Эмч мэргэжилтний тасралтгүй сургалтын xөтөлбөрийн хүрээнд Интермед эмнэлгийн бөөрний эмч Ц.Эрдэнэханд “Ногоон нефрологийн ач холбогдол -Тогтвортой хөгжлийн тулгуур хандлага” сэдэвт сургалт орлоо.
Эрүүл мэндийн салбар нь хүний сайн сайхан амьдралын үндэс суурь болохын зэрэгцээ дэлхий нийтийг заналхийлж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын мэдээллээр, дэлхий даяар нүүрстөрөгчийн нийт ялгаруулалтын 4-5% нь эрүүл мэндийн салбараас үүдэлтэй байгаа нь зарим улсын нисэхийн салбарын ялгаруулалтаас өндөр үзүүлэлт болжээ. Тухайлбал, эрчим хүчний хэрэглээ, эмнэлгийн тоног төхөөрөмж, эмийн үйлдвэрлэл, тээвэр зэрэг нь томоохон ялгаруулагч хүчин зүйл болж байна.
Түүнчлэн 2030–2050 он хүртэлх хугацаанд уур амьсгалын өөрчлөлт нь жил бүр ойролцоогоор 250,000 хүний амь насанд нөлөөлөх магадлалтай гэж тооцоолсон. Тухайлбал
- Хэт халалтаас үүдэлтэй нас баралт – 38,000 хүн (ихэнх нь өндөр настнууд)
- Халдварт гэдэсний өвчин – 48,000 хүн
- Малариа буюу шумуулаар дамжих өвчин – 60,000 хүн
- Хүүхдийн хоол тэжээлийн дутагдал – 95,000 хүүхэд эндэх эрсдэл үүсчээ.
Эдгээр үзүүлэлт нь хөгжиж буй орнуудад илүү хүндээр нөлөөлөхөөр байгаа бөгөөд халуунд өртөмтгий бүлэгт хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан багтаж байна.
🏥 Эрүүл мэндийн салбар ямар үүрэг гүйцэтгэх вэ?
Эрүүл мэндийн тогтолцоо нь зөвхөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад бус, өөрийн салбар дахь ялгарлыг багасгах, тогтвортой хөгжлийн зарчмыг нэвтрүүлэх шаардлагатай болжээ. Үүнд:
- Ногоон эрчим хүч ашиглах
- Хог хаягдлын зохистой менежмент хийх
- Нүүрстөрөгч багатай эмнэлгийн дэд бүтэц хөгжүүлэх
- Нийгмийн эрүүл мэндийн сургалт, урьдчилан сэргийлэлт нэмэгдүүлэх зэргээр эрүүл мэндийн салбарыг нүүрстөрөгчийн хэт ялгаруулалтыг багасгахыг уриалсан байна.