  • ТСДЭ хойш 2 хоногийн хугацаанд 5кг-аас хүнд зүйл өргөж болохгүй.

Хэрэв та цавины хэсэгт хатгалт хийлгэсэн бол:

  • ТСДЭ-ээс 24 цагийн дараа боолтыг авч болно.
  • Эхний 3 хоног аль болох аажим алхах, шатаар аажим өгсөх хэрэгтэй.
  • Хөлөнд ачаалал өгөх хөдөлгөөн эсвэл дасгалыг хамгийн багадаа эхний 48 цагийн хугацаанд  хориглоно.

 

Эмчилгээний дараа ямар эм зөвлөдөг вэ?

ТСДЭ дараа дараах эмнүүдээс уухыг ихэвчлэн зөвлөдөг.

  1. Цус шингэлэх АСПИРИН, КЛОПИДОГРЕЛ эсвэл ТИКАГРЕЛОР (Брилиянта)
  • ТСДЭ-ний дараа стент дотуур бүлэн үүсэх эрсдэл байх тул урьдчилан сэргийлэх зорилгоор цус шингэлэх эмнүүдийг хэрэглэснээр дээрх эрсдэлийг бууруулдаг.
  • Эмийг ууж байх хугацаанд биеийн аль нэг хэсэгт  хөхрөлт үүсэх , хамраас цус гоожих шинж тэмдэг илэрч болно.
  • Тикагрелор ууж байхад амьсгал давчдах шинж тэмдэг илэрч болно. Хэрвээ ийм мэдрэмж үүсвэл та эмчид хандаарай.
  1. AХФ саатуулагч /рамиприл, периндоприл/ эсвэл Ангиотензины рецептор хориглогч /кандесартан, олмесартан/
  • Зүрхний шигдээсийн эрсдлийг бууруулж, зүрхний үйл ажилгааг дэмжиж, даралт бууруулах үйлдэлтэй.
  • Толгой эргэх, бие сульдах, эсвэл ханиалгах гаж нөлөө илэрч    болдог.
  • Та энэхүү эмнүүдийн аль нэгийг ууж эхлэхийн өмнө бөөрний үйл ажиллагаа болон цусан дахь калийн хэмжээг шалгуулсан байх шаардлагатайг анхаарна уу.
  1. Бета хориглогч /биспролол, метопролол, карведилол/.
  • Зүрхний шигдээсийн эрсдлийг бууруулж, зүрхний цохилтыг цөөрүүлэх, даралт бууруулах үйлдэлтэй бөгөөд  энэ нь зүрхний цус шахах үйл ажиллагааг хөнгөвчилдөг.
  • Толгой эргэх, бие сульдах гаж нөлөө илэрч болдог.
  1. Холестрин бууруулах эмүүд: Статин /аторвастатин, розувастатин/
  • Цусан дахь холестрин болон бусад муу өөх тосыг бууруулдаг.
  • Таны холестрины түвшин хэвийн байсан ч та энэхүү эмийг ууж болно.
  • Булчингаар өвдөх эсвэл шөрмөс татах гаж нөлөө илэрч болдог.

Дур мэдэн эмийг зогсоох эсвэл уухгүй алгасах зэрэг нь зүрхний шигдээсээр дахиж өвдөх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Хэрвээ та цус шингэлэх /rivaroxaban (Xarelto), warfarin (Coumadin)/ эм уудаг бол хэзээ эмээ дахин ууж эхлэх болон ямар тунгаар уух талаар эмчээсээ асууж зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрвээ та метформин уудаг бол зүрхний эмч эсвэл дотоод шүүрлийн эмч зөвлөгөө өгөөгүй бол ТСДЭ-с 48-72 цагийн дараа эмээ үргэлжлүүлэн уугаарай. ТСДЭ дараа халдвараас сэргийлж антибиотик уух шаардлагагүй.

 

Дасгал, xөдөлгөөн

Хэрэв та зүрхний шигдээсээр өвдсөн бол хамгийн тохиромжтой дасгал бол алхах юм. Тэгш гадаргуу дээр бага хурдаар өдөрт 5 минутаар алхаж өдөр бүр аажим аажмаар өөрт тохирох хэлбэрээр дасгал хөдөлгөөнөө нэмэгдүүлэх хэрэгтэй. Зүрхний шигдээсээр өвдсний дараах эхний 7 хоногт биеийн хүч, хурд шаардсан дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ. Эмчээсээ ямар  дасгал хөдөлгөөн хийж болох талаар зөвөлгөө авах хэрэгтэй. Зүрхний нөхөн сэргээх эмчилгээний эмчээс зөвлөгөө авч хөдөлгөөн эмчилгээнд явж болно.

Хооллолт

Эрүүл зөв хооллолтын дэглэм баримтлах нь зүрх судасны үйл ажилгаанд чухал үүрэгтэй.

  • Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, бүхэл үрийн гурил, уураг агуулсан хүнс түлхүү хэрэглэх.
  • Давс, элсэн чихэр, ханасан өөх тосны хэрэглээг бууруулах
  • Чихэртэй ус, ундааны хэрэглээг хязгаарлах
  • Хоол зүйч эмчтэй уулзаж хооллолтын талаарх зөвлөгөө аваарай.

Хориглох зүйл

Тамхинаас гарах нь зүрхний үйл ажиллагааг сайжруулахад чухал үүрэгтэй. Тамхинаас гаргах эм, бэлдмэл /никотин орлуулах бохь, наалт, цацлага/ нь ямар нэгэн жоргүй олгогддог.

Электрон тамхи нь амьсгал болон зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг нь батлагдсан тул хориглоно.

Бэлгийн үйл ажиллагаа

Зүрхний шигдээс өвчнөөр өвдснөөс хойш 7-10 хоногийн дараагаас 2 давхар шатаар гарах үед амьсгаадахгүй, цээжээр өвдөхгүй байвал бэлгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой. Бэлэг эрхтний хөвчрөлийн алдагдлыг сайжруулах эм нь зүрхний зарим эмтэй ялангуяа нитрглицеринтэй харилцан үйлчилдэг. Иймд зүрх судасны эмчтэй ярилцахгүйгээр бэлэг эрхтний үйл ажиллагааны алдагдлыг сайжруулах эм ууж болохгүй.

Машин жолоодох

Хэрэв та төлөвлөгөөт ТСДЭ хийлгэсэн бол мэс засалд орсоноос 2 хоногийн дараагаас жолоо барьж болдог. Харин зүрхний шигдээсээр өвдсөн бол жолоо барих хугацааг зүрхний эмчтэйгээ ярилцаж  шийдэх хэрэгтэй.

Аялал

ТСДЭ-нд орсноос 7 хоногийн дараагаас аялалд явахад аюулгүй байдаг. Онгоцоор зорчих талаар эмчтэйгээ зөвлөлдөх шаардлагатай. Таны титэм судасны стент нь онгоцны буудлын метал илрүүлэгчээр илрэхгүй тул та санаа зоволтгүй нэвтэрч болно.

 

Зүрхний нөхөн сэргээх эмчилгээ

Зүрхний үйл ажиллагааг бүрэн сэргээхийн тулд урт хугацаанд амьдарлын хэв маягаа өөрчлөх шаардлагатай болдог. Зүрхний нөхөн сэргээх эмчилгээгээр туслах хэрэгслүүдийг ашиглан таны зүрхний үйл ажиллагаа зорилтот түвшинд хүрэхэд тусална. Зүрхний нөхөн сэргээх эмчилгээ нь ирээдүйд дахин зүрхний шигдээсээр өвдөх эрсдэлийг 25%-р бууруулдаг. Зүрхний нөхөн сэргээх эмчилгээ нь таний чадамж болон зорилтоос  хамаарч дасгал хөдөлгөөн санал болгох, цаашид эрүүл амьдарлын хэв маягыг хэвшүүлэх талаар сургалт ордог. Эмнэлгээс гарснаас хойш 4-6 долоо хоногийн дараагаас зүрхний нөхөн сэргээх эмчилгээ эхлүүлэх нь зохистой.

Давтан үзлэг

Та зүрх судасны эмч болон ангиографийн эмчтэй 7701-1111 болон eclinic.mn, intermed.mn хаягаар холбогдож эмчийн үзлэгийн цаг авна.

  • 1 сарын дараа ангиографийн эмчийн цаг авч үзүүлэх
  • 3 сар тутам зүрхний бичлэг болон бусад шаардлагатай шинжилгээг хийлгэж зүрхний эмчид хянуулж байхыг зөвлөж байна.

Цээжний өвдөлт

Яагаад ТСДЭ хийж байх үед цээжээр өвддөг вэ? Энэ нь ховор биш тохиолддог шинж тэмдэг юм. Стентийг тэлж байх үед титэм судасны цусан хангамж түр зуур тасалддаг тул тухайн үед зүрхний цусан хомсролын өвдөлт мэдрэгддэг. Ижил өвдөлт дахин мэдрэгдвэл эмчдээ яаралтай үзүүлэх хэрэгтэй. Мөн түүнчлэн титэм судсан дотор стентийг тэлэх үед артерийн ханыг тэлснээс мэдрэлийг төгсгөл цочрирч таагүй мэдрэмж төрдөг. Ихэнх тохиолдолд цээжний өвдөлт нь зүрхний бус байдаг бөгөөд 24-48 цагийн дараа арилдаг.

Хэрвээ миний цээжээр өвдөл яах вэ?

Хийж байгаа зүйлээ зогсоож суугаа юмуу хэвтээ байдал амрах хэрэгтэй. Хэрэв нитроглицерин уухаар эсвэл цацлагаар байвал хэлэн доороо цацах юмуу эмээ хэлэн дор тавьж 5 минут хүлээнэ. Өвдөлт илэрсэн хэвээр бол дахин нитроглицерин цацаж дахин 5 минут хүлээнэ. Хэрвээ өвдөлт намдахгүй бол 3 дахь удаагаа цацаад 103 дуудаж зүрх судасны эмчид үзүүлэх хэрэгтэй. ЭМНЭЛЭГ РҮҮ ӨӨРӨӨ МАШИН БАРЬЖ ЯВЖ  БОЛОХГҮЙ!

Нитроглицерин байхгүй тохиолдолд цээжний өвдөлт 15 минутын хугацаанд намдахгүй байвал 103 дуудаж ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГТ ИРЖ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ӨӨРӨӨ МАШИН БАРЬЖ БОЛОХГҮЙ.

 

Түгээмэл асуулт

  • Миний титэм судсанд стент хэрхэн тавьсан бэ?

Таны шууны артери эсвэл гуяны артериар маш жижиг, урт уян гуурсыг оруулж түүгээрээ дамжуулан рентген туяаны хяналтан дор тодосгогч бодис шахаж таны титэм судсан дотор нарийсал байгаа хэсгийг илрүүлэн судасны нарийссан ханыг цилиндр хэлбэртэй тэлэгддэг баллоноор тэлж цусны урсгалыг хэвийн болгодог.

  • Стент юугаар хийгддэг вэ?

2 төрлийн стент байдаг: цэвэр метал стент (зэвэрдэггүй ган төмрөөр хийсэн), ба эмээр бүрсэн стент (хэдэн сарын турш эм ялгаруулах чадвартай). Эмийн бүрхүүлтэй стент нь титэм судасны эдгэрэлийг үйл ажилгааг хянахад туслах бөгөөд совижилт үүсэхээс сэргийлдэг.

  • Миний биед стент байнга байх уу? Стент хөдлөх эсвэл буцаж хумигдах тохиолдол байгаа юу?

Стент байнгын суулгац бөгөөд титэм судасны ханыг тэлдэг ба удалгүй хүний биеийн эсүүдээр бүрэгдэн хучигддаг. Стентийг хэмжээг титэм судасны хэмжээ, нарийслын урт зэргээс хамааран сонгодог учир артерийн хананд шигдэж хөдөлгөөнгүй бэхлэгддэг.

  • ТСДЭ хийлгэсний дараа бусад дүрс оношилгооны шинжилгээнд орж болох уу?

Титэм судасны стент нь рентген, цөмийн оношилгоо, компьютерт томограф (CT), MRI  зэрэг шинжилгээнд нөлөөлөхгүй.

  • Би дахиж зүрхний шигдээсээр өвдөх үү?

Стент нь титэм судасны өвчнийг эмчлэхгүй. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх, эмээ тогтмол уух, тамхинаас гарах, биеийн жинг хэвийн хэмжээнд барих, эрүүл хооллох нь зүрхний шигдээсээр өвдөх эрсдлийг маш сайн бууруулдаг.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights