Багажийн шинжилгээны тайлбар

Багажийн шинжилгээ

Интермед эмнэлгийн урьдчилан сэргийлэх тасагт хийгддэг багажийн шинжилгээнүүдийн тайлбарыг хүргэж байна.

Амин үзүүлэлт. Үзлэг шинжилгээнд орохын өмнө бүx үйлчлүүлэгчийн биеийн жин, өндөр, даралт, пульс, халууныг хэмжиж өвчтөний түүxэнд тэмдэглэх ба энэ нь эмчид шинжилгээний дүгнэлт гаргах, xарьцуулалт хийх, онош тавих, эмчилгээ зөвлөгөө төлөвлөхөд ач холбогдолтой.

Нүдний хараа шалгах. Нүдний харааг шалгахдаа тодорхой зайнаас үсэг, дүрс xаруулж харааны чадлыг тодорхойлно. Нүдний харааг хэвийн болон хэвийн бус гэж ангилах ба хэвийн гэдэг нь хол, ойрын хараа 100% сайн байхыг хэлнэ. Харин хэвийн бус харааг холын харалган, ойрын харалган гэж ангилах ба ийм тохиолдолд харааны шил тааруулах шаардлагатай. Xэрэв харааны шил таарахгүй бол гэрэл дамжуулах замын өөрчлөлт гэж үзнэ. Уг өөрчлөлтөд эвэрлэгийн бүдэгшил, болрын бүдэгшил, шилэнцрийн бүдэгшил, торлог болон шар толбоны өвчин зэрэг эмгэг өөрчөлтүүд багтана.

Нүдний уд дурандах. Нүдний угийн байдлаар зүрx, судас, бөөр, мэдрэлийн өвчин, бодисын солилцооны эмгэгүүд, чихрийн шижин, насны өөрчлөлт, торлогийн судасны өөрчлөлтүүд, торлогийн урагдал, хууралт, xаван, цус харвалт болон хавдар, шар толбын өөрчлөлт, шилэнцрийн бүдэгшил, болрын бүдэгшил, нүдний даралт ихсэх өвчнийг оношлон илрүүлэх боломжтой.

Нүдний даралт хэмжих. Хүний нүдний даралтын хэвийн хэмжээ 10-20 mmHg байдаг. Нүдний даралтыг хэмжсэнээр нүдний даралт ихсэх өвчин, нүдний архаг үрэвсэлт өвчний үеийн нүдний даралт ихсэлт, нүдний дотоод даралт буурах өвчнийг оношлох, эмчилгээний хяналт хийхэд ач холбогдолтой.

Сонсгол шалгах. Сонсгол гэдэг нь гадны дууг хүний чихний дэлбээнд цуглуулж, чихний гадна суваг, хэнгэргэн хальс, сонсголын гурван ясаар дамжуулан дотор чихэнд хүргэж, улмаар дууг хүлээн авч төв мэдрэлийн системийн сонсголын төвд хүргэх биологийн нэгдмэл процесс юм. Сонсголын төрөлхийн болон олдмол өөрчлөлт байгаа эсэхийг энэхүү шинжилгээгээр олж илрүүлнэ.

Биеийн бүтэц тогтолцооны шинжилгээ. Энэ нь биеийн бүтэц, найрлага, хэмжээс, нөөцийг харуулдаг шинжилгээ юм. Биеийн өөхөн эд, булчинбулчин эд, нийт эрдэс, усны хэмжээ зэрэг олон мэдээллийг авахаас гадна ясан дахь эрдэс, дотор өөхний хэмжээ болон дасгалтын оноог гаргаж, эрүүл мэндийн эрдслийг тооцон анхааруулга өгдөг давуу талтай. Энэхүү шинжилгээгээр хүүхдийн өсөлт бойжилтыг үнэлэхээс гадна насанд хүрэгчдэд зөв аргаар жин хасах, булчингийн массс нэмж байгаа эсэхиийг хянахад ач холбогдолтой.

Уушгины багтаамж үзэх шинжилгээ. Уушгины эзэлхүүн ба агаарын урсгалын хурдыг дүрслэн бүртгэж, хэмжилт хийх замаар уушгины агааржуулалтын байдлыг бодитойгоор үнэлдэг шинжилгээний арга юм. Гадаад амьсгалын үйл ажиллагааг үнэлэх нь уушгины эмгэгийг оношлох, эмийн болон мэс заслын эмчилгээний үр дүнг дүгнэх, заалт гаргах, өвчний явцыг хянах зорилготой.

Зүрхний цахилгаан бичлэг. Энэ нь зүрхний хэм, дамжуулах тогтолцооны эмгэг болон зүрхний булчингийн шигдээсийг үнэлэх чухал шинжилгээний арга юм. Мөн зүрхний хавхлагын эмгэг, кардиомиопати, перикардит зэрэг эмгэгүүдийн оншилгоо эмчилгээ, бодисын солилцооны алдагдлыг хянахад хэрэглэх боломжтой байдаг.

Цээжний рентген шинжилгээ. Эгц урдаас авсан байрлалтай зургаас уушги, зүрх, голтын эрхтнүүдийн өөрчлөлтийг илрүүлнэ. Хажуу зургаар зүрхний араар хавхлагдсан өөрчлөлтүүдийг харах боломжтой. Өөрчлөлт илэрвэл цээжний хөндийн компьютер томографи (CT) шинжилгээ хийн тодруулах шаардлагтай болдог.

Хөхний рентген шинжилгээ. Хөхний ренгтен шинжилгээ буюу маммографи нь хөхний хортой болон хоргүй өөрчлөлтийг илрүүлэх шинжилгээний арга юм. 40-өөс дээш насaнд жил бүр тогтмол энэ шинжилгээнд орсноор хөхний хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой.

Хөхний хэт авиан шинжилгээ. Хөхний эхо нь хөхний рентген зурагт өөрчлөлт илэрсэн, үзлэгээр ямар нэгэн үүсвэр тэмтрэгдэж байгаа, хөхний эдийн нягтаршил ихтэй залуу насны эмэгтэйд нэмэлтээр хийдэг хөхний шинжилгээний өөр нэгэн арга юм.

Хэвлийн хэт авиан шинжилгээ. Хэвлийн эхо шинжилгээ нь элэг, цөсний хүүдий, цөсний суваг, нойр булчирхай, дэлүү, бөөр зэрэг хэвлийн цуллаг эрхтнүүдийн голомтот эмгэгүүдийг илрүүлэх анхан шатны шинжилгээний арга юм. Тодруулах шаардлагатай бол хэвлийн хөндийн компьютер томографийн шинжилгээг нэмж хийлгэнэ.

Эрэгтэйчүүдийн бага аарцгийн хөндийн хэт авиан шинжилгээ. Уг шинжилгээ нь түрүү булчирхайн томрол, уйланхай, давсагны чулуу, ургацаг, хортой болон хоргүй хавдар зэргийг оношлох анхан шатны шинжилгээний арга юм. Шаардлагатай бол бага аарцгийн хөндийн CT эсвэл MRI шинжилгээ хийж тодруулна.

Бамбай булчирхайн хэт авиан шинжилгээ. Бамбай булчрихайн хэт авиан шинжилгээгээр бамбай булчирхайн томролт, зангилаа, үрэвсэл, хавдар зэргийг оношилдог. Мөн эмчилгээний хяналт хийхэд ач холбогдолтой.

Хэвлийн тодосгогчтой компьютер томографи (CT). Энэ нь хэт авиагаар оношлох боломжгүй хэвлийн хөндийн эрхтнүүдийн бүтцийн эмгэг өөрчлөлтийг илүүлэн оношлох, өвчний явцыг үнэлэх, эмчилгээний үр дүнг хянах зорилготой шинжилгээний арга юм. Тодосгогч бодис судсаар тарьснаар ялган оношилгоог илүү нарийн хийх боломжтой болдог.

Цээжний хөндийн компьютер томографи (CT). Уг шинжилгээний арга нь уушги, зүрх, томоохон судсууд, голт, цээжний гадна ханын зөөлөн эд, ясны эмгэгүүдийг илүү нарийн илрүүлэх, эмийн болон мэс заслын эмчилгээний хяналт хийхэд ихээхэн ач холбогдолтой.

Зүрхний компьютер томографи (CT). Энэ нь зүрхний титэм судасны шохойжилт болон нарийслын зэргийг үнэлснээр зүрхний шигдээст хүргэх эрсдлийг эрт тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломж олгодог нарийн шинжилгээ юм.

Тархины компьютер томографи (CT). Тархины компьютер томографи нь тархины бүтцийн нягтшилын ялгаварлыг тоогоор илэрхийлэхийн зэрэгцээ дүрсийн тодролоор тархины бүтцийн өөрчлөлтийг илрүүлдэг шинжилгээний арга юм. КТ-ийн шижилгээгээр тархины хавдар, цус харвалт, шигдээс, буглаа, хаван, ховдлын хэлбэр дүрсийн өөрчлөлт, тархины дундаж бүтэц, баганан хэсгийн мурийлт, хазайлт, үрэвслийн нэвчдэс, голомтлог болон түгмэл хатингаршил, тэлэгдэл зэргийг эмнэлзүйн явцад ялган оношлох боломжтой.

Соронзон резонанст томографи (MRI). Гурван хэмжээст заргавчлалыг ашиглан хөндийт эрхтнүүд тухайлбал тархины судасны xөндийг шинжилснээр тарxины судасны бүтцийн гажиг, аневризм, мальформацийг оношлон, мэс засал төлөвлөхөд ач холбогдолтой шинжилгээ юм. Тархмал хатуурал өвчний үеийн миелингүйдлийн голомтыг илрүүлэх үндсэн арга болдог. MRI шинжилгээгээр нуруу нугасны нугаламын үе холбоосийн өөрчлөлт, спондилез, остеохондрозийн өөрчлөлт, нугалам хоорондын диск, ивэрхий, ивэрхийн нугасны хатуу бүрхэвч, язгуур мэдрэлд нөлөөлж буй байдал, нурууны сувдаг дахь хавдар, нугасны гидромиели, гематомиели, сиерингомиели зэрэг эмгэгийг оншилно.

Тархины MRI, MRA. Тархины MRI/MRA нь тархины бүтцийн болон голомтот эмгэгүүд, судасны нарийсал, цүлхэн (аневризм), гажиг( малформаци) зэргийг оношлоход тархины компьютер томографиас илүү сайн мэдээлэл өгөх шинжилгээний арга юм.

Тархины цахилгаан бичлэг. Тархины цахилгаан идэвхжлийг тооцоолон бичих замаар түүний үйл ажиллагааныы байдлыг шинжилнэ. Энэ шинжилгээгэр тархины эмгэг байгаа эсэх, тархины үйл хөдлөлзүйн байдал, тархинд буй эмгэг голомтын байршил зэргийг тогтоодог. Мөн мэдрэлийн уналт, таталт өвчнийг бусад хэлбэрийн уналт, таталтаас ялган оношлоход ашиглана. Уураг тархинд аливаа эмгэг байгаа эсэхийг тогтоохдоо тархины үйлийн хямралыг илэрхийлэгч лавтай хэмжүүр болох эмгэг идэвхжлийн тодорхой шинжийг электроэнцефалографийн бичлэг дээр илрүүлэх явдал юм. Иймд хөдөлмөрийн чадвар магадлан тогтоох мэргэжлийн сонголт явуулахад энэ шинжилгээг гол хэмжүүр болгодог.

Доплеросонографи. Энэ нь гавлын доторх том судсуудын цусны урсгалыг шинжлэх арга юм. Уг аргаар толгойн том артерүүдын битүүрлийн үед тархины цусан хангамжийн нөхөн зохицох замууд, судасны тогтолцооны нөөц боломжийг тогтоох, их тархины суурийн цагиргийн битүүрэл, судасны агчилтын байдлыг илрүүлнэ. Мөн аалзавчийн доорх цус харвалтын үеийн судас тэлэх эмчилгээний үр дүнг хянах, агчилт илрүүлэх өдөр тутмын эмчилгээний хяналт, тархи, зүрх болон хүзүүний том судасны мэс заслын үед цусны эргэлтэд хяналт тавихад өргөн хэрэглэнэ.

Дуплекссонографийн арга. Уг шинжилгээний аргын давуу тал нь судасны хэлбэр, сүвийн хэмжээг хар цагаан болон өнгөт дүрсээр буулган судална. Том судсуудад үүссэн атеросклерозийн товрууны хэмжээ, байршлыг тогтооно. Уг шинжилгээгээр гавлын гаднах судасны нарийсал ба битүүрэл, атеросклерозийн товрууны бүтцийн онцлог, толгойн том судасны тархины цусан хангамжид хэрхэн оролцож байгаа болон судасны гаж xөгжил, цүлхэн, дарагдлыг илрүүлэх ач холбогдолтой. 

Ясны сийрэгжилт тодорхойлох шинжилгээ. Энэ шинжилгээ нь ясны нягтралыг хэмжих замаар ясны сийрэгжилтийг үнэлдэг. Ясны сийрэгжилт нь өндөр наслалт, гормоны тэнцвэр алдагдалт, хөдөлгөөний хомсдолтой холбоотой үүсдэг эмгэг юм.

Ходоод, бүдүүн гэдэсний унтуулгатай дуран. Ходоод, 12 хуруу гэдэс, бүдүүн гэдсийг бүхэлд нь дурандаж эмгэгийг оношлох үндсэн арга. Дурандах явцад эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд эдийн шинжилгээ авах ба ургацаг оношлогдсон тохиолдолд дурандах явцдаа авах, ходоодны эрт үеийн хавдар оношлогдвол салст хуулах эмчилгээ зэрэг эмчилгээний ажилбарууд хийх боломжтой. 40-өөс дээш насныхан жил бүр ходоод, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд орохыг зөвлөж байна.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл