Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Жирэмсэн үеийн чихрийн шижин гэж юу вэ?
Нийтэлсэн огноо: 2025-08-11

Жирэмсэн үеийн чихрийн шижин (ЖЧШ)

Жирэмсний үед дааврын түвшин өөрчлөгдөх нь зарим эмэгтэйд инсулин хэмээх сахарын задралд оролцдог дааврын үйл ажиллагааг сааруулдаг. Үүний улмаас цусан дахь сахарын хэмжээ нэмэгддэг ба үүнийг жирэмсэн үеийн чихрийн шижин гэж нэрлэдэг.

Ихэнх тохиолдолд төрсний дараа цусан дахь сахарын хэмжээ 6 долоо хоногийн (42 хоног) дотор хэвийн болдог. Гэхдээ зарим тохиолдолд цаашид ч хяналт шаардлагатай байж болно.

Сахарын ачаалалтай сорил яагаад өгөх хэрэгтэй вэ?
Бүх жирэмсэн эмэгтэй жирэмслэлт бүрийн үед сахарын ачаалалтай сорил өгөх нь чухал.

  • Эрсдэл багатай эмэгтэй — Жирэмсний 24–28 долоо хоногтойд анх удаа сорил өгнө.
  • Эрсдэл өндөртэй эмэгтэй — Жирэмсний хяналтад орсон даруйд анхны сорил өгнө. Хэвийн гарсан бол жирэмсний 24–28 долоо хоногтойд дахин давтана.

🛑 Хэн өндөр эрсдэлтэй вэ?

  • Эхийн нас ≥ 40
  • Эхийн БЖИ ≥ 30
  • Өмнө нь 4,5 кг-аас дээш жинтэй хүүхэд төрүүлж байсан
  • Өмнөх жирэмсэнд ЖЧШ оношлогдож байсан эсвэл цусан дахь сахарын хэмжээ ихэсч байсан
  • Зарим үндэстэн (жишээ нь: Азийн орнууд)
  • Гэр бүлд чихрийн шижинтэй хүн байгаа (эцэг, эх, ах, дүү)
  • Өмнө шалтгаан тодорхойгүй ураг амьгүй болж байсан
  • Бодисын солилцооны хам шинж, өндгөвчний олон уйланхайт хам шинж (PCOS)
  • Глюкокортикоид зэрэг дааврын эмчилгээ хийлгэж байгаа бол ЖЧШ-ээр өвдөх эрсдэлтэйд тооцогдоно.

💊 Хэрхэн эмчлэх вэ?

Жирэмсэн эмэгтэйчүүдийн 70–85% нь зөв хооллолт, тохирсон хөдөлгөөнөөр сахарын хэмжээгээ хэвийн барьж чаддаг. Ингэснээр эх, урагт үүсэх хүндрэлээс сэргийлэх боломжтой. Цөөн тохиолдолд инсулин эмчилгээ шаардлагатай.

  • ЖЧШ оношлогдмогц хоол зүйч, эх барихын эмч эсвэл дотоод шүүрлийн эмчид хандах
  • Цусан дахь сахарын хэмжээг тогтмол хянахыг зөвлөж байна.

👶 Хүүхдэд гарч болох ойрын хүндрэл

  • Ураг хэт томрох (ялангуяа цээж, биеийн хэсгээр)
  • Төрөх үед мөр тээглэх, мөрний мэдрэлийн гэмтэл, эгэм хугарах
  • Ураг амьгүй болох
  • Дутуу төрөлт
  • Уушгины хөгжил дутуу, нярайн амьсгалын хүндрэл → эрчимт эмчилгээ шаардлагатай болох
  • Нярайн цусан дахь сахарын хэмжээ унах
  • Биеийн дулаан тогтворгүй байх эрсдэл үүсч болдог.

🤰 Эхэд гарч болох ойрын хүндрэл

  • Жирэмсний хожуу хордлого (даралт ихсэх, шээсээр уураг алдах, хавагнах)
  • Умайн агшилт суларч төрсний дараа цус алдах
  • УОШ (ургийн ус ихсэх)
  • Дутуу төрөлт
  • Кесарево хагалгаа хийх магадлал нэмэгдэх
  • Төрөх замын гэмтэл, урагдах үүсэх эрсдэлтэй.

⏳ Гарч болох холын хүндрэл

  • Дараагийн жирэмсэнд ЖЧШ дахин илрэх (40%)
  • 2-р хэлбэрийн чихрийн шижин дараагийн 20 жилд үүсэх эрсдэл (50%)
  • Хүүхэд бага наснаасаа илүүдэл жинтэй болж, чихрийн шижин тусах магадлал өндөр байдаг.

📌 Баримтлах үндсэн зарчим

  • Өөрийн БЖИ болон жирэмсний хугацаанд тохирсон илчлэг авах
  • Жирэмсний туршид жинг зөв хэмжээнд нэмэх
  • Өдөрт дор хаяж 30 минут алхах, хөнгөн дасгал хийх
  • Хангалттай шингэн уух
  • Өдөрт 3 үндсэн хоол + 3 зууш идэх
  • 2.5–3 цагийн зайтай хооллож, цусан дахь сахарын огцом хэлбэлзлийг багасгах
  • Олон төрлийн хүнс хэрэглэх
  • Нүүрс ус – уураг – тосны харьцаа: 40% – 40% – 20% байлгах
  • Сахарын түвшинг тогтмол хянах
  • Шаардлагатай үед инсулин эмчилгээ хийлгэх xэрэгтэй.
Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights