Ротавирус гэж юу вэ?

Ротавирус гэж юу вэ?

Ротавирус нь нарийн гэдсийг халдварлуулж, суулгалт бөөлжилт үүсгэдэг вирус юм. Халдвар авсан хүн бөөлжиж суулгах үед эмч нар вирусын гаралтай суулгалт гастроэнтерит гэж нэрлэдэг. Ротавирус нь ихэвчлэн бага насны хүүхдэд вирусийн гаралтай ходоод гэдэсний үрэвсэл үүсгэдэг.

Дараах замаар ротавирусын халдварыг авч болно:

  • Халдвартай хүн эсвэл орчны гадаргуу, эд зүйлсэд хүрэлцсэний дараа гараа угаахгүй байх
  • Бохирлогдсон гараар хоол хүнс идэж, уух

Насанд хүрэгчид ротавирусын халдвар авч болно. Гэхдээ хүүхдийг бодвол тийм ч нийтлэг бус. Учир нь бага насны хүүхдийг бодвол насанд хүрэгчид нь ариун цэврийн дэглэм харьцангуй сайн сахидаг.

Ротавирусын халдварын үед ихэвчлэн дараах шинжүүд илэрнэ.

  • Бөөлжих
  • Усархаг зүйлээр суулгах (Цустай бус)
  • Халуурах

Хэрэв хүүхэд бөөлжиж эсвэл суулгаж байгаа бол их хэмжээгээр шингэн алдаж байна гэсэн үг. Эмч нар үүнийг “шингэн алдалт” буюу “усгүйжил” гэж нэрлэдэг.

Усгүйжил болж байгаа үед дараах шинжүүд илэрнэ:

  • Живх нь цөөн норох, шээс нь цөөрөх, эсвэл шар хүрэн өнгөтэй шээх
  • Хүүхэд уйлах үедээ нулимс гарахгүй байх
  • Ам нь хатаж, уруул нь омголтож хатах
  • Нүдний ухархай нь хонхойх

Нярай хүүхэд шингэн алдалтанд орсон үед толгой дээрх зулай хонхойж харагддаг. Зулай гэдэг нь хүүхдийн гавлын ясны хоорон дахь зай юм.

Хүүхдийн эмчид хэзээ үзүүлэх вэ?

Хэрэв хүүхдэд дараах шинжүүд илэрвэл хүүхдийн эмчид заавал үзүүлээрэй. Үүнд:

  • Усгүйжлийн ямар нэгэн шинж илэрсэн
  • Олон хоногоор бөөлжиж, суулгасан
  • Цустай бөөлжиж, суулгасан эсвэл хэвлийгээр хүчтэй өвдсөн
  • Олон цагийн туршид юу ч уухгүй эсвэл уусан шингэнээ тогтоохгүй байсан
  • Том хүүхэд 6-8 цагийн туршид шээхгүй байх, нярай болон балчир хүүхэд 4-6 цагийн турш шээхгүй байх, живх нь норохгүй байсан
  • Ердийн үеийнхээсээ бага шээсэн бол ЗААВАЛ эмчид хандаарай.

Миний хүүхэд шинжилгээ өгөх шаардлагатай юу?

Шаардлагатай байж магадгүй. Эмч хүүхдийг үзэж, илэрч байгаа шинж тэмдэг, зовиурт үндэслэн ротавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх эсэхийг хэлж өгнө. Эмч дараах шинжилгээнүүд хийхийг зөвлөж болно. Үүнд:

  • Хүүхдийн өтгөний шинжилгээ
  • Усгүйжилийн шинж байгаа эсэхийг магадлах зорилгоор цус, шээсний шинжилгээ

Ротавирусийн халдварыг хэрхэн эмчилдэг вэ?

Илэрч буй шинж тэмдэг нь өөрөө аяндаа зүгээр болдог учир ихэнх хүүхдэд тусгайлан эмчилгээ шаардахгүй. Гэвч хүүхэд усгүйжилд орохгүйн тулд хангалттай хэмжээгээр шингэн ууж байгаа эсэхийг нягтлах нь чухал. Хүүхэд хангалттай шингэн ууж байгааг нь хүүхдийн шээс цайвар шар, эсвэл тунгалаг бөгөөд живх нь ердийн байдлаар норж байгаа эсэхээр мэдэж болно.

Усгүйжлээс сэргийлэхийн тулд: Хүүхэддээ шингэн сэлбэх /оралит, хоросол/ уусмал өгөөрэй. Үүнийг та ямар ч эмийн сангаас авч болно. Хэрэв хүүхэд бөөлжиж байгаа бол, хэдэн минутын зайтай цайны халбагаар шингэнийг бага багаар уулгана. Шингэн сэлбэх уусмал нь жимсний шүүсийг бодвол илүү дээр, учир нь заримдаа жимсний шүүс нь суулгалтыг улам дордуулдаг. Хөхөөр хооллодог бол хүүхдээ үргэлжлүүлэн хөхүүлэх нь зүйтэй.

Суулгалтыг зогсоох зорилгоор ямар нэгэн эм бэлдмэл дур мэдэн өгч болохгүй. Учир нь энэ нь халдварын хугацааг удаашруулж болзошгүй.

Хэрэв хүүхэд халдвар авч, шингэн алдалтанд орсон бол эмнэлэгт заавал эмчлэгдэх ёстой. Эмнэлэгт эмч хүүхдэд судсаар шингэн сэлбэдэг.

Ротавирусын халдвараас урьдчилан сэргийлж болох уу?

Болно. Эмч нар ихэвчлэн ротавирусын эсрэг вакцинаар дархлаажуулах нь үр дүнтэй гэж үздэг. Вакцин нь ноцтой халдвараас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга юм. Ротавирусын вакцин 2 төрөл байна. Вакцины төрлөөс хамаарч 2 эсвэл 3 удаагийн тунг тодорхой хугацааны давтамжтайгаар хийдэг.

Хэрэв таны хүүхэд ротавирусын халдвар авсан бол халдварыг тараахаас урьдчилан сэргийлэхийн тулд дараах дэглэмийг баримтлах хэрэгтэй. Үүнд:

  • Хүүхдийн живхийг сольсоны дараа гарыг савантай бүлээн усаар зөв гүйцэд угаана.
  • Хоол хүнс бэлтгэдэг газар эсвэл түүнтэй ойр газар живхийг солихгүй байна.
  • Живхийг битүүмжлэн боож хаяна.
  • Живхийг сольсон газар, орчныг спирт эсвэр хлор агуулсан цэвэрлэгээний бүтээгдэхүүнээр цэвэрлэж байна.
  • Хүүхдийг хооллохын өмнө асран хамгаалагч нь гарыг сайтар угааж, халдваргүйтгэсэн байна.
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл