Үтрээний үрэвсэл

Эмэгтэй хүний бие махбод, түүн дотор нөхөн үржихүйн эрхтний тогтолцоо нь нарийн зохицуулагтай байдгаас гадна, дотны ямар нэгэн нөлөөнөөс болж үтрээний хэвийн микрофлор алдагдаж, эмгэг төрөгчид давамгайлж улмаар үтрээний үрэвсэл үүснэ. Үтрээ нь чийглэг, дулаан байдаг учир эмгэг төрөгчид үржихэд тохиромжтой орчин юм.

Үтрээний үрэвслийн үүсгэх шалтгаан:

  • Бэлгийн замын ариун цэврийг сахихгүй байх
  • Бэлгийн олон хавьтагч, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох
  • Дур мэдэн, зааврын дагуу бус антибиотик хэрэглэх
  • Бэлгийн харьцааны дараа үтрээг угааж жирэмслэхээс хамгаалах арга хэрэглэх
  • Дааврын нөлөөгөөр үтрээний орчин өөрчлөгдөх /ихэвчлэн ахимаг насны эмэгтэйчүүдэд тохиолдоно/
  • БЗХӨ-нийг буруу, дутуу эмчлэх
  • Механик болон химийн хүчин зүйлээс, тухайлбал: үтрээний цацлаг хийлгэх, үтрээний дотуур угаалга хийлгэх

Үтрээний үрэвслийн шинж тэмдгүүд:

  • Үтрээний ялгадас ихсэх
  • Ялгадасны өнгө, үнэр үүсгэгчээс хамааран өөр өөр байна. /ногоон, шар, бижирмэгтэй, хөөсөрхөг эвгүй үнэртэй/
  • Үтрээний салст хөөж, улайх
  • Загатнах
  • Зарим үед бэлгийн харьцааны үед өвдөх

Дээрх шинж тэмдгүүд илэрсэн даруйд та нарийн мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандаж шинжилгээ, эмчилгээг хийлгэвэл архагших болон хүндрэлээс урьдчилан сэргийлж чадна.

Үтрээний үрэвслийн шинж тэмдгүүд нь зарим үед бэлгийн замын халдваруудтай төстэй байдаг бөгөөд олон шалтгаанаар үүсдэг учир ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.

Мөөгөнцөр:

Энэ нь хүний арьс аман дотор гэдэс үтрээнд хоргүйгээр амьдарч байдаг.

Эмэгтэй хүнд:

  • Үтрээ, бэлгийн уруул, анус орчим загатнаж улайх
  • Үтрээний ялгадас өтгөн цагаан ээдэм шиг болох
  • Шээхэд хорсох
  • Бэлгийн хавьтлын үед өвдөх

Эрэгтэй хүнд:

  • Бэлэг эрхтний толгой, хуйхнаг орчим халуун оргиж, загатнах, хорсох
  • Улайж улаан толбо үүсэх
  • Шээхэд таагүй байх
  • Хуйхнагийн арьсанд цагаан ээдэм шиг ялгадас хуримтлагдах
  • Хуйхнагийн арьсыг хойш нь болгоход өвдөх

Урьдчилан сэргийлэх:

  • Гадна бэлэг эрхтнийг өдөр бүр бүлээн гоожуур усаар угааж ариун цэврийг сайтар сахих. Саван нь үтрээний хүчил‑шүлтийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг учраас бэлэг эрхтнээ угаахдаа саван хэрэглэхгүй байх нь зүйтэй. Усанд орсны дараа гадна бэлэг эрхтний хавиар саван болон шампунийн үлдэгдэл үлдээхгүй байхад анхаарах
  • Дотуур угаалга хийхээс зайлсхийх, үтрээний шүршигч хэрэглэхгүй байх.
  • БЗХӨ-өөс сэргийлэх – тохиолдлын бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх, тохиолдлын бэлгийн харьцаанд орох үедээ бэлгэвч хэрэглэх
  • Агаар саадгүй нэвтрэх боломжтой даавуун дотоож, унтлагын хувцас хэрэглэх
  • Биеийн алчуурыг хүнтэй солихгүй байх.
  • Нойтон, чийгтэй хувцас өмсөхөөс зайлсхий.
  • Хүндээр болон хөнгөнөөр бие зассаны дараа гадна бэлэг эрхтнээ угааж, зөөлөн арчих
  • Антибиотикийг эмчийн зааврын дагуу хэрэглэснээр үтрээний үрэвсэлт өвчнөөс сэргийлж чадна.
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл